Тендэр явуулахаас илүү шууд гэрээ хийх нь тохиромжтой

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Тендэр явуулахаас илүү шууд гэрээ хийх нь тохиромжтой

-Хувийн байгууллагын зарласан тендер будилдаггүй бол төрийн байгууллагын тендерт будлиан гарлаа гээд маргаан үүсдэгийг юунаас болж байна гэж үзэж байна?

-Хувийн байгууллагаас зарлаж буй тендерийн онцлог нь үнэ нь чөлөөлөгдчихсөнд байдаг байх.  Жишээ нь МСS-ийн хөрөнгөөр баригдаж буй авто замын өртөг илүү өндөр байгаа.

Уг нь замын ажил гэдэг нь тооцож болохоор зүйл. Зардал мөнгө, байгууллагын ашиг гээд зүйлийг тооцож болно. Гэтэл тэр зардлаас хамаагүй бага үнийг оролцогч байгууллагууд санал гаргах нь ойлгомжгүй. Үүнийг тооцоод шууд гэрээ хийх нь магадгүй Монгол илүү тохирох байх.

-Тендерийн тухай хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа. Энэ хуулийн төсөлд анхаарах зүйл заалт байгаа юу?

-Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах тухай хууль. Миний хувьд энэ хуулийг 2005 онд шинэчлэн батлах ажлын хэсэгт оролцон тодорхой зүйл заалтыг тусгуулж байсан. Юуны өмнө өрсөлдөөнийг бодитой болгоход анхаарах хэрэгтэй. Би нэг зүйл дээр эргэлзээтэй л байна. Тендерийн хууль нь нэг талаасаа өндөр хөгжилтэй оронд тохируулсан хууль.

Дэд бүтцийн асуудлаа шийдсэнээс эхлээд  үндэсний компаниуд нь өрсөлдөх зохих түвшинд хүрчихсэн орнуудаас гаралтай. Үүнийг нь ерээд оны дундуур орчуулан буулгасан. Гэхдээ монголын нөхцөл байдлыг бодолцох хэрэгтэй. Монголд одоогоор үндэсний сүлжээ ч хөгжөөгүй байна. Үүнтэй холбоотойгоор өөр өнцгөөс харах шаардлагатай гэж бодоод байгаа юм.

-Тэгэхээр хуулийн төсөлд үзэл баримтлалын хувьд эргэн харах зүйл байгаа гэсэн үг үү?

-Өөрөөр хэлбэл тавигдаж буй зорилго нь үндэсний компаниудын хүчин чадлаас давчхаад байна. Мөн дэд бүтцийн салбарын үнэ бүрэн чөлөөлөгдөөгүй байна. Ийм нөхцөл байдалд өрсөлдөөн байж чадаж байгаа юм уу. Өрсөлдөөн л байхгүй бол тендерийн хууль худлаа болно шүү дээ.

Худлаа үнээр тендерт ялж, чанаргүй зүйл хийж байна. эсвэл нэг компани аваад өөр компаниар хийлгэдэг. Би өмнө нь тендерийн хуульд шууд гэрээний нөхцлийг оруулж байсан. Үүний үр дүнд ч нилээдгүй ажил хийгдсэн. Мэдээж үүнийг Засгийн газар хэрэгжүүлсэн л дээ.  Түүнчлэн олон улсын зээлээр хэрэгжиж буй төсөлд олон улсын түвшний шаардлагаа тавих нь зүйн хэрэг. Бид харин дотоодын хөрөнгийг үр ашигтай зарцуулах шийдвэрээ харин өөрсдөө л гаргах учиртай. Одоогийн хуулийн төслөөр шууд гэрээний заалтыг хасаж цэвэр өрсөлдөөнөөр ажил явахаар тусгаад байгаа.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж