Дэлхийн шатрын олимпиадын есдүгээрт бичигдэж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн шатрын олимпиадын есдүгээрт бичигдэж байна

БНХАУ-ын Чунцинь хотноо болж буй 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын олимпиадад монголын өсвөрийн шатарчдын баг гурав хожиж, нэг хожигдсон амжилтаараа есдүгээрт бичигдэж байна. Долоодугаар сарын 21-30-ны өдрүүдэд болох энэхүү тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм. Харин манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байна. Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын “‘CQ Chess Association’ шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5, хоёрдугаар тойрогтоо Өмнөд  Африкийн хоёрдугаар багийг 4:0 онооны харьцаатай хожсон юм. Харин гуравдугаар тойрогтоо БНХАУ-ын нэгдүгээр багтай тоглож хожигдсон ч дөрөвдүгээр тойрогт Өмнөд Африкийн гуравдугаар багийг 4:0 онооны харьцаатай мөн илүүрхлээ. Манай өсвөрийн шатарчид өнөөдөр энэхүү олимпиаднаймдугаарт эрэмбэлэгдсэн Иран багтай тоглоно. Манай өсвөрийн шатарчдын хувьд уг олимпиадын 17 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм. Дөрвөн тойргийн дараах байдлаар 14,5 оноотой ОХУ тэргүүлж, 13,5 оноотой Энэтхэгийн баг дэд байрт бичигдэж байна. Харин Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, манай С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар 11,5 оноотойгоор /долдугаар сарын 25-ны 11:00 цагийн байдлаар/ 29 орны 72 багаас ийнхүү есдүгээр байрт бичигдэж байна.

Монголын оюуны спортын залгамж халаа болж, үе тэнгийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж буй С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нартаа амжилт хүсье.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж