Очир огтлогч номын тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Очир огтлогч номын тэмдэглэл

via НОМОНД ДУРЛАГСДЫН ФЭЙСБҮҮК ДАХЬ ХОЛБОО


Гэвш Майкл Роачын бичсэн "Очир огтлогч" хэмээх энэхүү номыг миний бие
монгол хэл дээр хөрвүүлсэнийг уншсан ба хэдийгээр зохиолчийн эсвэл орчуулгын ч
юм уу найруулгын асуудлаас болж зарим хэсгийг хэд дахин уншиж байж гол утгыг
гаргаж байсан ч надад маш их зүйлийг өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Буддын
жинхэнэ сургааль судрыг үзэж хараагүй болон энэ ном дан бизнесийн шинжтэй
бичигдсэн зэргийг үл харгалзан "Санаа зөв бол заяа зөв" гэдгийг надад
илүү ойлгуулсан болов уу. Энэ ертөнцөд бүрэн төгс төгөлдөр зүйл үгүй бөгөөд
үүнд хүрэх хамгийн дөт зам бол зөв санаа, сэтгэл, хайр, хүндэтгэлийг агуулсан
хүний оюун ухаан билээ. Хэрэв бидэнд зөв ухаан байх аваас цаашдын үйл бүхэн зөв
байх болно, үйлийн үр нь арвижин дэлгэрнэ гэдгийг өөрийн бизнесийг ашиглан
зохиолч нь илэрхийлжээ. Түүний эрхэлдэг үнэт чулууны бизнесийн үйл явцаар
тайлбарласныг үзэхэд ижил төрлийнхөнтэйгээ өрсөлдөн дайсагнахаас илүү баг болж
хамтран ажиллах нь ямар ашигтай, үр дүнтэй болохыг харуулжээ. Мөн нэгэн инжааны
санамсаргүй алдсан очир чулууны хэлтэрхийг бүгд ажлаа хаян хайж, олоогүй боловч
маргааш нь хөрш компаний хүн олж өгч байгаа үйл явдал нь тэдгээр хүмүүс хэрхэн
очир чулуугаа тунгалаг ариун хиргүй байдлаар үлдээж байгааг харуулсан нь манай
монголчуудын үнэт зүйлс, алтанд хүндэтгэлтэй хандаж, гуйж авдаг ёс заншилтай
ойролцоо мэт санагдана. Очир алмас чулууны хамгийн тунгалаг, хамгийн хатуу
чанар, түүнийг зөвхөн өөрийнх нь хэлтэрхийгээр огтолж болдогоор зүйрлэн хүний
төгс гэгээрсэн оюун ухаан чухам жинхэнэ А зэрэглэлийн хүчтэй болохыг харуулсан
гэж бодож байна. Учир нь орчлонд төгс зүйл үгүй бөгөөд хамгийн тунгалаг очир
алмасыг ч үнэмлэхүй утгаар А-с эхлүүлэх бус D,E гэх мэтчилэн ангилдаг нь үүнтэй
холбоотой болов уу. Мөн хамгийн чухал нь хүмүүний амьдралдаа үүрэх ёстой
хариуцлагын тухайд ихийг бодогдуулав. Хамгийн энгийн жишээгээр бид заримдаа ойр
дотныхон, найз нөхөд танилдаа дахин уулзахгүй юм шиг хандах тохиолдол гардаг
/эд, зүйл зээлээд өгөхгүй утсаа авахгүй гүрийх, хэрэгтэй үед нь чадах байсан ч
зүгээр л татгалзах г.м/. Гэвч Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ гэж үг
бий. Бидэнд ч бас тэднээс тусламж хүсэх үе гарна. Үүнийг зохиолч өөрийн
бизнессээр дамжуулан хэрвээ та үйлчлүүлэгчээ ганц л удаа харахыг хүсвэл түүнд
шударга бус ханд, харин та түүнд хэр хариуцлагатай, шударга болохоо харуулбал
тэр дахин дахин эсвэл бүр өөр найзтайгаа ирэх болно гэдгийг ойлгуулжээ.
Ингээд хамгийн гол утга нь миний хувьд Төгс төгөлдөр зүйл бол Хиргүй ариун
сэтгэл, Чин шударга байдал гэж ойлгосон явдал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж