Олон овоотын нөөцийг шалгах боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Олон овоотын нөөцийг шалгах боломжтой

Энэ долоо хоногт  хамгийн их шуугиан тарьсан үйл явдал бол Хадгаламж банкны үйл ажиллагааны доголдол. Энэхүү доголдлын гол буруутан болсон “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү мэдэгдэхдээ “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр надад Олон овоотын орд газрын талаар худал мэдүүлснээс хамаг хэрэг үүдсэн” хэмээн мэдэгдлээ. Эндээс ашигт малтмалын орд газрын нөөцийг хэрхэн тогтоодог, нөөцийг худал тогтоох боломжтой эсэх, анх тогтоосон нөөцийн хэмжээ өөрчлөгдөхөд хэрхэн шинэчилдэг талаар бид АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болдоос тодрууллаа.

-Геологи, хайгуулын ажлын дүнд орд газрын нөөц шинээр бүртгэгдэх, хуучин тогтоосон нөөц өмнөхөөс нэмэгдэх тохиолдол түгээмэл байдаг юм байна. Манай улсын хувьд нүүрсний нөөц гэхэд багагүй хэмжээгээр нэмэгдэж дэлхийд нүүрсний нөөцөөр тэргүүлэгч 10 орны нэг болсон юм байна. Тэгэхээр энэ нөөцийг хэрхэн баталгаажуулж, олон улсад зарладаг вэ?

-Улс орон бүрт ашигт малтмалын нөөц баялгаа бүртгэж байдаг тусгай байгууллага бий. Манай улсын хувьд АМГ-ын дэргэд Эрдэс баялгийн эрдмийн зөвлөл ажилладаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тухайн байгууллагаас хүсэлт гаргасны дагуу нөөцийг газар дээр нь шалгаж баталгаажуулдаг. Бидний тэрхүү мэдээллийг олон улсад бүртгэн авдаг номтой.

-Олон овоотын нөөцийн мэдээлэл буруу байсан гэдэг үнэн үү. Ер нь орд газрын нөөц буруу ташаа тогтоогдох магадлал хэр байдаг юм бэ. Орд газрынхаа үнэ ханшийг өсгөх үүднээс нөөцөө нэмэгдүүлэх, эсвэл өөр зорилгоор нөөцийг зориудаар багаар бүртгүүлэх боломж бий юү?

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дээр тухайн тайланд дүн шинжилгээ хийх үүрэг бүхий мэргэшсэн болон зөвлөх  инженерүүд бий. Орд газрын нөөцийг буруу ташаа баталсан тохиолдолд тэдгээр хүмүүс хариуцлага хүлээдэг. Олон овоотын хувьд нөөц нь худал тогтоогдсон эсэхийг шууд хэлэх боломжгүй. Анх хэдээр тогтоогдсон юм, хэдий хэрийн ашиглалт явуулав гэдгийг нарийвчлан шалгах боломжтой. Гэхдээ ийн шалгуулах хүсэлт гаргавал шүү дээ. Одоогоор ямар ч байгууллага, хувь хүний зүгээс нөөцийн үнэн зөв эсэхийг шалгуулах хүсэлт албан ёсоор өгөөгүй байгаа гэдгийг онцолъё. Ер нь бол ашиглалтын явцад нөөц нэмэгдэх тохиолдол ч бий.

-Олон овоотоос өөр нөөцийн талаар гомдол гарсан уу?

-Урьд өмнөхийг бол би хэлж мэдэхгүй байна. Намайг ажил авснаас хойш энэ төрлийн гомдол ирээгүй гэв.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж