
Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн “Гетафе” баг гадны эзэдтэй болсон тус лигийн гурав дахь баг боллоо. Товчхондоо, Дубайн “Royal Emirates” групп “Гетафе”-г өөрийн мэдэлд оруулсан байна. Өнгөрсөн хугацаанд Испанийн Примера лигийн “Малага” болон “Расинг Сантандер” багууд гадаад эзэнтэй болж байсан бол энэ удаад Мадрид хотын баг тэдний “эгнээнд элсч байна.” Шейх Бутти Бин Сухайл Аль Мактумаар удирдуулсан “Royal Emirates” групп нь газрын тос, хий, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, эрүүл мэнд, ус цэвэршүүлэх, үл хөдлөх хөрөнгө, барилга гээд бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй компанийг нэгтгэсэн агуу том эзэнт гүрэн. Тэд Испанийн багийг өөрийн болгохын тулд 70-90 сая евро буюу 101-131 сая ам.доллар зарцуулсан гэгдэж байна. Нэгэнт худалдаад авчихсан учир багийн нэрийг “Getafe CF Team Dubai” болгон өөрчилжээ.
Өчигдөр Дубайн Бурж аль Араб зочид буудалд хүндэтгэлийн арга хэмжээ болж, “Гетафе” багийн өмнөх эзэн бөгөөд ерөнхийлөгч Дон Анхель Торрес Санчез албан ёсоор ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тус арга хэмжээнд мөн ахлагч Ману дел Морал оролцжээ.
Анх 1946 онд байгуулагдаж, 1983 онд дахин шинэчлэгдсэн “Гетафе” баг 2004-05 оны улирлаас эхлэн Испанийн топ дивизонд хүч сорьж байгаа. Тэд энэ улирлын эхлэлээ хүчтэй тавьсан ч яваандаа амжилт нь буурч, өдгөө улирал өндөрлөхөд зургаан тоглолт дутуу байхад хүснэгтийн 14 дүгээр байрт бичигдээд байгаа юм.
С.Цэлмэг