Найман жил уул хаднаа бүгсэн Дамдинсүрэн зурхайч

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Найман жил уул хаднаа бүгсэн Дамдинсүрэн зурхайч

Дилав хутагт Жамсранжав,  Зээрэмбэ Дамдинсүрэн,    Монголч эрдэмтэн О.Латтимор

Өнөөгийн Завхан аймгийн хилийн гортиг дотор хамрагдах нутагт олон арван тамгатай, тамгагүй хутагт, эрдэмтэн лам, эмч маарамба үе үеэрээ төрөн гарсан байдаг. Өнгөрсөн зууны 1930-аад оны эхэн, төгсгөл үеийн хоёр удаагийн Их хэл­мэг­­дүүлэлтийн гадна тойрогт амьд сэрүүн үлдсэн нь хэд бол.

Тэдний нэг нь Жалханз хутагт С.Дамдинбазар. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1923 онд 49 насандаа хүмүүний тави­лан­гаар өөд болжээ. Ороо бусгаа цагийг мэдэрсэн Дилав хутагт Б.Жамсранжав 1932 оны Их хэлмэгдүүлэлтийн өмнөх жи­лийн өвөл 1931 оны хоёрду­гаар сар өмнөд хөрш рүү одсон бай­даг. Тэрээр 1949 онд бус­дын дэмжлэг туслалцаа­тайгаар Америк руу гарч 1965 онд 82 насандаа хүмүүний тавилан­гаар Нью-Йорк хотноо таалал төгссөн.

Дотоод явдлын яамныхан хэнд ч үл автагдах ид шидтэнд тооцогдож байсан Завханы бусад хутагт хувилгаадын нас­ны хэмжээг 1937, 1938 оноор дуусгаж, төрийн төмөр нүүр цагаа болохоор ямар хүч­тэйг харуулан цаазлан хороосон билээ. Тэдний нэрсийг дурд­вал. Билэгт ламын хувилгаан, Ачит ламын хувилгаан, Хамбын гэгээн, Ялгуусан хутагт, Номч мэргэн Арь гэгээн, Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн, Яруугийн хүрээний эмч маа­рамба Адарсүрэн, Санжжав, Чунаг, Намсрай…. гэх мэт.

Харин Цагаанхайрхан сумын Д.Дамдинсүрэн зурхайч хэмээх нэгэн эрдэмтэн хү­мүүн Дотоод явдлын яамных­наас найман жилийн турш нуугдаж хангай говь хосолсон Ширээтийн голын ар өвөр ай сав нутгаар хэсүүчлэн явсаар амь хэлтэрсэн түүхтэй. Завханчууддаа Анилан гэсэн авгайлга нэрээрээ алдаршсан Доржийн Дамдинсүрэн нь 1901 онд Чулуутын голын эх Улаан­толгой гэдэг газар мэндэлжээ.

Түүний аав, ээж нь үр хүүхдээ эр­дэм номд сургахыг эрхэмлэн хоёр том хүү Жамс­ран, Гунгаа нараа хүрээ хийдэд шавилан суулгасан байлаа. Д.Дамдинсүрэнг найман нас­тайд нь 1909 онд хоёр ахыг нь дагал­дуулан Отгоны өвгөн хү­рээ, хошууны Наян дуутын хү­рээнд суулгаж нэртэй зурхайч Балжиннямд шавь оруулжээ. Д.Дамдин­сү­рэн улмаар Дуу­тын хүрээний зурхайч Гончигийн гарын шавь болж Шавилан зурхай болон Чойрын ном эрдмийг төгс эзэмш­жээ. Тэрээр 25 насан­даа дооромбо (тарнич), Дуу­тын хүрээний Дүйнхор, Даш­мин­жүүрийн Цорж болтлоо дэвшин өргөмжлөгдсөн гэдэг. Мөн хурлын бүрээ, бишгүүрийг гойд сайхан үлээдэг байжээ. Д.Дам­динсүрэн Тарнийн ухааны доо­­ромбо болсноос гадна Зур­хайн ухааны дээд цол-зээрэм­бийн зэрэгт хүрсэн байна.

Тэрээр номч мэргэн доо­ромбо зурхайч гэж алдар­шиж, төрсөн хоёр ах нь мөн нэгэн адил ном эрдэмтэй гавьж, дооромбын дом тавьж нутаг хошуундаа бахархан гайхаг­даж олон түмний хайр таларх­лыг хүлээж байв. Ээж нь хор­воогийн мөнх бусыг үзүүлэхэд эрдэм номтой гурван хүү нь хурал ном хурж буян үйлдэхэд ийм сайхан ном эрдэмтэй хүүхдүүд төрүүлж, өсгөсөн яасан сайхан буянтай хүн бэ гэж хүмүүс гайхан шагширч байсан гэдэг.

1937 оны хоёр дахь удаа­гийн Их хэлмэгдүүлэлт 1938 оныг дамнан үргэлжилж байлаа. Дуутын хүрээний Дашминжүүрийн шүтээний хамгийн сүүлчийн Цорж, Наян дуутын хүрээний хамба Д.Дам­динсүрэнд төлөх боломжоос хэтэрсэн татвар ногдуулаад, татвараа төлөөгүй гэснээр шалтаг заан 1938 оны хавар барилчилжээ. Түүнийг Завхан аймгийн Улиастай дахь Ганц худгийн амны гэр шоронд хоригдож байх зуурт түүний төрсөн ах гавьж Жамсран, дооромбо Гунгаа нарыг мөн нэгэн адил хилс хэргээр баривчилсан байна.

Тэрхүү хүнд бэрх өдрүү­дэд Ганц худгийн амны хар гэрт хоригдсон эрдэмтэй лам нар харилцан бие биенийхээ алс хэтийн зам мөрийг  үзэж, цаашид хэн нь оргон зугтаавал амьд үлдэх эсэхийг зурж мэргэлдэг байж. Д.Дамдин­сүрэн зурхайчид Онц бүрэн эрхэт комиссын 17 дугаар хурлын 1938 оны тавдугаар сарын 6-ны өдрийн шийдвэ­рээр хуулийн дээд хэмжээ өгчээ. Гэтэл шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алуулах ял авсан “эсэргүү” Д.Дамдинсүрэн хамт хоригдож байсан сайн нөхдийн туслалцаа­тай­гаар гэр шорон­гоос оргон яваад хоёр хонож байлаа. Тэрээр оргосон шөнөө аймгийн төвийн Жавхлант толгойн өвөр талын нэгэн айлд орсон нь аймгийн Дотоодыг хамгаалахын ажилт­ных байсан гэдэг. Гэрийн эзэн өөрөө байгаагүй бөгөөд эхнэр нь олон хоног өлсөж ядарсан Д.Дамдинсүрэн зурхайчид хоол цай хийж өгснөөр үл барам замын хүнс цай давс, замбайн гурил, шар тос зэргийг зэхэж өгөн Чигэстэйн голын гүүр хүр­тэл үдэн гаргаж өгсөн байна.

Зурхайч өөрөө тэр айлыг тохиолдлын, гэрэлтэй байхаар нь орсон гэж өгүүлдэг бол, түүний дарууг сайн мэдэх хүмүүс “Анилан (авгайлга нэр нь) зурхай зурж мэргэ­лээд хаашаа явах, хаана хоргодох, хэнтэй уулзахаа товлодог бай­сан” хэмээн ярьдаг. Д.Дам­динсүрэн зурхайч оргосныхоо дараа өдөр Өндөр толгойн оройд гарч хоёр хоног бүгсэн байна. Тэ­рээр төрсөн нутгийн (Цагаан­хайрхан сум) зүг алхаж яваад аймгийн төвийн урд талын Ганцын давааны оройд өөрийг нь мөшгөгчидтэй халз тулжээ. Тухайн үед баривчлах даалгавартай явсан хүмүүс хожмоо “Яах аргагүй л халз тулсан, нэг хонхор газар суун тусаад залбирах шиг бол­сон. Харагдах бараа дүрсгүй алга болсон юм. Бид ч эхлээд гайх­сан, сүүлдээ айх сэтгэл төрж билээ” хэмээн ярьсан байдаг. Харин Д.Дамдинсүрэн зурхайч “Ачит багш минь авраарай гээд залбиран сууж тэр хүмүүсийг өнгөрөөсөн юм. Баригдаагүй маань Дилав багшийн ач” гэж ярьдаг байж.

Д.Дамдинсүрэн зурхайч 1938 оны тавдугаар сараас 1946 оны зун хүртэл найман жи­лийн 3000-аад хоногийг ганц биеэ­рээ орох оронтой оронгүй, хоол­той хоолгүйгээр даарч, хөрч хүйтэн бороо цасанд норж, тэнгэрийн дуу, аянга цахил­гаан, араатан амьтан зэргээс айх цочих гээд ёстой л мянган зовлон түмэн бэрхшээлийг даван туулжээ. Өөрийн ар гэр, ах дүү, нутгийн сайн санаат сонор соргог ард түмнийхээ ач ивээлээр нутгийн онгон сайхан байгалийн хишиг буян, нөмөр нөөлөгт, ачит багш, бишрэн шүт­дэг шүтээн, сахиусныхаа ачаар амьдарч байсан гэдэг. Тэрээр энэ талаар дурсан ярих­даа,

-Эхний жилүүдэд туйлын хүнд хэцүүхэн байсан. Ар гэр, нутаг усны минь ард тү­мэн надаас болж хардлага сэрдлэгт өртөгдөн, нээж нэгжүүлэн, асууж байцаагдана. Тэр ч байтугай манаа сахиул­тай байсан хэдий боловч яаж ийгээд л хучлага дэвсгэр, хоол хүнсээр тусалж дэмжин хан­гай­гаас говь руу, говиос хангай руу нүүхэд ч нүүлгэж, хам­гаалж нуугдуулж л байлаа. Хан­гай говь хосол­сон Ширээтийн голын ар өвөр та­лын аль бар­таатайд нь нууг­дана. Хоргодон амьдарч бай­гаа­гүй газар нутаг тэр орчимд ховор. Энэ өлгий нутаг минь намайг хамгаалж орог­нуулж байсан орон гэр минь юм. Миний орон гэр болж байсан нутаг гэвэл:

-Давааны өвөр. Хэргэстийн мод
-Баянбулагийн ар Шажингийн мод
-Хөшөөтийн бөөн мод
-Хөшөөтийн бага салааны ой мод
-Шажингийн энгэрийн дэл ханан
-Хөх усны ой
-Баянбулагийн хоёр хясаа
-Бөөргийн тавцан
-Тахилгатын шугуй
-Байшинтын ой
-Сайхан дугуйн хясаа
-Намагтайн жимгэрийн ой
-Хангайн их нарийн ой
-Мухар нарийны мод
-Цагаан эрэгийн мод
-Цэцэрлэгийн их Гялгарын ой
-Баруун арцын ар Нэвтийн цохио өвөлжөөний хойд орой
-Ар нэвтийн элсний эхний ханан
-Ар нэвтийн хойд оройны улаан ханан зэрэг газар болно.  1938-1946 он хүртэл энэ найман жилийн хугацаанд ганц бие уул хад ой хөвчөөр амьд­­ран суухдаа юу эсийг бодож, зовж зүдэрч, айж эмээж нуугдан бүгж байх билээ дээ. Тэр үед хүнээс л ганцхан айдаг байлаа. Араан амьтан, байга­лийн элдэв дуу авиа, тэнгэрийн дуу цахил­гаан гээд л айх юм бишгүй л дээ. Тэдгээрээс сүүл­дээ айж цочихоо больдог юм билээ гэж нэгэнтээ өгүүлсэн байдаг.

…1946 оны зун Дашпэлжээ нарын хот айл Цагаан­хайр­ханы Шажингийн энгэрийн бэлд голын захад зусч байлаа. Хот айлд цүнх үүрч, гар буу зүүсэн дотоодыг хамгаалахын хоёр ажилтан иржээ. Цай ууж байхад нь тэдгээр ажилтны баривчлах ёстой Д.Дамдин­сүрэн зурхайч гэрт өөрөө ороод ир­жээ. Ингээд хүмүүстэй мэнд­­­лэн цай ууж аваад Даш­пэл­жээ­гийнхээс морь гаргуу­лан унаж нөгөө хоёрт баривч­лагдан хамт явсан байна. Энэ явдлаас хойш олон хүн түү­нээс “Ил гарч өөрөө бууж өгвөл эсэн мэнд үлдэнэ. Түүгээр ч ба­рах­гүй ял хэлэлцэхгүй суллагдана гэдгээ зурхайдаа үзсэн үү” гэж асуусан байдаг. Харин тэрээр энэ асуултад тодорхой хариулдаггүй булзаа­руулан,

-Шажингийн дэл хананд байлаа. Нэг өглөө Ширээгийн гол уруудан морьтой хүмүүс явж, зарим нь голын хөвөөгөөр зусч байсан айлуудад бууж мордоцгоож байсан. Гол өгсөөд хоёр морьтой хүн явж байснаа Хөх усны дээд үзүүрт бууж дурандаж байгаад мордоцгоож байсныг Адиа нь (өөрийнх нь авгайлга) хараад л байж билээ хэмээн өгүүлдэг байсан байх юм. Тэр зун Өргөн ширээтэд шүүн таслах хурал болж, Д.Дам­динсүрэн зурхайчийг суллан тавьсан болохыг цуг­ларсан олонд мэдэгдсэн байна. Нут­гийн хүмүүсийн яриа­гаар бол уг хуралд айм­гийн Дотоодыг хамгаалах газрын Чимэд­рэгзэн гэдэг маш их эрх мэ­дэлтэй том дарга ирсэн байна.

1964 онд завханчуудын дунд “Малчны календарь”-ийн Модон луу жилийн билгийн тоолол алдаатай гарсан гэнэ. Гандантэгчинлэн хийдийн хамба Гомбожав гуай Дам­динсүрэн зурхайчтай уулза­хаар тусгай онгоцоор ирлээ” гэсэн яриа тарж байв. Уг нь үнэн чанартаа өөр үйл явдал болсон юм билээ. Америкт сууж байсан Дилав хутагт Жамсранжав нь монголч эрдэмтэн О.Латтиморыг манай улсыг зориход нь гурван хүнд захиа дайсан байдаг. Тэдний нэг нь өөрийнх нь шавь Д.Дам­динсүрэн зурхайч. Тухайн үед МАН хүчтэй, Нийгмийн Аюу­лаас хамгаалах яам хүчтэй байсан ч О.Латтиморыг Завхан руу явж Д.Дамдинсүрэн зур­хай­чид багшийнх нь захидал өгөхийг хорих хэцүү байж. Гэхдээ Дилав хутагтын захид­лыг тусгай онгоц хөлөг­лөсөн тусгай төлөөлөгч О.Латтимор гардуулахаар Завханд ирлээ гэвэл бас нэг тиймэрхүү байж. Ямар ч болов эрдэмтэн О.Лат­тимор нь хамба лам Гомбожав, бас аймгийн МАН-ын хороо, НАХ-ын хэлтсийн ажилтан дагуу­луудтайгаар хутагтын захид­лыг зурхайч шавьд нь өөрийн биеэр өгсөн байна.

Тэгэхдээ хотын төлөөлөг­чид захидлын асуудлаар ирснээ нууцалж “Малчны календарь”-ийн асуудлаар ирсэн гэж зориуд цуурхал тараасан байсан шүү.

Зурхайн ухааны зээрэмбэ Д.Дамдинсүрэн нь үүнээс нэг жилийн өмнө буюу 1963-1964 онд нийслэл хотноо Хүрэлтогоотын Одон орны суд­лалын төвд урилгаар ажил­лаж байсан юм. Тэрээр энэ хугацаанд МУИС-ийн физик математикийн багш нар болон зурхай сонирхогч эрдэмтдэд Шавилан зурхайн ухааны онол практикийн олон цагийн лекц уншиж байв. Д.Дамдинсүрэн зурхайч нь Цагаанхайрхан су­мын “Улаан октябрь” нэгд­лийн малчин байхдаа 1962 оны усан барс жилийн, 1963 оны усан туулай жилийн арга билгийн цаг улирлын тооны бичгийг Улаанбаатар хотын, Завханы төв Улиастай хотын гэж хоёр тусгайлан гаргаж байсан.

Д.Дамдинсүрэн зурхай­чийн зохиосон “Наран ургах, шингэх, өдөр шөнийн хүснэгт дөрвөн улиралд, таарсан ца­гийн тодорхой толь” хэмээх Улаанбаатар хотын газрын хуваарьт зохицуулан нягт зурж тооцоолон бодож гаргасан олон хүснэгт нь судалгаа хийгээд хэрэглээний чухал ач холбог­долтой бүтээл юм.

Хутагт хувилгаадын нутаг Завханаар овоглосон Д.Дам­дин­сүрэн зээрэмбэ 87 насны­хаа сүүдэр ташаарсан 1988 оны намар цагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Их зурхайчийг бурхан болсноос бүтэн дөрвөн жилийн дараа Дээд шүүхийн цэргийн комиссын 1992 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 161 дүгээр магадлалаар цагаатгасан юм.

Д.Дамдинсүрэн зурхай­чийн, нутгийнхаа Ханан хадан дээр “Эх орноо мандуулъя” гэж чулуу өрж бичсэн нь тодоос тод харагдаж, ард олноос өөрт нь хайрласан “Анилан” гэх авгайлга нэр шигээ сэтгэлд нэг л дулаахан санагднам.

Намтрын хуудаснаас

1901 он Доржийн гуравдугаар хүү болон төрсөн
1926 он Тарнийн ухааны дооромбо, Зурхайн ухааны зээрэмбэ, Дуутын хүрээний Дуйнхор,  Дашминжүүрийн Цорж
1930 он Наян дуутын хүрээний Хамба
1938 оны хавар Улиастайн Ганц худгийн амны гэр шоронд хилс хэргээр хоригдсон
1938.V.4 Гэр шоронгоос оргосон
1938.V.6 Буудан алах, хөрөнгөө хураалгах ялаар шийтгүүлсэн
1938-1946 он Дотоодыг хамгаалахаас зугтаан уул хаданд бүгсэн
1946 оны зун Ил гарч, олны дунд галын зээ Д.Шагжийн  хамт амьдарсан
1947 он Дуламыг гэргий болгон авсан
1949 он Ууган хүүхэд охин Загдрагчаа төрсөн
1955 он “Улсын сайн малчин” цолоор шагнуулсан
1958 он “Улаан октябрь” нэгдэлд элсч малаа нийгэмчилсэн
1958-1963, 1965-1980 он “Улаан октябрь” нэгдлийн малчин
1963-1964 он Хүрэлтогоотын Одон орны төвийн эрдэм  шинжилгээний ажилтан
1980-1988 он Тэтгэвэрт

Б.ЕРЭНТЭЙ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж