“Их хурд-6” уралдаанаас

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

“Их хурд-6” уралдаанаас

Монголын хурдан морины олимп шигшмэл морьдын “Их хурд -6” уралдаан эртний нийслэл Хархорум хотноо /Харганатын хөтөлд/ боллоо. Бямба гарагт болсон зургаа дахь удаагийн “Их хурд” уралдаанд эх орны өнцөг булан бүрээс шилэгдмэл хүлгүүд ирж тоосоо өргөсөн юм. “Өмнөх уралдаануудаа бодвол харьцангуй цөөн морь уралдсан ч чанарын хувьд үнэхээр шигшмэл нь цугларсан” хэмээн зохион байгуулах хороон дарга, Тод манлай уяач Ц.Батсайхан онцолж байсан.

Улс халзан дахин шинэ амжилт тогтоолоо

Уралдааны өмнөх орой ирсэн зочдод хүндэтгэл үзүүлж, Харганатын хөтөлд баярын цэнгүүн зохион байгуулсан бөгөөд “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлаг, дуучин МУГЖ Г.Батбаяр нар ирж ая дуугаа өргөн, урлагаар цангасан хөдөөгийнхнийг умдаалсан нь олны талархлыг хүлээнэ билээ. Товлосон өдрийн өглөөний 08 цагаас азарга  гарааны зурхай руу хөдөлсөн. Шигшмэл морьдын Их хурд уралдаанд улс, бүсийн уралдаанд эхний есөд, аймгуудын баяр наадамд түрүүлж, айрагдсан морьд шандас шалган тоосоо өргөдөг уламжлалтай. “Их хурд-6” уралдааны азарганы ангилалд 57 хурдан хүлэг бүртгүүлж, 55  нь гарааны зурхай руу хөдөлж, 14 настай Т.Баярхүүгийн унасан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга гарсан цагаас өнгөлсөөр түрүү магнайгаар тодорсон. Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болоод буй /төрийнхөө наадамд гурван жил дараалан түрүүлсэн/ Улс халзан азарга ийнхүү  шигшмэл морьдын Их хурд уралдаанд түрүүлж, Ажнай шаргын /2004 оны/ амжилтыг  давтсан ч монгол адуу гэдгээрээ ялгарч буй юм. Халзан азарганы уяа сойлгыг Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулдагийг уншигчид мэдэх бизээ.

Харин аман хүзүүнд найман настай Б.Буяндэлгэр хүүгийн унаж хурдлуулсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сугарын хул азарга орлоо. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн хурдад түрүүлж байсан энэ хурдан буян АХ-ын 92 жилийн ойд таваар давхиж, давхар уяагаар ийнхүү морины олимпод аман хүзүүдлээ.

 Айргийн гуравт 13 настай Н.Буянтогтох хүүгийн унасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Б.Батбаярын Чавх хул азарга хурдаллаа. Хул азарга Орхон аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, шигшмэл морьдын Их хурд уралдаанд тоосоо өргөхөөр ирсэн нь энэ аж. Чавх хул Сүхбаатар аймгийн харьяат Ганбаатарын унаган адуу гэсэн.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Дамбын  Баяраагийн  хонгор азарга хурдалсан. Орон нутагтаа сайхан наадчихдаг хонгор азарга хязааландаа төрийнхөө их баяр наадамд наймаар давхиж байсан бөгөөд  Дорнод аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Г.Чадраагийн унаган адуу аж. Их хурдын өмнө улсын наадамд 40 гаргаж давхисан бөгөөд 15 настай Б.Зориг хүү унажээ.

Айргийн тавд мөн л хонгор нутгийн хүүгийн уясан хүлэг хурдалсан нь онцлох сэдвүүдийн нэг байлаа.  Бор азарга Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Д.Жаргалсайханы  адуу бөгөөд 13 настай А.Дэлгэрцог хүү унаж хурдлуулсан байна.

Азарганы уралдааны үеэр хоёр хүүхэд унасан ч азаар бэртэж гэмтсэнгүй. Азарганы уралдааны даамлаар ММСУХ-ны тэргүүлэгч, “Их хурд-4” уралдаанд Магнай халтар азаргаа түрүүлгэсэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул Ц.Баянжаргал ажилласан юм.


Даян түмний эхийн давтагдашгүй түрүү

Их насны морьдын уралдаанд 74 хурдан хүлэг бүртгүүлж товлосон ёсоор  12 цаг хагаст гарааны зурхай хөдөлсөн. Морьд эргэсэн цагаас Ховд аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ерөөлтийн зээрд халзан морь өнгөлсөөр барианы зурхайд Даян түмний эх хүрэн халзан моринд дайруулж аман хүзүүдсэн бол, замын дунд хүртэл эхний 40 адуунд байгаагүй хүрэн морь гайхамшигт уралдааныг  үзүүлж, бишрэм амжилтын эзэн болж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Морины их олимп “Их хурд-6” уралдааныг 10 настай Г.Сүхбат хүүгийн унаж хурдлуулсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Даян түмний эх хүрэн морь өнгөллөө. Итгэхийн аргагүй амжилт үзүүлж, энэ цагийн эгэлгүй хурдан буян гэдгээ дахин дахин баталж буй хүрэн морь үзэгч олныг огшоож чадсан юм. Хүрэн морины энэ гайхамшигт агшин Монголын хурдан морины түүхэн дэх мартагдашгүй агшнуудын нэг байх бизээ.

Аман хүзүүнд гарсан цагаас өнгөлсөн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Ерөөлтийн зээрд халзан морь хурдалсан. Гурван бүсийн наадамд түрүүлж, төрийнхөө их баяр наадамд айргийн гуравт хурдалсан энэ цуут хүлгийг есөн настай М.Улсболд хүү унаж хурдлуулдаг билээ.

Адуу нь хонгор, амраг нь хонгор нутгийн хийморилог хөвгүүд шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанаас гурван айраг хүртснийг энд зориуд дурдах нь зүйтэй байх. Ийнхүү Баянхонгорчууд морины олимпийг амжилтаараа магнайллаа. Их насны морьдын айргийн гуравт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Ц.Энхтайваны хонгор халзан хурдалсан. 11 настай О.Аравнайсүрэн хүүгийн унаж хурдлуулсан хонгор халзан морь Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Баатарын Буян-Оршихын адуу бөгөөд хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан билээ.

Айргийн дөрөвт 10 настай Ц.Мөнхзул хүүгийн унаж хурдлуулсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Б.Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдаллаа. Халзан морь Сэлэнгэ аймгийн Найрамдлын сангийн аж ахуйн Батжаргалын унаган адуу бөгөөд төрийнхөө их баяр наадамд айргийн тавд хурдалсаныг уншигчид санаж буй бизээ.

Айргийн тавд Д.Мөнхбат Тод манлайн уяа сойлгыг нь тааруулсан  Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Бат-Энхийн хүрэн морь хурдалсан.

Шигшмэл морьдын уралдаанд түрүүлж айрагдсан хүлгэдийг:

Түрүү-Тоуото Ланд-200 машин
Аман хүзүү– 20 сая
Айргийн гурав-16 сая
Айргийн дөрөв-14 сая
Айргийн тав
– 10 сая төгрөгөөр тус тус мялаасан бол УИХ-ын дарга З.Энхболд айргийн морьдын унаач хүүхдүүдийн  бэлгийг гардуулсан юм. Түүнчлэн энэ удаагийн “Их хурд-6” уралдааны өөр нэгэн онцлог нь олсноо олонтойгоо хуваадаг дээдсийн жишгээр түрүү айргийн морьдын эзэд өөрсдийн шагналаас хишиг хүртээн таван айлыг өргөө цагаан гэртэй болгосон явдал байлаа. Уралдааны үеийн сонин сайхнаас бид цувралаар хүргэх болно.

А.ТЭЛМЭН

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж