Лагард мөнгө угаасан уу?

Хуучирсан мэдээ: 2013.07.26-нд нийтлэгдсэн

Лагард мөнгө угаасан уу?

Олон улсын валютын сан. Асуудал тулгарсан дэлхийн өнцөг булан бүрт бэлэн мөнгөөр тусалж, валютын хямралыг сааруулахад анхаарах чиглэлийн хамгийн том байгууллага.

Сүүлийн 30 жилийн туршид ямар нэгэн асуудалд өртөж, хар мэдээлэл тэдэн рүү хаяглаагүй байхад өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд таагүй мэдээлэлд өртөх боллоо.

Өмнөх ерөнхийлөгч нь хүчирхийллийн хэрэгт холбогдож, сууд­лаасаа дуулиан шуугиантайхан буусан бол шинэ ерөнхийлөгч мөнгө угаасан хэрэгт холбогдлоо. Мөнгө угааж байгаа гэсэн хардлага валютын сан байгуулагдсанаас хойш байсан ч яг таг батлагдаагүй. Харин яг одоогийн нөхцөл байдлаас авч үзвэл Лагард мөнгө угаасан байж болзошгүй болоод байна.

Бүдэрсэн Грек, том боломж

2010 тавдугаар сар. Европын холбооны улс Грек өрийн хямралд өртөж эхлэв. Тухайн үед евро бүс дөнгөж хямарч эхэлж байсан. Мөн дээрээс нь дэлхийн эдийн засгийн хямрал арилж эхлээд байсан үе билээ.

Хямралын шокноос амь мултарч чадаагүй Грек улс бүс нутгийн болоод дэлхийн томоохон байгууллагуудаас тусламж хүсч эхлэв. Хямрал үүссэн дариуд ОУВС, Дэлхийн банк, Евро бүс гэсэн гурван том байгууллагаас нийтдээ 110 тэрбум еврогийн зээл авав. Энэ дундаас ОУВС 5,5 евро зээлсэн билээ.

Удалгүй тэд дахин 20 тэрбум еврог нэмж зээлсэн юм. Энэ мөчөөс эхлэн Грек улсын зээлийн дахин төлөх чадварыг тодорхойлох ажилд оройлон оролцож, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй, зээлийн хүү нэмж бодох шаардлагатай зэрэг үгсийг чулуудаж, европийн холбоог зээлийн эргэн төлөлтийн асуудалд нухацтай хандахыг удаа дараалан анхааруулсан. Өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтийг л дурьдаж байгаа. Гэхдээ асуудал зээлийн эргэн төлөлттэй тэр бүр хамааралгүй байж.


Лагард ба нууц данс

Европын холбооны хямралын эхлэлийг тавьж, дэлхий нийтэд дам­пуурсан улс гэсэн ганцхан имижээр хараг­дах улс бол Грек. 2004 онд олимп зохион байгуулсан ч бүтээн бай­­гуу­лалтын зардлаа нөхөж чадаагүй.

Тэд европын холбоонд нэгд­сэнээс хойш бүтэлтэй гэх ганц ч үйлийг хийгээгүй. Мөнгөн тэмдэгтээ шууд европод шилжүүлсэн нь удалгүй үр дүнгээ өгсөн. Олон арван хүн цалингаа голж ажлаас гаран, инфляцид идэгдэж эхлэв. Үүнээс хойш удаа дараалан зээл авсаар одоо амьсгалах төдий л байгаа. Гэтэл энэ улсын 3000 гаруй хүн Швейцарийн банкинд нууц данстай аж.

Улстайгаа хамт дампуурснаас хувьдаа амиа борлуулаад явахыг хүссэн хөрөнгөжүүхэн иргэд дансаа ийнхүү нууцалж, европийн диваажин руу илгээсэн хэрэг. Хэрэглэгчдийн нууцлал гэдгээрээ Швейцарийн банк бол “диваажин”. Дампуурсан Грекийн далдалсан данснууд олонд ил болоод удаагүй байна.

Эхний хүн нь хуучин сангийн сайд. Тэр зургаан оронтой тоонд багтах мөнгөн дүнтэй хөрөнгийг тус банкинд хадгалж, бас эргэлдүүлж байжээ. Түүнийг ийнхүү мөнгө хадгалах сүйхээнд хөтөлсөн хүн бол Кристин Лагард. Яг бат ноттойгоор олонд ил болоогүй ч Грекчүүд түү­нийг шалгуулах хүсэлтэй байгаа. Лагардын зүгээс эдгээр таагүй мэдээл­лийг буруутгасан эсвэл зөвт­гө­с­өн ямар ч хариуг олонд хэлээгүй байна.

Одоогоос хоёр жилийн өмнө Грекийн нэгэн тэрс үзэлтэн Европын холбоо болоод Олон улсын валютын сангийн томоохон албан тушаалтнууд маш их хэмжээний мөнгө угааж, улсаараа наймаалцаж байгаа гэж бичиж, олонд таниулах гэж оролдож байсан ч эцэстээ тэр цаг үеэ мэдрэхгүй хошигносон алиалагч болоод дууссан. Энэ явдал Грекийг дампуурахаас бүр өмнө шүү дээ.

Дахин нэг сэжим

2011 онд АНУ өрийн хямралд оров. Дэлхийн бүх л асуудалд хөнд­­лөнгөөс оролцож, хөгжингүй орнуудад өөрийн хүчээ харамгүй түгээдэг энэ улс нийт 18,9 тэрбум долларын гадаад өртэй болох нь тогтоогдов.

Энэ мэдээлэл цацагдсанаас хойш хувьцааны үнэ мэдэгдэхүйц унаж, ажилгүйдэл нэмэгдэн, эдийн засгийн өсөлт саарсан юм. Асуудалд хэрхэн хандаж байгаа нь АНУ-ын ард иргэдийн бухимдлыг төрүүлж, холбооны нөөцийн банкны удирдлагуудыг буруутгаж эхэллээ.

Энэ цаг мөчид дахин нэг хүн оролцож эхэлсэн нь Лагард. АНУ-д туслах боломжтой, үүний тулд холбооны нөөцийн банктай гэрээ хийх шаардлагатай гэж удаа дараа мэдэгдэж байсан нь олон хүнийг гайхшруулсан. Төд удалгүй өрийн хямрал аажмаар намдаж, хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ тогтворжиж эхэлсэн юм. Асуудал хаашаа ороод таг болсон бэ? үүнийг одоо хэн ч мэдэхгүй.

Энэ үйл явдалаас төд удалгүй АНУ-ын шар хэвлэлүүдээр АНУ-ын тэрбумтнуудын мөнгийг валютын сангаар дамжуулан угаах сэжийг Лагард гаргасан гэж шуугиж байсан ч төдийлөн газар авахгүй өнгөрсөн билээ. Лагардын орооцолдсон гэх энэ хэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цухас дурдагдаад өнгөрлөө.

Энэ хооронд Грекийн талаас түүнийг шалгуулахыг олон улсын арбитрын байгууллагад өгсөн тухай мэдээлэл олонд түгээд тунчиг удаагүй байна. Асуудал хаашаа эргэх бол Лагард хэрвээ мөнгө угаасан бол…?

Б.СҮХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №021

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж