М.Чимэддорж: Найман хувийн хүүтэй зээл арай л эртэдчихлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

М.Чимэддорж: Найман хувийн хүүтэй зээл арай л эртэдчихлээ

-Арилжааны банкуудаас олгож байгаа найман хувийн хүүтэй зээлийн зөрүүг нь Засгийн газар дааж байгаа-

Сонгуулийн дүн, наадмын тухай хачираас илүү иргэдийн хувьд энэ зуны хамгийн их сонирхол татсан сэдэв нь жилийн найман хувийн хүүтэй зээл болчихоод байна. Тиймээс жилийн найман хувийн хүүтэй зээлийн эргэн тойронд болж байгаа асуудал болон, Монголын эдийн засагт Хятадын эдийн засгийн саармагжилт хэрхэн нөлөөлж байгаа талаар эдийн засагч М.Чимиддоржтой ярилцсан юм. 

-Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй зээл гаргаад байгаа. Энэ зээлийн гол зорилго нь нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг багасгах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэгдэж байгаа гэж ойлгож байна.  Гэхдээ зээлийн байдлыг ажиглахад ерөнхийдөө зорилтот төвшнийхөндөө хүрэхгүй байна уу гэж харагдаж байгаа?

-Монголын Улсын Засгийн газраас гаргасан жилийн найман хувийн хүүтэй зээлийн зорилго нь бол үнэхээр зөв. Үүнийг нь сүүлийн үед арилжааны банкуудаас олгосон зээлийн хэмжээ эрс өссөнөөс харж болно л доо . Гэхдээ  энэ зээлийг дагаад эдийн засагт ч сөрөг үзэгдлүүд гарах болсон. Орон сууцны үнэ багагүй өсч, үнийн хөөрөгдөл бий болж байна. Өмнө нь зургаан хувийн хүүтэй зээл гарахад байрны үнэ яаж өслөө. Яг түүн шиг өнөөдөр орон сууцны салбарт үнийг хөөрөгдөл бий болчихоод байгаа. Энэ нь яг юунаас болсон бэ гэвэл нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэж чадахгүй байгаатай холбоотой юм. Орон сууцны нийлүүлэлт бага, эрэлт их байна. Найман хувийн хүүтэй зээлийг гаргахын тулд эдийн засгийн тооцоо судалгааг сайн хийх ёстой байсан. Бодлого зөв тодорхойлох ёстой байсан.

-Найман хувийн хүүтэй зээлийг ямархуу нөхцөлтэйгөөр гаргасан бол илүү үр дүнтэй, эдийн засагт ач холбогдолтой байх байсан бэ. Зарим хүмүүс энэ зээлийг ашиг хонжоо болгон харж байна. Гэтэл нэг хэсэг хүмүүсийн орон сууцтай болох мөрөөдөл үнийн өсөлтөөс болж улам л замхарч байх шиг. Үнэндээ бага, дунд орлоготой, орон сууцгүй хүмүүст энэ зээлийг зориулж гаргасан уу гэдэг нь иргэдэд эргэлзээ төрүүлж байх шигээ?

-Эдийн засагч хүний нүдээр харахад өнөөдрийн үнийн өсөлтийг бий болгоод байгаа найман хувийн хүүтэй зээлийг гарахаас өмнө эрэлтийг нь хангаж чадах нийлүүлэлтийг бий болгох ёстой байсан. Миний ажиглаж байгаагаар энэ үнийн өсөлт нэг хоёр жилийн дотор буурч чадахгүй. Яагаад гэвэл өнөөдөр Монголд орон сууцны эрэлт маш их байна. Үүнийг хангах нийлүүлэлт нь маш бага. Гэтэл үүн дээр нэмээд найман хувийн хүүтэй зээл гаргачихаар эрэлт нь бүр нэмэгдээд үнэ нь тэнгэрт хадчихаад байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл найман хувийн хүүтэй зээл гарах нөхцөл бүрдээгүй байхад арай л эрт шийдвэр гаргачихав уу гэж дүгнэж  сууна. Эхлээд материал үйлдвэрлэдэг үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ дэмжих ёстой байсан. Дараа нь нийлүүлэлтээ, тэгээд эрэлтээ дэмжсэн бол хүссэн хүсээгүй зах зээлийнхээ зарчимаар үнэ нь буураад явах байлаа.

-Найман хувийн хүүтэй зээл нэгэнтээ гарчихлаа. Одоо больё, буцья гэж ухрах эрх Засгийн газарт байхгүй болсон. Харин одоо яаж нийлүүлэлтээ дэмжих вэ. Яаж энэ эрэлтийг хурдан хугацаанд хангаж чадах вэ гэдэг л арга хэмжээ авах нь чухал байх. Таныхаар Засгийн газар нийлүүлэлтийг дэмжих талаар яавал дээр вэ?

-Би бол улстөрч биш. Эдийн засагч хүн. Эдийн засгаа бодвол нийлүүлэлтийг дэмжих хамгийн яаралтай гарц газраа хурдан чөлөөлөх. Гэр хорооллын газрыг яаралтай чөлөөлж, ирэх хавар гэхэд барилгын компаниуд ажлаа эхлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Монголд цаг агаарын байдлаас болоод жилийн хоёрхон улиралд нь бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Үүнийг бодолцож одооноос газар чөлөөлөх ажлыг л яаравчлах ёстой болов уу. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол орон сууцны салбарт үүсээд байгаа үнийн хөөс улам л томорно. Юун зорилтот төвшнийхнийг орон сууцтай болгох вэ, бүр санхүүгийн бүр аюултай байдалд орж болзошгүй. Яагаад гэвэл найман хувийн хүүтэй зээлийг дагаад эрэлт өсч байгаа. Эрэлтийг хангахын тулд нийлүүлэлтийн ажил өрнөнө. Энд тэндгүй барилгын ажил өрнөөд эхэлбэл ихэнх материалаа гадаадаа авдаг манайх шиг оронд материалын хомсдол үүсч магадгүй. Тэгвэл иргэд орон сууцаар хангах Засгийн газрын бодлого талаар өнгөрөхгүй гэх аргагүй юм. 

-Ерөнхийдөө найман хувийн хүүтэй зээл түрүүлж байртай болсон хүмүүст л хожил авчирсан, үл хөдлөх хөрөнгийн наймаагаар гаршсан хүмүүст ашиг авчирсан зүйл болоод өнгөрч магадгүй юм биш үү. Хүмүүс найман хувийн хүүтэй зээл цаашдаа зургаан хувийн хүүтэй зээл шиг санхүүгийн байдлаас болоод таг гацчих вий гэж эмзэглэж байгаа?

-Урт хугацааны хувьд энэ төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг бодлого тодорхойлох ёстой. Гэр хороолын газрыг яаралтай чөлөөлөх шаардлагатай. Орон сууцны төслөө цаашдаа хаанаас санхүүжүүлэх ёстой вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.  Арилжааны банкуудаас олгож байгаа найман хувийн хүүтэй зээлийн зөрүүг нь Засгийн газар дааж байгаа. Тэр зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөөд яваад байх юм бол эдийн засагт асар их эрсдэл нүүрлэнэ. Орон сууцжуулах ажлыг ОССК-д даатгаад Үнэт цаасны хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох замаар бага хүүтэй, урт хугацааны зээлийг иргэддээ олгох нь санхүүгийн хувьд эрсдэл багатай л даа. Татвар төлөгчдийн мөнгөөр эсвэл Чингэс бондоорч юм уу арилжааны банкны зөрүүг хэр удаан төлөх вэ. Төр өөр дээрээ их хэмжээний эрсдэл үүрэх нь буруу л даа. Жилийн инфляци 10 хувьтай явж байхад найман хувийн хүүтэй зээл гаргана гэдэг маш их эрсдэл үүрч байгаа юм шүү дээ. За, тэгээд үнэ юунаас бол хөөрөгдөв, найман хувийн зээл зорилтот төвшнийхөндөө хүрч чадаж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Миний сонссоноор бол найман хувийн хүүтэй зээлээр ашиг олох, мөнгөтэй хүмүүс худалдаж аваад түрээслэх, нэг хүн гэхэд нэр дээрээ гурав дөрвөн байр авч байгаа дуулдсан. Уг нь орон сууцны хөтөлбөрийн гол зорилго нь байр орон сууцгүй хүмүүст боломж олгоход л чиглэгдэх ёстой юм. Арилжааны банкууд ч нэг, хоёр удаа байрны зээл авсан хүмүүст дахиж найман хувийн хүүтэй зээл олгохгүй талаас анхаарах хэрэгтэй. Өнөөдөр найман хувийн хүүтэй зээл орон сууцны наймаа эрхлэдэг хүмүүст боломж олгож байгааг бас хэлэх хэрэгтэй. Тэд барилгын компаниудаас найман хувийн хүүтэй зээлээр хэд хэдэн байр аваад эргүүлээд өндөр үнээр зарж байна. Энэ нь эргээд орон сууцны үнийг хөөрөгдөх шалтгаан болчихоод байгаа юм.  Эдийн засаг бол хүлээлтэн дээр тулгуурлагддаг. Барилгын салбарт үнэ буурна гэдэг хүлээлтийг нийгэмд бий болгож чадвал орон сууцны салбар үүсээд байгаа үнийн хөөрөгдлийг бууруулж болно.

-Яаж хүлээлт бий болгож, орон сууцны үнийг бууруулах гэж.?

-Нэгдүгээрт, нийлүүлэлтийг маш хурдан хугацаанд нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн найман хувийн зээлийг бага, дунд орлоготой иргэдэд хүргэхийн тулд хяналт тавих хэрэгтэй. Дотоодод үйлдвэрлэдэг цемент арматурийн нийлүүлэлт, түүхий эдийн үйлдвэрлэлийг өсгөх шаардлагатай. Ер ньулстөрөөс хамааралтай гарсан эдийн засгийн шийдвэр бүхэн өөрөө их эрсдэл дагуулдаг. Өмнөх зургаан хувийн хүүтэй зээлийг харсан ч яг адилхан.

-Эдийн засгийн эрсдэл дагуулж магадгүй гэлээ. Ер нь эдийн засагт хүндрэл үүсч магадгүй гэсэн болгоомжлол өнгөрсөн жилээс л эхэлсэн. Одоо ч үргэлжилсээр байна?

-Монголын эдийн засаг эрдэс баялгийнхаа экспортоос бүрэн хамааралтай. Өнөөдөр нүүрс, зэсний үнэ уналттай байгаа. Төсвийн тогтвортой байдлын санд байгаа хуримтлал эрдэс баялгийн үнийг тогтвортой болтол нь эдийн засагт хөрөнгө оруулалт болж чадахгүй. Тэгэхээр төсөвөө маш сайн төлөвлөх хэрэгтэй. Одоохондоо бол Чингэс бондын мөнгө эдийн засгийг тогтвортой байхад нөлөөлж байна. Энэ бондын мөнгө дуусвал яах вэ гэдэг асуудал байна. Гэтэл манай эдийн засаг санхүүгийн 50-аас илүү хувьд нь төрөөс хамааралтай болчихлоо. Эдийн засагт эзлэх хувийн хэвшлийнхний жин жилээс жилд багасч байна. Тэгэхээр төрийн бодлого зөв байлаа ч буруу байлаа ч эдийн засагт эзлэх  жин нь бага харин хувийн хэвшлийнхний жин их байж эдийн засаг өөрөө эрсдэл багатай, найдвартай байдаг юм.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж