
“Муусайн баячууд”, “Бидний татварын мөнгөөр өдий зэрэгтэй болчихоод” гэх үгс нийтлэг болж, боломжийн амьдарч чадаагүйнхээ бурууг “хөрөнгөжсөн хүн бүр” хэмээн үр хүүхэддээ сургаж байна. Феодал гэх газрын эзэн, бусдын хөдөлмөрийг мөлжигч гэдэг утгыг илэрхийлдэг үе түүхэнд үлдэж хоцорсон ч энэ үгний утгыг илэрхийлэх ойлголт одоо ч байсаар. Хөрөнгөтэй баян хүнийг үзэн ядах сэтгэлгээ бат оршсон хэвээр. Өмнө нь задгайн хаягтай, нийгмээс тусгаарлагдсан гэр бүлийн нэгэн жаал хамгийн муу гэж боддог хүний тоонд “тог таслах гэж ирдэг байцаагч” болон “баян хүн”-ийг багтаасан. Ийнхүү нэгэн үе, нийгмийн томоохон масс “баячуудын үзэн ядагч” болон өсч байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийн мэдээлэл ордог цахим хуудасны дийлэнх зочид ч том машинтангуудыг илүүтэй шүүмжилнэ. Жаахан өндөрдүү машин унасан хүн дүрэм зөрчих, жижиг тэрэгтэй хүн дүрэм зөрчсөн адилхан тохиолдолд ч том машинтайг нь илүүтэй буруутган “ийм машин унахаараа дүрэм зөрчиж болно гэж бодов уу” гэж эхлээд үгний муугаар доромжилно.
Үнэхээр том машин унахаараа замын цагдаа бүхэн санаанд нь багтдаг, мөнгөтэй болохоороо бусдаас илүү үйлчилгээ авна гэж бардамнадаг, сөрсөн нэгнийг нь хоолноос чинь салгана, амьдралаар чинь наадна гэж даналздаг нь баячуудын дунд цөөнгүй. Гэвч тэр мэт хэсэг нөхдөөс ялгаатай хүмүүс олон бий. Газар зарж, улсаа худалдаж мөнгө олоогүй. Тендрээс мөнгө цохиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Худалдаж авсан машин нь авлига биш. Тархиа ажиллуулж, гараа хөдөлгөж байж олсон зүйл. Мөн үйлдвэрлэгч, бас хүмүүст үйлчилснийхээ төлөө мөнгө олдог. Улсаас халамж горьдож зүгээр суудаггүй. Харин татвар төлдөг. Хүүхдээ өндөр үнэтэй сургуульд явуулдаг ч зөвхөн толгойд нь ч биш сэтгэлд нь хөрөнгө оруулалт хийж, хүн шиг хүн байхыг сургадаг. Үнэн хэрэгтээ улс төрчид биш, өнөө муусайн тэд л улс орныг авч явдаг. Тэд л төсвийн орлогыг бүрдүүлж байдаг. Тэд л ажлын байр бий болгодог.
2001 оны есдүгээр сарын 11-ний дараа АНУ-д лалын шашинт хүн бүрийг алан хядагч гэж харж, хавчин гадуурхаж байсан нийгмийн үзэгдэл гарсан. Тэр үед “би исламын шашинтан. Гэвч би террорист биш” гэж олон хүн бухимдаж байсан гэдэг.
Яг түүн шиг хөрөнгөтэй болсных нь төлөө нэгнийгээ адлаж, ялгасаар. Угтаа бол “Би баян, гэхдээ луйварчин биш” гэж хэлэх хүмүүс ч бас бий шүү дээ.
Дараагийн дугаарт, “Би ядуу, гэхдээ залхуу биш” нийтлэлийг хүргэнэ.
Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №021