
ХҮСНЭГТ НЭГ. “Өөрийн мөнгийг өөртөө зарцуулах”. Энэ тохиолдолд бид аль болох хямд хирнээ чанартай бараа, үйлчилгээ авахыг эрмэлздэг.
ХҮСНЭГТ ХОЁР. “Бусдын мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулах”. Энэ тохиолдолд мөнгийг өөрийн төлөө зарцуулж буй учраас чанар үндсэн хэмжүүр болно. Үүний эсрэгээр үнэ /бусдын халааснаас гарах учраас/ ач холбогдолгүй байдаг. Жишээ нь бусдаар дайлуулах, даалгах явдал энэ тохиолдлын үндсэн шинжийг агуулна.
ХҮСНЭГТ ГУРАВ. “Өөрийн мөнгийг бусдын төлөө зарцуулах”. Баян хирнээ хүн чанартай нэгэн буяны үйлд зарцуулж байгаа, эсвэл ойр дотны хүнийхээ төлөө л биш бол өөрийн мөнгийг бусдын төлөө зарцуулахыг хэн ч хүсдэггүй. Энд хоёрдугаар хүснэгтийн эсрэгээр чанар чухал биш болж, үнэ гол хэмжүүр болдог.
ХҮСНЭГТ ГУРАВ. “Бусдын мөнгийг бусдын төлөө зарцуулах”. Нэгэнт өөрт хүртээлгүй энэ тохиолдолд үнэ, чанарын аль аль нь чухал биш байдаг. Ихэвчлэн улс орны хэмжээнд мөнгийг захиран зарцуулах эрх бүхий институтуудын үйл ажиллагаа энэ хэсэгт хамаардаг. Энэ хэсгийг огт үгүй хийх боломжгүй ч ядаж л байж болох хамгийн бага түвшинд байлгах нь чухал юм.
Бусдын мөнгийг бусдын төлөө зарцуулах ажиллагааг хэрхэн хуульчилсан хуулийг бид “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” энгийн яриандаа “тендерийн хууль” хэмээдэг.
Монгол улс 2000 оноос хойш төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тендерийн жишиг баримт бичгүүдийг хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нь тендер шалгаруулалтад ирүүлсэн саналуудаас “хамгийн сайн” гэж үнэлэгдэх саналыг сонгон гэрээ байгуулснаар тухайн хүссэн зүйлээ үр ашигтай, хэмнэлттэй худалдан авахад чиглэгдсэн байдаг.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ширээн дээр өнгөрөгч оны аравдугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нар тавьсан юм.
Уг хууль нь 2005 онд батлагдан хэрэгжиж байгаа боловч аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын чанар, стандарт, хугацаа, ажиллах хүчний чадавх зэрэг олон зүйлд тухайн орон нутгийн иргэд өөрсдөө хяналт тавьж чадахгүй байгаагаас төсвийн хөрөнгөөр чанаргүй барилгууд баригдаж, тухайн орон нутгийн эрх ашиг хохирсоор байв. Түүнчлэн барилгын компаниуд шаардлага хангахгүй хямд материалаар барилгын ажлыг гүйцэтгэж байгаагийн дээр хүлээлгэж өгсний дараах баталгаат засвар үйлчилгээг хийхгүй орхих, эдэлгээний явцад эвдрэл их гарч, түүнийг нь дахин засварлах зэргээр төсвийн үргүй зардал нэмэгдсээр байлаа.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол санаа нь орон нутгийнхан буюу хэрэглэгчдийг хэнээр сонголтоо хийлгэхээр шийдэхэд оролцдог байлгахаар зохицуулсанд байв.
Ийнхүү хуулийн төсөл хууль тогтоогчдын ширээ дамжин, хэлэлцүүлгүүдээр орон замдаа хувирч өөрчлөгдсөөр байв. Ийнхүү явсны үр дүнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн баталсан энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хуулийн төслийн жагсаалтын долдугаарт жагсаж чадав. Энэ долоо хоногийн эхэнд Байнгын хорооны нээлттэй сонсголоор ороод шүүсээ шахуулаад ч амжив. Хэлэлцүүлгийн үеэр “үнэ цэнэ” гэх зүйлийг тогтоох зэрэг чухал саналууд гарсан. Жишээ нь, хэрэв 10 сая төгрөгийн үнэтэй, нэг километрт 10 литр шатахуун хэрэглэдэг машин, 9 сая төгрөгийн үнэтэй нэг километрт 15 литр шатахуун хэрэглэдэг машиныг төрийн байгууллага тендерийн хуулийн дагуу худалдан авах болбол “хамгийн бага үнэ” санал болгосноороо 9 сая төгрөгийн машиныг авах аж. Гэвч машины хэрэглээг тооцож үзвэл 10 сая төгрөгийн машин нь хэсэг хугацааны дараа илүү ашигтай байж таарна. Үүнийг л “үнэ цэнэ” гэнэ.
Түүнчлэн үндэсний компаниудыг дэмжих зорилгоор гадныхныг оролцох боломжийг хязгаарласан нь тийм ч тохиромжтой арга биш гэнэ. Хуулиар нэг сая төгрөгөөс дооших бараа, үйлчилгээний өрсөлдөөнд гадны компанийг оролцохыг хориглосон байсан бол шинэчлэлтээр нь 10 сая төгрөг болж өсжээ.
Хятадуудад ч хэдэн жилийн өмнө яг бидэнтэй адил сонголт хийх үе иржээ. Улсын нилээд өргөн цар хүрээтэй ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Дотоодын үндэсний компаниудаа дэмжин туршлагатай японы компаниудыг өрсөлдөөнд оролцуулах боломж олгохгүй байх санал ч гарч байж. Гэвч хятадууд тендерээ нээлттэй байлгахаар шийдэж. Мэдээж тухайн тендерт японы компани ялж том ажлыг гүйцэтгэсэн байна. Харин өрсөлдөөнд ялагдсан үндэсний компаниуд заргалдаж гүйлгүй суралцаж эхлэв. Ялсан японы компанийн тендерт ирүүлсэн материалыг хэрхэн боловсруулснаас эхлээд, гүйцэтгэх ажлыг хэрхэн гүйцэтгэж байгааг үе шат бүрт нь судалж, суралцжээ. Үлгэр мэт сонсогдох ч энэ ялагдлаас хойш хятадын үндэсний компаниуд гадныханд нэг ч тендер дахиж алдаагүй гэнэ. Гэвч эдгээр саналыг хүлээн зөвшөөрч батлахыг гагцхүү гишүүд л шийдэх юм.