Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 16 удаа хуралдаж давхардсан тоогоор 44 асуудал хэлэлцсэнээс 27 хуулийн төсөл, үлдсэн нь УИХ-ын бусад шийдвэрийн төслүүд байсан тухай тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд ажлаа тайлагнах үеэр онцоллоо.

Төсвийн байнгын хороотой холбогдох УИХ-аар баталсан хуулиудын тухайд тодруулахад, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөлөл багтаж байна. Түүнд ирэх онд ДНБ-ний бодит өсөлтийг 14.7 хувьд хүргэж хэрэглээний үнийн индексийн дундаж төвшин зургаан хувьд барихаар заажээ. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7270.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 35 хувь, улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7686.3 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ний 37 хувь хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч ДНБ-ний хоёр хувь хүрэх зорилтыг тодорхойлсон байна. Ирэх онд улсын нэгдсэн төсвөөр 2299.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж улсын нийт өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 8314.0 тэрбум төгрөгөөр байхаар баталжээ. Мөн хаврын чуулганы хугацаанд багтаж татвартай холбоотой хэд, хэдэн хуулийн төсөл батлагдсан юм. Үүний нэг нь Мод, модон материалыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэхдээ модон барилгын угсармал хийц болон тууш чиглэлийн нимгэн давхаргатай ОСБ хавтанг импортлоход Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчилаад байгаа юм. Ойн нөөц багатай Монгол орны хувьд нэгдүгээрт, ой модоо хамгаалах, хоёрдугаарт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхэд мод, модон материал хамгийн ихээр шаардаж байгаа тул энэ бүхний хэрэглээг хангахад дээрх хуулийн зорилго оршжээ. 

Мөн газрын тосны бүтээгдэхүүн болох авто бензин, дизель болон шатамхай хийг газрын тос, нүүрс болон занараас гаргаж авахтай холбоотой газрын тосны үйлдвэр байгуулахаар гадаадаас импортлох технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон НӨАТ-аас өнгөрсөн зургадугаар сарын 7-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр хуульчлагдсан байна. Түүнчлэн татвартай холбоотой хэд, хэдэн дагалдах хуулийн төслүүд мөн УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлагджээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж