
Зам тээврийн салбарт өнгөрөгч долоо хоногийн байдлаар 691 хүн, 296 машин техник ажиллаж нийтдээ 65 км замын ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын тухайд Хөвсгөл аймгийн замын ажил 15 хувь, Дорноговь, Өмнөговь аймгийн төвийг холбох ажил 23 хувь, Дорноговь аймгийн төв болон Замын-Үүдийг нийслэлтэй холбох ажил 69 хувь, Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 97 хувьтай байгаа аж.
Түүнчлэн Налайх, Цонжинболдог руу явах зам засварын ажлыг дуусгаснаар энэ чиглэлийн замын хүндрэл бүрэн арилсан гэв.
Барилга, хот байгуулалтын яамнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгааг дуулгалаа. Хөтөлбөрийн дагуу энэ онд нийт 56 ажил гүйцэтгэхээс 12 ажлын тендерийг шалгаруулж, гэрээ хийсэн, 16 ажил гэрээ байгуулах, хоёр ажил техникийн зураг төсөл боловсруулах шатандаа байгаа бол 26 ажил Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байгаа аж.
“Чингис бонд”-оос 170 сая ам.долларыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар баталсан. Гэтэл төслийн нэгж байгуулснаас өөр ахицгүй байна гэдгийг Шадар сайд шүүмжилж байв. Харин нийслэлийн хувьд хотын төвийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлаас зургаа нь дууссан, одоо таван уулзварын ажил ид өрнөж байгаа, удахгүй дахиад таван уулзварын ажил эхэлнэ гэдгийг онцолсон юм. Түүнчлэн, үлдсэнийг нь ирэх есдүгээр сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дуулгалаа.