
Тавантолгойгоос Гашуун сухайтын боомт хүртэлх 250 гаруй километрийн газар нутагт хүн болоод байгаль ямаршуухан болоод байгаа талаар зураглаж үзүүлэхийг зорилоо. Сүүлийн зургаан жилд 78 аж ахуйн нэгжийн 4000 гаруй хүнд даацын автомашин Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдын нутгийг аалзны шүлс адил сүлжилдсэн олон салаа замаар өдөр шөнөгүй тоос татуулан давхина. Энэхүү тоос шороо газрын хөрсийг гүн өвчлүүлжээ. Өдөрт тогтмол 300 гаруй машины дугуйг хөрс шороо тэсэхээ байхдаа цөмөрч, түүнээс болж осол аваар гарах нь их болжээ. Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх өнөөх замын хажууханд байх гүний худгаас хүмүүс уух усаа авч, хэрэглээгээ хангадаг. Тэд бүгдээрээ өглөөнөөс оройг хүртэл байнгын маск зүүж, малгай өмсөөстэй. 20 литрийн саваар ус авах хооронд л усанд нь “замын нэмэгдэл” тоос тоосонцор өнгөгүй усыг сааралтуулж дөнгөнө. Яг ийм усыг сүүлийн гурван жилд ууж байгаа гэдгээ нутгийн иргэд нуусангүй. Уухгүй гээд яах билээ, хатаж үхэлтэй нь биш. Зам дагасан жолооч нарт үйлчилдэг гэр гуанзаас өөр тэнд торойж харагдах хүн амьтан алга.Зам дагасан өтгөн тоос манан, дуу чимээнээс дайжсан иргэд мал ахуйтайгаа Дорноговь, Дундговийн чиглэлд нүүдэллэсээр байгаа гэнэ. Баян-Овоо сумын нэгэн малчны нядалсан малын дотор эрхтэн цоохортож, ходоод нь элсээр дүүрсэн гэх яриа амнаас ам дамжин яригдах юм билээ. Ийм байхад амьдрахын тулд дайжихаас өөр яалтай вэ. 2000 оноос өмнө энэ нутагт 20 гаруй айл, хөршөөрөө өвөлждөг байсан чулуун өвөлжөөнүүд өдгөө хадан цуурайнаас өөр чимээ аниргүй дүнхийнэ. Хүн, амьтны бараа харагдахгүй, гамшигт өртсөн байгаль ганцаар уйлан хоцрох шиг. Коксжсон чанартай нүүрсээ өмнөд хөрш рүү хүнд даацын машинаар тээвэрлэж орчноо улаан зулга болгож, хүн амьтнаа дайжуулснаас гадна чанаргүй нүүрсээр уул овоо босгочихсон байх юм. Түүнээс нь өдөржин утаа уугина. Ил гарч, наранд халснаар шатаж байгаа нь тэр.
Нийслэлийн гэр хороолол, цахилгаан станцуудын хэрэглэдэг нүүрс тэнд хог болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хятадууд манай Тавантолгойн өрмийг нь аваад, хусмыг нь голж байгаатай адил орхиж. Түүнээс цааш Гашуунсухайтын хилийн боомтоос 10 километрийн зайд Цагаан хад хэмээх газарт нүүрс ачиж, буулгах талбайг хятадын нэгэн тосгон, суурин гэж андуурмаар. Хаа сайгүй хятад хаягтай гэр, байшингууд. Хятад эзэнтэй компанийн жолоочид халуун, хүйтэн ус, тог цахилгаан нь шийдэгдсэн байранд тухалж байхад, монгол жолооч нар лааны гэрэлд урц майхан, хэдэн эсгий гэрт литр усаа 30 төгрөгөөр худалдаж авч байх юм. Нөгөө талаар хятад жолооч нар манай улсын хилээс дотогш 200 километрт зорчих эрхтэй байдаг бол монгол жолооч өмнөд хөршийн хилийг 10 км-ээс цааш давах эрхгүй байдаг гэнэ. Түүнээс болоод монгол жолооч нар нэг удаагийн рейсийг 1000 юань, хятад жолооч нар 3500 юаниар тээвэрлэдэг үнэ ханш энд тогтжээ. Мөн энэ талбайд хоол хийж амь, амьжиргаагаа залгуулдаг хэдэн өрх айл байнгын айдас, түгшүүр дунд хоног төөрүүлнэ. Учир нь, 100-170 саяар газрыг чинь худалдаад авсан, нүү гэж хятад нөхөр хөөсөн тохиолдол нэг биш удаа давтагдаж байж. Тйимээс нэг л өглөө нутагтаа байж, харийнханд хөөгдөх вий гэсэн айдаст автан сууж буй аж. Энэ нутгийн дүр зураг элдэв хачиргүй ийм л байна.
Баялагтай байсны хатуухан “шийтгэл” ч гэмээр. Тоосжилтоос үүдсэн амьсгалын замын өвчнөөр энэ нутгийнхнын олонх нь өвчилсөн тоон судалгаа бий. Үнэндээ Монгол улсад дээд тал нь 44 тоннын даацтай машин явах стандарт л байдаг. Өнөөдөр түүнээс 2,5 дахин давсан 100 тоннын даацтай машинаар нүүрс тээвэрлэж байгаагаас байгаль орчин сүйрсэн гэх мэтээр байгаль орчин, мэргэжлийн хяналтын холбогдох мэргэжилтнүүд ам уралдан ярьцгааж байх юм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил бурууг бусдаас хайж байхаар хүнд даацын тээвэр хийх зориулалт бүхий замын стандартаа эртнээс боловсруулаад, дээрх аж ахуйн нэгжүүдээсээ шаардаад сууж байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй л байхсан. Стандарт нь байхгүй юм чинь яаж ч тонгочсон тэдний л дур шүү дээ. Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл “Энержи ресурс” засмал зам барьж байгаа гэх. Энэ зам ашиглалтанд орсон ч Тавантолгойгоос жилд гарч байгаа 10 сая тонн нүүрс тээвэрлэхэд тэсч үлдэх үү гэдэг эргэлзээтэй талаар зарим мэргэжилтэн хэлж байна. Тэгээд ч ирэх жилүүдээс том Тавантолгой ашиглалтанд ороход бас л замын асуудал үүснэ. Түүнээс урьдчилан сэргийлэхгүй бол гал юүлж, гал гарна хэмээн зурхайчид айлдсаныг сануулах юун.