Даатгалын хуулиудын эрх зүйн өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Даатгалын хуулиудын эрх зүйн өөрчлөлт

Өчигдөр Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэсээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хуулиудын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлтийг сурталчлах зорилгоор “Шимтгэл төлөгч-Ажил олгогч” сургалт семинарийг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд 250 гаруй шимтгэл төлөгч ажил олгогчдыг хамруулсан байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлах, хуулиудыг хэрэгжүүлэхэд ажил олгогчдын өмнө тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаар харилцан санал бодлоо солилцохыг сургалт семинар гол зорилгоо хэмээн тодорхойлжээ. Энэ үеэр нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт, шинэчлэлт, хуулт тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Дашдондог танилцуулсан бол аймгийн хэмжээнд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг үйлчилгээний тасгийн дарга А.Чимэдмаа хийсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд батлагдсанаасаа хойш нийтдээ 26 удаа өөрчлөгджээ. Хамгийн сүүлд хийсэн өөрчлөлтөөр тэтгэвэр авагч гурван сангаас тэтгэвэр авах боломжтой хэмээн тооцоолсон. Суурь тэтгэвэрийн дээр төрийн даатгалын систем, арилжааны сайн дурын нэмэлт даатгал зэргийг нэмж тусгаж болно гэв.

Аймгийн хэмжээнд “Шимтгэл төлөгч-Ажил олгогч”сургалтын үеэр Монгол улсын нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сангуудын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллагсадынхаа нийгмийн баталгааг ханган ажилласан тэргүүний байгууллагууд, санхүүчдыг шагнаж урамшуулсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын шилдэг ажил олгогчоор “Шарын гол” ХК-ийг нэрлэсэн бол аймгийн шилдэг ажил олгогчоор “ДСЦТС” ХК-ийг тодруулжээ.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж