Хүчингүй хуулийг хэрэгжүүлж буй ЗГ-ын шийдвэр ч хүчингүй

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хүчингүй хуулийг хэрэгжүүлж буй ЗГ-ын шийдвэр ч хүчингүй

УИХ-аас
2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай хуулийг хэлэлцэж баталсан. Энэ хууль өнгөрсөн 2010 оны
нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой байсан ч олон тодорхой шалтгааны
улмаас өнөөг хүртэл хэрэгжиж чадахгүй “дуншилт”-ын байдалтай байгаа.
Тиймээс энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Хуульч
хүний хувьд та Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын
хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай хуулийг хэр сайн хууль болсон гэж үздэг вэ. Нүх
цоорхойтой хууль болсон уу, эсвэл нүдээ цагаа олсон хууль байв уу?

-УИХ-аас
тооцоо судал­гаагүй, амьдралаас тасарсан олон хууль баталдгийн нэг
жишээ энэ. Нүх цоорхойтой юу, нүдээ цагаа олсон хууль байв уу гэдгийн
хариулт нь Засгийн газар уг хуулийг хэрэг­жүүлэх гээд өнөөг хүр­­тэл
чадахгүй байгаа явдал.  Хуу­лийг хэрэгжүүлэх зорил­гоор Засгийн газраас
судалгааны ажил явуулж бай­гаа ч одоо хэр нь дуусаагүй л байна шүү дээ.
Ой мод, гол усныхаа заагийг тогтоож чадаагүй байна. Ой мод гол усны зааг
гэж чухам юуг хэлэхийг ч хуульд нарийн тод зааж өгөөгүй. Нө­хөн
олговрын хэмжээг өнөөг хүртэл нарийн тооцож гаргаагүй байна.  Зөвхөн
хэрэг­жүүлэхийн тулд маш олон судалгаа шаардагдаж байгаа­гаас харахад
энэ хууль өөрөө асуудалтай гэсэн үг. Уг нь хуулийн төсөл
боловс­руулахдаа маш нарийн судал­гаа, тооцоо хийж, энэ нь иргэд болоод
аж ахуй нэгж, цаашлаад Монгол Улсын эдийн засагт хэр хохирол үзүүлэх вэ
гэдгийг бодолцох хэрэгтэй байсан юм. Хэт яарч, хөнгөн хийсвэр сэтгэлээр
хуулийн төсөл боловс­руулсны балаг энэ байна шүү дээ.Сайтар бодож, нухаж
боловсруулаад баталсан бол Засгийн газар өнөөдөр толгойн өвчин тусахгүй
бай­сан биз.

-Монголчууд хууль бат­лахаас нь өмнө биш хууль
баталсны дараа багагүй хэл ам таталдаг. Аж ахуйн нэгжүүд хууль батлахаас
нь өмнө яагаад өөрсдийнхөө са­наа бодлыг төсөл бо­ловс­руулагчдад хэлж,
таниу­лаагүй юм бол?

-Уг нь УИХ-аас бид ийм хуулийн төсөл
боловсруулж байна, та нарын бодол санаа юу байна гээд олон хүний үгийг
сонсч, олон талын судалгаа хийх ёстой байсан шүү дээ. Тоо бодож, тооцоог
нь сайн хийх хэрэгтэй байсан юм. Ер нь манай УИХ баяр ёслол эсвэл
баасан гаригаар далимдуулан хууль батлах сонирхолтой байдаг. Тэрний л
нэг. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын
бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай
хуулийг хэт богино хугацаанд, хэтэрхий хурдан баталсан. Энэ хууль ямарч
хэрэгжих боломжгүй хууль  болсон. Хуулийг зургаан сарын дотор
хэрэгжүүлэх ёстой. Хуулиндаа ч  тэгээд заачихсан байгаа. Гэтэл юун
зургаан сар, бараг бүтэн жил хагас болчихлоо шүү дээ.  Нэг үгээр хэлбэл
хүчингүй хууль гэж тодорхойлоход буруудах зүйлгүй. Хүчингүй хуулийг 
хэрэгжүүлж буй Засгийн газрын шийдвэр өөрөө ч хүчингүй юм. Тэгэхээр
хууль эрхзүйн талаас нь бодсон ч бодит нөхцөл байдлыг харсан ч УИХ
баталсан урт нэртэй хуулиндаа гар хүрэхээс өөр аргагүй болжээ л гэж
хэлмээр байна. 

-Энэ хууль хэрэгжих бо­ломж­­гүй гэлээ.
Харин  бай­галь хамгаалахынхан  хэрэг­жүүлэх ёстой гээд зүтгээд байгаа
шүү дээ.  Байгаль эк­логио бодвол хэрэгжүүлэх ёстой ч юм шиг?

-Харин ч энэ хууль батлагд­сан тохиолдолд байгаль эко­логи улам сүйрнэ.

-Яагаад, энэ хуулийг бай­галь экологи, ойн болон го­лын сав газраа хамгаалахын тулд  гэж баталсан биз дээ?

-Яагаад
вэ гэж үү. Ком­па­ниудын лицензийг нь төр мэдэлдээ аваад газрыг нь
хураа­чихгүй болохоор эзэн­гүй талбай руу нь нөгөө хууль  бусаар ашигт
малтмал олборлогчид чинь дайраад орчихно. Хэн ч тэднийг зог­соож
ча­дахгүй. Өмнөх нинжа нарынхаа асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй л
байгаа биз дээ. Ухсан нүхэндээ нөхөн сэргээлт хийж, мод тарьсан нинжаг
сонссон уу, та. Хүмүүс нэг тийм буруу ойлголттой байдаг. Нинжа гэхээр
түмпэн барьсан, хүрзээр газар малтсан өрөвдмөөр нэг нөхөр бий гэж
ойлгодог. Гэтэл нөгөө нинжа нь экскаватор, ачааны машинтай, мөнгөн ус,
цианит хэрэглэсэн байгалийг аймаар сүйдлэгч нөхдүүд байдаг юм шүү дээ.
Тэд уухайн талбай руу дайраад нөгөө талбайг нь сүйтгээд өгөхөөр Монгол
Улс юун гол, юун ойтой манатай л болно доо. Улсад нэг ч төгрөгийн татвар
төлөхгүй, хариуцлага тооцох боломжгүй, нөхөн сэргээлт хийхгүй тэд­гээр
нөхдүүд харин ч энэ хуулиар далимдуулан баахан нүх ухаад л алтыг нь
аваад авдрыг нь хэмхлээд орхино гээч болох байх.  Төр тэднийг яаж ч
чадахгүй. Ямар хоосон хүний хоёр чихтэй ярина гээд сууж байлтай нь биш.
Харин компаниудтай хариуцлага тоо­цож болно. Нөхөн сэргээлт хийгээгүй
тохиолдолд өндөр торгууль тавиад нөгөө лиценз­тэй нь ярих боломжтой.
Улсад бас тодорхой хэмжээний тат­вар төлнө шүү дээ. Одоо алт олборлодог
компаниудад мөн­­­гөн ус, цианит натри хэрэг­­лэдэг нэг ч аж ахуйн нэгж
байхгүй.  Гэтэл нөгөө нинжа нар чинь шороотой алтаа голын усанд  угаана.
Мөн­­гөн усаа голын усаар зайлна. Цианит натриг ямар ч
хамгаалалтгүйгээр хэрэглэнэ. Ой модоо хөрөөдөөд хугалаад түлнэ. Тэгэхээр
энэ хууль хэрэгжлээ гээд байгаль эко­логи хамгаалагдах бус харин ч
эсрэгээрээ маш ихээр сүйт­гэгдэх болно гэдгийг л шийдвэр гаргагчид
ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Алтны компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй гэсэн дүг­нэлтийг мэргэжлийн хя­нал­­тынхан гаргадаг?

-Олон
хүн сайнтай муутай гэгчээр ашигт малтмал олбор­логч компаниудын дотор 
нө­хөн сэр­гээлт хийдэггүй  нөх­дүүд бий л байх. Тэдэнтэй төр
өөрийнхөөрөө ярьж болно. Харин бусдыг нь давхар хэл­мэг­дүүлж болохгүй.

-Гол,
мөрний урсац бүрэл­­­дэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай
хуулиар бол уул уурхайнхан завших юм биш үү. Хуулийн дагуу  найман их
наяд төгрөгийг нөхөн төлбөр гэж олгохоор болсон?

-Энэ ёстой
харганын ноос түүж эсгий хийнэ гэдэг шиг л юм болох байх. УИХ-ын гишүүд
нь өөрсдөө ярьж байна лээ шүү дээ. Энэ жилийн төсөвт ийм асуудлаар
хөрөнгө төсөвлөөгүй гэж.  Жилийнх нь төсөв гурван их наядаар хэмжигдэж
буй  Монгол Улс энэ их мөнгийг ханаас олох юм. Хүний хоолыг булаачихаад
дараа нь нөхөн төлбөрийг нь өгөхгүй гүрийж болохгүй биз дээ. Тэгэхээр
нөхөн төлбөр энэ тэр гэдэг цаг хожих гэсэн арга  байх.

-Тэгээд таныхаар бол энэ хуулийг яах ёстой юм бэ?

-Энэ
хуулийг УИХ  эргэж харах хэрэгтэй. Үнэхээр хүс­­­сэн хүсээгүй гар дүрэх
шаард­лагатай байгаа юм. Батал­­сан хууль нь хэрэгжих боломжгүйг
харсаар мэдсээр байж хүчээр шийдвэрлэж болохгүй. Аливаа асуудалд гарц
байдаг хойно Засгийн газар, УИХ-аас зөв шийдвэр гаргана байх гэдэгт
найдаж байна.

-Ой мод, гол горхи устаад дуусвал хүн төрөлхтөн юугаа ууж идэх вэ гэх шүүмжлэлийг байгаль хамгаалах хөдөлгөө­нийхөн гаргадаг?

-Усгүй
болчихвол алтаа идэх үү гээд  нэг юм ярь­даг болчихож. Өнөөдөр
даяар­шиж байгаа нийгэмд хэнд хөрөн­гө, хэнд боловсрол байна тэр хүн
газар нутаг дээрээ эзэн болж чадаж байна шүү дээ. Бусад улсын тэргүүний
техник хэрэгслийг эзэмшихгүйгээр, хөрөнгө сан­хүү­гээ дээшлүүлэхгүйгээр
эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадахгүй.  Хөрөн­гөтэй,
боловсролтой байж гэмээнэ байгаль дэлхийгээ хам­гаалж чадна. Ядуу хүн
хэзээ  ч байгалиа хамгаалж чаддаггүй юм. Нэг бол бай­галиа сүйтгэнэ,
эсвэл байгалиа бусдад зарна.

-Хуулийг хэрэгжүүллээ гэ­хэд эдийн засгийн багагүй хохи­рол амсах прогноз хараг­­даад байгаа?

-Үнэн.
1700 гаруй аж ахуйн нэгжээс улсын төсөвт оруулж буй татвар байхгүй
болно гэсэн үг. Монголбанкид тушаадаг алт тушаалт багасах нь тодорхой.
Цаашлаад 1700 аж ахуйн нэгжид ажиллаж буй хүмүүсийн амьдрал  хэцүүднэ. 
Хэдэн компаниудын асуудал биш маш олон хүний амьдрал цаана нь байгаа
гэдгийг ойлгох ёстой.  Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих жил болгон зарласан. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүү­дийн үйл
ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь ху­раа­чих юм бол хөдөлмөр
эрх­лэлтийг дэмжих бус боо­милж буй л арга хэмжээ болно доо. Тэгэхээр
миний дээр хэлдэгчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориг­лох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ч юм уу ямар
нэгэн аргаар л эерэг шийдвэр гаргах ёстой.

-Магадгүй таныг
ийм зүйл ярихаар олон хүн энэ нэг нөхөр алтныхнаас багагүй юм авч дээ
гэж хар­дах байх даа. Эсвэл өөрөө алтны компанитай нөхөр байж таарах нь
гээд л?

-Би алтныхнаас нэг ч төг­рөг аваагүй. Надад алтны
компани  ч байхгүй. Хам­гийн гол нь хуульч хүн болохоор асуудалтай
хуулийг хэрэгжүүлж аж ахуйн нэгжүү­дийг, ажил алба хий­­гээд амьдралаа
залгуулж бай­гаа нөхдийг гудамжинд гаргаж болохгүй л гээд байгаа хэрэг.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж