Г.Оюунболд: Сандлын асуудлыг дотооддоо шийдчихсэн юм билээ

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Г.Оюунболд: Сандлын асуудлыг дотооддоо шийдчихсэн юм билээ

ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очир өнгөрсөн онд БНХАУ-ын “ИЕПҮ” компанитай гэрээ байгуулж тусгай зориулалтын 400 ширхэг сандал оруулж иржээ. Уг санд­лыг ЦЕГ-ын одоогийн дарга Б.Билэгт тараасан нь олон нийтэд айдас тө­рүүлээд байгаа юм. Хүний эрхийн үн­дэсний комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу “гяндан сандал”-ыг буцаан та­таж, буруутай хүмүүст хариуцлага тоо­цох ажлыг Хууль зүйн яам эхлүүл­жээ. Энэ талаар тус яамны Бодлогын хэ­рэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэрэгжил­тийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболдтой ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад тараасан сандлуудыг олон нийт “гяндан сандал”, “яргын сан­дал” гээд янз бүрээр нэр­лэж бай­на. Энэ сандал яг ямар зо­риулалттай вэ гэдгээс ярилцла­гаа эхэлье?

-Барууны зарим орон, БНХАУ, Гуан­танамогийн хорих лагерьт ийм төрлийн сандал хэрэглэдэг. Бусдад болон өөртөө аюул учруулах магад­лал­тай этгээдийн идэвхтэй үйлдлийг хязгаарлах, сэтгэцийн өвчтэй хүний хэргийг шийдвэрлэхдээ ашигладаг. Гэх­дээ хүний биед гэмтэл учруулах­гүй, тухтай байх ёстой гэдэг стандарт тавьдаг. Энэ сандлыг дэлхийн ихэнх орон сайшаадаггүй. Энэ төрлийн сандлаас татгалзахыг Олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эм­нести интернэшнл зэрэг хүний эрхийн сайн дурын байгууллагууд зөвлөмж болгодог. Учир нь, хүний бие махбо­дийг хязгаарлаж, аюулгүй болгож байгаа юм шиг боловч тэр хүнийг сандал дээр суусан байдлаар нь гу­таан доромжилж, харилцаж байгаа хэлбэр гэж үздэг. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод манай улс нэгдэж орсон учраас маш олон үүрэг хүлээж байгаа. 1990-ээд оны сүүлээр Манфрэд Новак гэдэг шинжээч ирж, Хүний эрхийн үндэсний комиссийг байгуулахад Монголд хүнийг эрүүдэн шүүх нөхцөлүүд байгааг анхааруулсан. Үүний хүчинд маш олон ажлыг хийж, шоронд ч хэрэглэхээ больсон юм.

-Хорих ангиудад хэрэглэдэг байсан юм уу?

-Ганцхудагт хүний гар, хөлийг нь гавладаг модоор хийсэн сандал бай­сан. Энэ төрлийн сандлыг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэж ороогүй улс хэрэглэдэг. Улс болгон кон­венц, гэрээнд нэгдээд байх алба­гүй л дээ. Энэ нь бүс нутгийн онцлог гээд олон зүйлээс шалтгаалдаг. АНУ л гэхэд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод нэгдээгүй мөртлөө НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Палермогийн конвенцод ороогүй. За энэ ч яахав. Тусгай тоноглолтой сандлыг ихэнх улс хэрэглэдэггүй. Харин оронд нь гав, бороохой, хүлэг, номхотгох цамц зэргийг ашигладаг.

-Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хүний эрхийн үндэсний комис­сын гишүүн П.Оюунчимэг зургадугаар сарын сүүлээр Хууль зүйн сайдын нэр дээр албан бичиг ирүүлсэн. Тус бичигт сандлын зургийг нийтэлж, “Энэ бол эрүүдэн шүүхийн нэг хэлбэр болох боломжтой. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүхийн сандал гэдэг утгаараа биш хү­ний биеийн бүхэл хэсгийг хөдөл­гөөн­гүй, хатуу байдлаар уяж, байлгаж болохгүй. Монгол Улсад хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр хууль зүйн салбарын шинэчлэл хийж байна. Энэ чиглэлээр сүүлийн жилүү­дэд хийж буй хүчин чармайлтыг хойш татах алхам болж байна. Цаашлаад эрүүдэн шүүх нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй. Энэ сандлуудаа даруй татаж авна уу гэсэн албан бичиг ирүүлсэн.

-Энэ хүртэл Хууль зүйн яам 400 сандал оруулж ирсэн асуудлыг ор мэдээгүй байсан юм уу?

-Зургадугаар сарын 25-нд Хүний эрхийн үндэсний комиссоос албан бичиг ирэх хүртэл Хууль зүйн яам мэ­дээгүй. Үүнээс өмнө зарим хүний дам ярианаас сонсч байсан ч баттай мэ­дээ­лэл авч чадаагүй. Цагдаагийн бай­гууллага сандал, ширээ дутуу байна, агсамж, тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдгээ танилцуулдаг. Харин сандлыг авсан, тараасан талаараа мэдэгдэж байгаагүй. Ингээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээс сайдад ирүүлсэн албан бичгийн дагуу ЦЕГ-аас энэ асуудлыг тодруулсан. ЦЕГ-ын одоо­гийн дарга өнгөрсөн арваннэгдүгээр сард тараасан юм билээ.

-Хаана хэдийг тараасан байс­ныг тодруулж болох уу?

-Монгол Улсын 21 аймгийн цагдаа­гийн газар хэлтэс, зарим сумын хэс­гийн төлөөлөгчид тараасан байдаг. Ту­хайлбал, Улсын мөрдөн байцаах га­зарт гурав, Эрүүгийн цагдаагийн га­зарт гурав, Завхан аймгийн цагдаа­гийн газарт 25, Төв аймгийн цагдаа­гийн газарт 28 ширхэг, Хэрэг бүртгэх ал­банд нэг ширхэг гэх мэтээр хуваа­рилсан байсан. Ийм танилцуулгыг бидэнд долдугаар сарын 10-нд ирүүл­сэн. Үүнээс өмнө яам албан бусаар олон нийтэд хүрсэн мэдээллийг авсан байсан.

-Тусгай тоноглолтой сандлыг мөрдөн байцаалтад хэрэглэсэн үү?

-Албан ёсны танилцуулгаас үзэ­хэд журмын төслөө боловсруулаад Улсын ерөнхий прокурор руу санал ава­хаар явуулсан байсан. Одоогийн цагдаагийн байгууллагын удирдлагаас төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт журам гартал сандлыг ашиглахыг түр хүлээх үүрэг өгсөн байсан. Бид журмыг прокурорт очсон байхад нь таслан зогсоосон. Бид хүний эрхийг хамгаалдаг хууль сахиулах системийн талаар ярьж бай­гаа болохоос хүнийг эрүүддэг, бай­цаадаг, нэр төрийг нь гутаан доромж­лох хэлбэрээр ажиллах ёсгүй. Энэ бол яамны хатуу байр суурь. Бид мэд­сэн даруйдаа журмын төслийг прокуророос татаж, хүчингүй болго­сон. Тэгэхээр сандлыг тараасан ч хэрэглээгүй гэсэн үг.

-Анх худалдан авах гэрээг хаа­на, яаж байгуулсан юм бол?

-Нөхцөл байдлыг судлаад үзэхээр ту­хайн үеийн Хууль зүй, дотоод хэр­гийн сайд, ЦЕГ-ын дарга нар БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын Нийгмийг аюулаас хамгаа­лах газрын ажилтай танилцсан байдаг. Энэ үеэр тэднийг сэжигтнийг аюулгүй байлгах, бусдад аюул учруулахаас сэргийлэн хорих тусгай зориулалтын сандалтай танилцуулсан байдаг. Хурлын тэмдэглэлээс үзэхэд тэр үед авахаар шийдсэн юм билээ. Тэгээд ЦЕГ-ын өмнөх дарга болон Санхүү­гийн албаны дарга нар ху­ралдаж авах шийдвэрийг гаргасан байдаг юм.

-Сандал оруулж ирсэн шалтгаа­наа тайлбарлаж байна уу?

-Сүүлийн таван жилийн тоон мэ­дээнээс үзэхэд долдугаар сарын 1-ний хэргийг оролцуулалгүйгээр цаг­даагийн 229 албан хаагч гэмт халд­лагад өртөж хохирсон байдаг. Үүнээс 82 хувь нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа буюу ажлын байрандаа халд­лагад өртсөн. Энэ шаардлагын үндсэн дээр тухайн зүйлийг авсан гэж цаг­даагийнхан тайлбарласан. Ирүүлсэн байдлыг нь судлаад үзэхэд мотоцикл гэдэг нэрийн дор цагдаагийн зориу­лалтын тусгай тоноглолтой сандал 400 ширхэгийг нэг бүрийг нь 1395 юаниар авсан байсан.

-Цагдаагийн байгууллагаас өг­сөн тайлбар бодит байдалд нийцэж байна уу?

-Тухайн үедээ нөхцөл байдлыг юу гэж харсныг, яагаад авах шаардлага­тай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Үнэхээр 229 албан хаагчийн 82 хувь нь халдлагад өртсөн гэж бодо­ход яагаад халдлагад өртсөн нь тодор­хойгүй байгаа. Хоёрдугаарт, өөрсдийн зүй бус харилцаанаас иргэдтэй мар­галдсанаас гэмтсэн үү, ажлын бай­рандаа байсан уу, саатуулсан хүний­хээ халдлагад өртсөн үү гэдэг нь то­дорхойгүй байна. Үнэхээр ийм ханд­лага байсан бол сэргийлэх арга хэ­рэгс­эл зөндөө байгаа шүү дээ. Жи­шээлбэл, 370 орчим мянган төгрөгөөр сандал авч байхаар техник технологи хөгжсөн энэ үед хүний эрүүл мэндэд хохирол учруулахааргүй, нэр төрийг нь гутаан доромжлохооргүй цагдаа­гийн хэрэгслийг агсамжуудыг авч болох байсан. Тэрнээс яагаад сонголт хийж аваагүй юм бэ гэдэг нь гол асуудал. Энэ асууд­лыг нягтлан шалгах шаардлагатай болсон.

-Тусгай тоноглолтой сандал авах төсөв хөрөнгийг хаанаас гаргасан бэ гэдэг нь анхаарал татсан асуудлыг нэг болоод байна. Үүнд тайлбар өгнө үү?

-2012 оны улсын төсөвт цагдаа­гийн байгууллагын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж бэлтгэхэд зо­риулж 740 сая батлуулсан байдаг. Энэ хөрөнгөөс гаргуулсан юм билээ. Ингэхдээ нэг бүрийн тусгай хэрэгсэл нэрийн дор авсан байдаг. Үнэн хэ­рэгтээ энэ бол нэг бүрийн тусгай хэ­рэг­сэл биш. Нэг бүрийн тусгай хэрэг­сэл гэдэг нь цагдаагийн алба хаагч гэмт этгээдийг саатуулах, таслан зогсоох, аюулгүй болгохдоо өөрөө сон­гож хэрэглэдэг гав, бороохой мэтийн агсамжийг хэлдэг. Үүнийг хэрэглэж болох эсэхийг Улсын ерөнхий проку­рор баталдаг. Тодруулбал, хэрэг бүрт­гэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрхэнд халдах зориу­лалттай хэрэгсэл ашиглах бол проку­рорын саналыг авдаг.

-Төсвийн мөнгөөр бараа авах­даа Хууль зүйн яаманд мэдэг­дэж, тендер зарлаагүй юм уу. Зарим хүн шахааны бизнес байх вий гэж хардаж байгаа.

-Энэ талаар мэдэж байгаа бол хэн ч хууль сахиулах байгууллагад гом­дол гаргаад шалгуулж болно. Сандал авахдаа тендер зарлаагүй. Худалдан авах талаар шууд ярилцаж шийдээд, хурлын тэмдэглэл хөтлөөд худалдан авах, худалдах гэрээнд гарын үсэг зурцгаасан. Ер нь цагдаагийн бай­гууллагын тусгай хэрэгслийг авахдаа ихэвчлэн тендер зарладаггүй. Яагаад гэвэл энэ нь тусгай зориулалтын зүйл уч­раас сонгож хэрэглэдэг. Гол нь хүний эрхийн байгууллага, прокурор, салбарын яамны зөвшөөрөл авах ёстой. Хэрвээ цагдаагийн байгууллага тусгай хэрэгсэл, агсамжаа дураараа авч хэрэглээд байвал хүний эрхийг хамгаалах чиглэлээр хууль сахиулах байгууллагад хэрэгжүүлж байгаа олон ажилд маш том ухралт болно. Үүнээс ноцтой нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учирна. Үнэхээр онц аюултай гэмт хэрэгтнээ олж сандал дээр суулгаж чадахгүй бол яах вэ. Аг­сам согтуу тавьсан, жижгээр танхайр­сан хүн бүрийг суулгаад байвал юу болох вэ гэдгийг бодох л хэрэгтэй.

-Манайд орж ирсэн байгаа сандлыг БНХАУ-аас гадна аль улс хэрэглэдэг юм бол. Ийм сан­далд хүнийг удаан хугацаа­гаар суулгах боломжтой юу?

-БНХАУ-ын Нийгмийн аюулаас хам­гаалах газрын цагдаа, шоронгийн байгууллага энэ сандлыг хэрэглэдэг. Яамныхаа улсын үйлдвэрт үй түмээр нь үйлдвэрлэдэг юм билээ. Яг энэ сандлыг онц аюултай гэмт хэрэгтэнд ашигладаг гэсэн. Ийм сандал дээр гар, хөлийг нь хөдөлгөөнгүй гавлаж, нуруунаас нь татчихаар хүн нэгээс илүү цаг суух бололцоогүй. Хоёрду­гаарт, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эс­рэг хорооноос ийм сандал хэрэглэ­хийг хориглосон учраас Хятадаас өөр аль ч улс хэрэглэдэггүй. Хятад улс хэрэг бүртгэх, хууль сахиу­лах, шүүн таслах ажиллагаандаа хү­ний эрхийг хамгийн ноцтой зөрчдөг гэд­гийг бид мэднэ. Тэд дэлхийд хо­риглосон эрүүдэн шүүлтийн арга хэ­рэгслийг хэрэглэдэг, энэ мэдээллээ нуу­даг, хаалттай орны тоонд ордог. Үүнийг ч хуулийн байгууллага, системд нь ажилладаг албан тушаалтнууд бүгд л мэдэж байх ёстой шүү дээ. Гэтэл алс хол суугаа хэсгийн төлөө­лөгч гэмт этгээдийг саатуулаад төв, орон нутгаас тусламж ирэх хүртэл сан­дал дээр байлгана гэж танил­цуулгад бичсэн байна.

-Сандлуудыг орон нутгаас буцаан татаж байгаа юу?

-ЦЕГ-ын удирдлагад долдугаар сарын 20-нд албан үүрэг хүргүүлсэн. Хууль зүйн сайдын гарын үсэгтэй ал­бан бичигт сандал тараахыг яаралтай зогсоо, шуурхай эргүүлэн тат гэсэн бай­гаа. Мөн ямар шалтгаанаар, яагаад, юуг үндэслэн, ямар мөнгөөр авснаа тайлбарла гэсэн. Гэтэл одоо хүртэл буцаан татах та­лаар идэвх­тэй үйл ажиллагаа явуулаагүй байна. Ийм учраас Хууль зүйн сайд хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцож эхэлсэн. Мөн цагдаагийн удирдлагуу­дад нэмж чиглэл өглөө.

-Ямар чиглэл өгсөн бэ?

-Нэгдүгээрт, Хүний эрхийн үндэс­ний комиссын дүгнэлт үндэслэлтэй байгаа учраас зөвлөмжийг хүлээн авах нь зүйтэй гэсэн. Хоёрдугаарт, НҮБ-аас Монгол Улсын Засгийн га­зарт өгсөн чиглэлийн дагуу эрүү шүү­лийн аливаа хэлбэрийг хориглосон. Энэ дагуу үйл ажиллагаандаа зөвлөм­жийг удирдлага болгох нь зүйтэй гэсэн. Гуравдугаарт, сандлуудыг даруй эргүүлэн татаж анх худалдан авах шийдвэр гаргасан албан тушаалтан, иргэнээр зардлыг нөхөн төлүүлэх, шаардлагатай бол шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үүрэг өгсөн. Түүнчлэн эдгээр сандлыг устгах аж­лыг зохион байгуулах талаар Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үн­дэсний комисстой зөвшилцөх үүргийг ЦЕГ-т өгсөн. Тавдугаарт, цагдаагийн байгууллага тусгай хэрэгсэл, агсамж, тоног төхөөрөмж худалдаж авахаар бол Хууль зүйн яаманд эхэлж танил­цуулж, холбогдох байгууллагаас дүг­нэлт гаргуулж хэвш гэж үүрэг өгсөн байгаа. Анх сандал гаргаж авсан хү­мүү­сээс зардлыг гаргуулахын тулд ЦЕГ өөрөө нэхэмжлэл гаргах нь зүйтэй юм.

-Хариуцлага алдсан хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ?

-Хууль зүйн яамнаас үүрэг даал­га­вар өгсөөр байтал сандлуудыг даруй татаагүй албан тушаалтнуудад ха­риуц­лага тооцох ажлыг эхлүүллээ. Эхний ээлжид Хууль зүйн сайд ЦЕГ-т одоо ажиллаж байгаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг хариуцаж байгаа удирдах албан тушаалтанд хариуцлага тооцлоо. Түрүүн дурдсан таван үүргийн биелэлтийг есдүгээр сарын 1-нээс өмнө шалгана. Хүний эрхийн үндэсний комисс сандлуудыг хадгалаад хэрэггүй, хадгалбал дараа нь ашиглах нөхцөл байдал үүсч бол­зошгүй гэж үзсэн. Ийм учраас устгах нь зүйтэй гэсэн.

-Улсын хөрөнгөөр авсан юм чинь гэрээ байгуулсан компа­нид буцааж болохгүй юм уу?

-Ер нь гэрээнд барааг буцаах та­лаар ямар нэгэн заалт байгаагүй. Ийм шийдвэр гаргасан хүмүүсээс зардлыг гаргуулахаас өөр аргагүй гэсэн үг. Энэ хүмүүсийн учруулсан хохирол 150 ор­чим сая төгрөг болно. Удах­гүй санд­луудыг устгах байх. Су­манд ажиллаж байгаа хэсгийн тө­лөөлөгчийн техник хэрэгсэлтэй ажил­лах чадвар, боловс­ролын түвшин ямар байгаа билээ. Архи ууж агсам­насан хүнийг тэр сан­далд суулгаж бай­цаагаад хөл гарт нь гэмтэл уч­руулсан бол хохирлыг хэн хариуцах вэ. Хууль зүйн яам хүнийг эрүүдэн шүүсэн, хууль бусаар цагдан хорьсон асуудал дээр Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд иргэний хариу­цагчаар ордог. Хохирлыг төлөх хө­рөнгө нь Хууль зүйн яамны төсөвт суу­сан бай­даг. Бид өнөөдөр иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар ярьж байхад ийм сандлыг аль болох та­раахгүй байхад нь зүйд нийцнэ. Олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг кон­венцод нэгдэж ор­чихсон, хууль са­хиу­лах байгууллагын шинэчлэл, ард­чилсан улсын үнэт зүй­лийг хэрхэн хам­гаалах талаар ярьж байхад цагдаагийн байгууллага нь ийм зүйл хийж хэрхэвч болохгүй.

-Энэ асуудлыг Хууль зүйн яам ажлын хэсэг гарган шалгасан байгаа. Шалгалтын явцад эрүү­гийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ажиглагдсан уу?

-Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээлэл нээлттэй байна. Тэгэхгүй бол иргэдэд энэ сандлыг хэ­зээ хэрэглэх бол гэсэн айдас бай­гаа. Ир­гэдэд хардах эрх нь бий. Үнэ­хээр төс­вийн хөрөнгийг зориулалтын бу­саар зарцуулсан гэмт хэргийн шинж­тэй байгаа бол хууль сахиулах бай­гуул­лагад хүсэлт тавьж болно. Анх ямар зориулалттай вэ гэдгийг мэдэх­гүй ав­сан ч байж болно. Бид мөрдөн шалгах ажиллагаа хийхгүй учраас хамгийн түрүүнд сандлуудыг буцаан татаж авах, устгах, албан тушаалт­нуудад хариуцлага тооцох ажлыг хийж байна.

Г.УЛСБОЛД

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж