Абегийн амжилт хэр удах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.24-нд нийтлэгдсэн

Абегийн амжилт хэр удах вэ?

Японы улстөрийн тавцанд дуулиан шуугиантайхан эргэн ирсэн Шинзо Абе болон түүний намын амжилт үргэлжилж байна. Тэд үндэсний парламентын сонгуульд ялалт байгуулж, Абеномиксийн бодлогыг хэрэгжүүлэх ажилдаа шуударлаа. Одоохондоо энэ намын засаг барьж байх хугацаанд ямар нэгэн сөрөг мэдээлэл эсвэл үйл явдал гарсангүй. Эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны сэргэлт, иений ханшны тогтвортой байдал зэрэг таатай мэдээллүүд чих баясгаж буй. Чухам энэ мэдээлэл хэдий болтол үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байна.

БАС ДАХИН ЯЛАЛТ

Японы парламентын дээд танхимын сонгуульд түүний тэргүүлдэг Либерал Ардчилсан нам дахин ялалт байгуулав. Нийтдээ 242 суудалтай дээд танхимын сонгуулийн 133 суудлыг Абегийн тэргүүлдэг нам авч чадлаа. Түүний хэлснээр Засгийн газрын бодлого илүү хурдан шуурхай хэрэгжих боломжоор хангагдлаа гэж ойлгож болно. Ард түмэн түүний намд хэрхэн хандаж байгааг өнгөрсөн сонгуулиас бэлхнээ харж болохоор байна. Энэ он гарснаас хойш Японы эдийн засгийн өсөлт алгуур ч гэсэн  дээшилж, жижиглэн худалдаа эрхлэгчид болоод жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин болж шинэчлэгдсэн. Мөнгөний ханшийн уналт саарч, хувьцааны индексүүд өсч байгаа. Мөн инфляци буурсан. Энэ мэтчилэн тэдэнд хаяглах сайн мэдээ олон бий.

“Ерөнхий сайдын тамга тэмдгээ хүлээж авснаас хойш ард түмэн бидний ажилд тун таатай хандаж байгаа. Энэ сонгуулиар ерөнхийдөө дүнгээ тавьчихсан. Одоо бидэнд өөр хийх ажил их бий. Ямар ч байсан одоогийнхоос дээрдүүлнэ гэдгээ амлая” гэж Японы ерөнхий сайд Шинзо Абе ярьжээ.

АБЕНОМИКС

Нээлттэй, олон тулгуурт эдийн засгийг цогцлоож, инфляцийг бууруулна. Жижиг, дунд үйлдвэрлэл, татварын хөнгөлөлтийг нэвтүүлнэ… Энэ бүх зүйлс бол Абеномикст орсон бодлогын “толгой”, өөрөөр хэлбэл гарчиг нь. Ямар ч байсан тэд эхний үр дүнгээ амсаад удаагүй. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх түүхий эд унаад, хөрөнгийн зах зээл савлаад эхэлбэл байдал эвгүйтэх нь ойлгомжтой. Хэдийгээр богино хугацаан дахь түүний засаглал сайн байгаа ч урт хугацаанд хэрхэх нь эргэлзээтэй асуудлын нэг. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хүн амийн цонх нь хамгийн их нээгдсэн улс нь Япон. Тэнд 65-85 насныхан 40-өөс илүү хувийг эзэлж байгаа нь татварын мөнгөний ихэнх нь тэтгэвэрт зарцуулагдах болоод байгаа юм. Тиймээс 2015 оноос эхлэн эдйин засаг нь ганхаж эхлэх аюултай. Хүн амын цонх хаагдахад дор хаяж 30 жил шаардлагатай гээд бодоод үзвэл Японыг тун тааруу ирээдүй хүлээж байгаа. Японы засгийн газар техник, технологийн салбарт зарцуулах мөнгөн дүнгээ багасгаж, батлан хамгаалах салбарын төсвийг нэмсэн. Учир нь өөрийнх нь харъяанд гэж мэтгэдэг хоёр арал нь хүнийх болоход тунчиг ойрхон ирээд байгаа билээ. Хэрвээ ямар нэгэн аргаар Өмнөд Солонгостой гэрээ байгуулж чадвал түүний нэрийг түүх мартахгүй байх боломжтой.

Абеномиксийг хэрэгжүүлэхийн тулд Стэнфорд болоод АНУ-ын томоохон сургуулиас эдийн засагчдыг урьж авчирсан байна. Баттай бус мэдээллээс харвал 15 гаруй хүнтэй эдийн засагчдын томоохон баг бүрдүүлж, сар бүр эдийн засгийн прогноз гаргаж байдаг аж. 2015 он хүртэлх эдийн засгийн суурь судалгааг Япон улс боловсруулаад удаагүй байгаа. Чухамдаа ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, залуучуудыг ажлын байранд хамруулах бодлого баримтлах юм байна. Мөн зарим нэг тэтгэврийн хөнгөлөлтийг хасч, хүн бүрт ижил хэмжээний мөнгө олгохоор болжээ. Хэдийгээр сөрөг хүчин үүнийг таашаахгүй байгаа ч хүн амын цонх нь цэлийтэл нээгдсэн энэ улсад үүнээс өөр зөв сонголт үгүй билээ.

ГАНЦХАН ЖИЛИЙН НАСТАЙ ЮУ?

Шинзо Абе 2006 оны есдүгээр сараас 2007 оны есдүгээр сар хүртэл яг нэг жилийн хугацаанд алба хашсан. Хашиж байх үедээ өөрийн шүтдэг Шинто урсгалын шашны баярт оролцсон нь шашны нөгөө урсгалынхны дургүйцлийг хүргэж шуугиан дэгдээж байлаа. Мөн түүний кабинетийн зарим сайд нар авилгын хэрэгт холбогдож, тухайн үедээ хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Тошикацү Мацуока амиа хорлож, түүний засаглал бүхэлдээ ганхаж байгааг илтгэсэн билээ. Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн иений ханш унаж эхэлсэн нь түүний засгийн газрын насыг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ.
 
Долоон жилийн өмнөхөөс одоо бол байдал тэс ондоо байна. Засгийн газрын хувьд хийгүй ажиллаж, унаад байсан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, цалин нэмэгдэж, инфляци буурсан. Иений ханш ч чангарч эхэлсэн. Ажилгүйдэл ч нэг хувиар буурчихаад байгаа. Гэхдээ хөндлөнгийн ямар нэгэн саад тотгор гарахгүй бол засаглалын нас нь ч хурдсах боломж бий гэдгийг сануулъя.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж