Хөтөлбөр эртдэх бус оройтож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.25-нд нийтлэгдсэн

Хөтөлбөр эртдэх бус оройтож эхэллээ

Орон сууцтай болох нь олон монголчуудын хүсэл. Ийм хүсэл тийм амархан бөхдөггүй бас бүдэрдэггүй. Хүн гээч амьтан хүслийнхээ боол нь байдаг.  Тиймээс эл зорилгыг өвөртөлж, тив алгасан, хил дамнан харь оронд элэг нэгтэн монголчууд туулайчлан амьдарч байна. Тэдний олонх нь богино хугацаанд байрны мөнгө хураах гэж явсан. Чин зорилго нь энэ л байсан. Өр төлбөр үлдээн байж, бусдын нутгийг зорьсон. Эргэж ирээд нүүнэ гээд хонгор хүүгээ тэвэрч үнссэн. “Аавыг ирэхээр манайх гоё байранд орно” гээд энхрий үр нь ээждээ наалдаад хоцорсон. Аз жаргал, амьдралын утга учир болсон бүхнээ Улаанбаатарт үлдээгээд явсан тэр залуу миний ах.

Ахтай минь адилхан зорилготой олон, олон ах нар явцгаасан, Өмнөд Солонгосын зүг. Ах гэртээ ирээгүй л байна. Тэднийх Дэнжийн мянгаасаа нүүгээгүй. Хүү нь зөндөө том болжээ. Аавыгаа дандаа асуудаг гээд бэр эгч минь хэлж байсан. Хэн ч зорилгоо биелүүлэн байж нүүр бардам нутгийн зүг эргэхийн тулд өдөр, шөнийг умартан ажиллаж байгаа. Ажлын хүндийг нугалж, амрах гэгчийг мартаж яваа, тэнд. Эрүүл мэнд, залуу нас гээд хамаг бүхнээ золин байж махран зүтгэх олны олонд ажил, мэргэжил, боловсрол, мэдлэг, авьяас чадвар аль аль нь өв тэгш бий. Монголдоо сайхан амьдрах итгэл лавтай миний ахад байдаг. Олон ах нар ч ийм итгэлээр асч яваа. Гэтэл эрс өөрчлөлт нь Солонгос явж мөнгөтэй болох байв. Нүхтэд орд харш худалдан авахаар бус хоёр өрөө байрны төлөө ийн хол үсрэв. Угаас амьдралын шаардлага ийм байлаа.

Хэрвээ Монголд өнөөдрийнх шиг 20 хүртэлх жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж байсан бол тэд явах уу. Ажил алба, ар амьдралаа орхиод гаднын орныг зорино гэж үү. Үрийнхээ элгийг дэвтээн, ханийнхаа хайранд дулаацаж, хамт олонтойгоо үлдэх байсан. Ах минь холын аялалаасаа ирээгүй байгаа ч бидний үеийнхэнд аз тохиолоо. Хэрвээ Үнийг тогтворжуулах хөтөлбөрийг УИХ батлаагүй бол, Засгийн газар Монголбанкны орон сууцжуулах төлөвлөгөөг дэмжээгүй бол тэс өөр зүйлийн тухай энд өгүүлэх байсан болов уу. Ах нарын замаар манай үеийнхэн ч замнах байлаа.

Магадгүй хожуудаж мэдэх нүдээ олсон хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна. Их хүлээлтийг гэсгээсэн хөтөлбөр их салалтын үүдийг ч бас хаалаа. Өрх гэр аз жаргалтай, дээшээ тэмүүлэлтэй, урагшаа харсан зорилготой явахад урам өглөө. Олон гэр бүл орон сууцны төлөө хүний нутгийг мөрөөдөх бус хэр бүтээмжтэй улс орондоо ажиллах тухайгаа эргэцүүлэн сууна. Хэрхэн өрхийн төсвөө гамнах талаар хэлэлцэж байна. Хэмнэлттэй, хариуцлагатай амьдрах сэдлийг нийтэд өглөө. Цалингаа аваад лангууг зорих бус хадгаламж үүсгэх нь чухал болохыг харууллаа. Тансаг хэрэглээнд “баяртай” гэж хэлүүлэхэд хүрлээ. Өмнө минь цоо шинэ итгэл үүдээ нээв. Хийж, бүтээх, ажиллах л үлдлээ, залуусаа.

Хөтөлбөр хэрэгжсэн эхний 23 хоногт зээлийн санхүүжилт хүссэн өргөдөл арилжааны банкуудыг даржээ. Үүнээс банкууд 13021 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 368.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна. Өмнө нь дунджаар 19 хувийн хүүнд 800 мянган төгрөг өгч байсан өрх өнөөдөр найман хувьд шилжсэнээр  төлж байсан мөнгөнийх тал халаасанд нь үлдэж байна. Гачигдаж байсан, хэн ч сар бүр тоолоод өгөхгүй 400 мянган төгрөг өрхийн амьжиргаанд хэр нэмэртэйг та мэдэх бус уу.

Иргэд 192.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 2099 иргэнд 105.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгоод байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн 23 хоногт 2099 өрх орон сууцтай боллоо гэсэн үг. Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн мянга, Баянхошууны гэр хорооллоос 2099 айл нүүнэ. Нийслэлийн утааны “эх үүсвэр” болоод буй гэр хороололд 2099 яндан цөөрлөө. Монгол Улсын 2099 өрх хувийн өмчтэй боллоо. Үүнээс сайхан зүйл гэж хаана байна вэ. Эрүүл Монгол хүн эндээс эхэлнэ. Хөрсний бохирдол багасна. Өвчлөл буурна. Хэтдээ амьжиргаа дээшилнэ. Амьдралын чанар баталгаажина. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарна. Хөдөлмөрлөх цаг уртсана. Улсаараа хөгжих цаг наашилна. Угаас хөтөлбөр ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгохын сацуу иргэдийнхээ эрүүл мэндэд мөнгөөр үнэлж баршгүй хөрөнгө оруулалт хийв. Хожим алдсан эрүүл мэндийнхээ төлөө улсаараа бусдад хэчнээн их наядыг төлөх ч байсан юм билээ.

Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Яармаг хотын төвөөс долоохон км зайд орших хэрнээ аймгийн төвийн дайтай тохижилт, суурьшилтайгаар 70 жилийг элээж байна. 1945 онд нурам байсан Берлин хот /4 сая хүнтэй/ 15 жил хүрэхгүй хугацаанд шинэ хот болсон байхад 40 мянга орчим хүнтэй Яармаг маань дайны хөлд дайрагдаагүй хирнээ бахь байдгаараа үлджээ” хэмээн “Яармаг” өгүүлэлдээ онцолжээ. Түүний хэлснээр 70 жилийн “настай” Яармаг дахиад 70 жилийг бахь байдгаараа угтах ёсгүй. Яг ийм амьдрал Дарь эх, Толгойт, Наран, Шархад, Цайзад бий. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөр одоо л хэрэгтэй. Үүнийг мэдсэн юм шиг Монголбанк орон сууцжуулах хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Цаг үеэ олсон зүйл ийм эрэлттэй бас үнэ цэнэтэй байдаг. Хэрэв таван жилийн дараа гэвэл цөөхөн монголчуудын хэчнээн их мөнгөний эрэлд бусдын нутгийг зорих бол. Тэдний хэд нь мөрөөдлөө 100 хувь биелүүлж ирэх бол. Монголдоо ирээд урьдын үнээр орон сууцаа худалдан авч чадах уу. Иймээс ипотекийн зээл эртдэх бус оройтож эхэллээ. Оройтсон ч гэлээ хэрэгжиж байгаа нь хэнд муу болов. Гэр хороололд Улаанбаатар хотын нийт өрхийн 66 хувь буюу 316 мянган өрх амьдарч байна. Хүн амынхаа 50 хүртэлх хувийг гамшгийн бүсэд буюу хамгийн хүнд нөхцөлд идээшин дасгах улс хаана байна вэ. Хүнээ бодох цаг бус уу.

Үе үеийн Засгийн газар, тухай үед ажиллаж байсан Монголбанкны Ерөнхийлөгч одоогийнх шиг ийм зоригтой алхам хийж байсангүй. Төсөв, мөнгөний бодлогоос хэтэрдэггүй байлаа. Иргэдээ орон сууцжуулах талаар зах зухаас нь эхэлж байсан гэвэл зүйд нийцнэ. Түүнээс дорвитой ажилласан нь ховор. Тиймээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрүүд амжилттай болсон нь цөөн. Зөвхөн мөнгө угаах төдий шахааны бизнес болон цэцэглэсэн. Сонгуулийн туг болж үлдсэн. “Зургаан хувийн хүү” гэж хотлоор нь “хуурсан”. Хожим орон гэрээс нь дайжуулахад хүргэсэн. Сүхийн талбай /Чингис/-д бултаараа жагсаал хийв. Түүнээс гэр хорооллын яндан цөөрөөгүй. Тэндээс төсөөлж байснаас хэдхэн нь орон сууцанд нүүж орсон.

Ирээдүйд Улаанбаатар Туркийн нийслэл Анкара лугаа цэлмэг хот болно гэдэгт эргэлзэхгүй итгэнэ. Ийм итгэлийг орон сууцжуулах хөтөлбөр олон, олон хүнд төрүүлж байна. Анкара хот уулсын дунд байдгаараа Улаанбаатартай ижил. Утаа болоод орон сууцны асуудал туйлаас хүнд байсан Анкара өнөөдөр дэлхийн эрүүл хот болжээ. Тэнд утаа алга. Ая тухтай амьдрах орчинг бүрдүүлжээ. Мөн бидэнтэй адил Куала Лумбур хот орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, утаанаасаа холджээ. Бид ч бас утаанаас салахыг хүсч байна. Удахгүй утааны улиралтайгаа золгоно. Их хүйтрэл, их утаа эргэлээ. Түүнээс өмнө ганц айл ч болтугай утаанаас холдог. Гэр хороолол нэг яндангаар дутаг. Дөнгөж төрсөн нялх үр нь эрүүл байг. Монголын ирээдүй саруул ухаантай, эрүүл чийрэг өсөг. Цагаа олсон хөтөлбөрийн ирээдүйн явдлыг цаг хугацаа л тодорхойлох бус уу.

Эртдэх бус оройтож л мэдэх орон сууцжуулах хөтөлбөрт амжилт хүсье. Үүнээс илүү сайн хувилбар байсан уу. Дани, Чех, Герман, АНУ, Канад, Франц, Испани, Англи, Ирландаас бид дутахгүй сэтгэнэ л дээ. Гэхдээ тэд аль эрт өнөөдөр манайд хэрэгжиж буй ипотекийн зээлээр иргэдийнхээ анхдагч хэрэгцээг хангажээ. Яагаад өмнө нь манайх тэгээд хийж болоогүй юм бол. Тэд ч бас ядуу байсан. Эдийн засгийн чадал тэнхээ нь таруухан л байсан. Эцэст нь тэднийг улсаа хөгжүүлье гэсэн сэтгэл хийгээд зориг нь хөтөлсөн мэт.
 

Б.БАЯРТОГТОХ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж