
“Төв хороонд миний байхгүй байгаа тухайд”
Мягмар гаригийн Кубын хэвлэлд Раулийн ах Фиделийн “Төв хороонд миний байхгүй байгаа тухайд” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Алдар цуутай хувьсгалч 2006 онд өвчин нь эхэлсэн үеийн тухай (Кастро бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн юм), мөн нам төрийн дээд тушаалаа өгсөн талаар өгүүлсэн байлаа.
“Энэ бол миний үүрэг байсан юм. Би хормын төдий ч эргэлзэж байгаагүй. Миний биеийн байдал хүнд байгааг ойлгож байсан. Гэхдээ тайван байж чадсан. Хувьсгал урагшилсаар байлаа. Зөвлөлт задарч, социализм нурсан түүхээс хойшхи хамгийн ээдрээтэй асуудал энэ биш” гэж Кубын хувьсгалын лидер өгүүлжээ.
Хувьсгалын лидер засаглал ээлж халаатай гэдгийг нэг бус удаа бодож байсан гэнэ. Нэн ялангуяа бусад орнуудын гашуун туршлага түүнийг ийн бодоход хүргэж байжээ. “Хувьсгалын анхны жилээс өдөр бүр мэдээллийн агентлагийн мэдээ авч дасаад манай дэлхийд өрнөж байгаа үйл явдал, нам болон хүмүүсийн ололт дутагдлын талаар мэддэг болсон юм. Ийм жишээ сүүлийн 50 жилд их байгаа” гэж Кастро өөрийн санаа бодлыг уншигч нартай хуваалцжээ. “Өөрийн авьяас, зүтгэлээр гялалзаж байсан хувьсгалч лидерүүдийн алдаа дутагдал байгаагүй бол өнөөгийн ертөнц огт өөр байх байлаа гэдэгт би итгэдэг. Ирээдүй өөр байх болно гэсэн санаагаар би өөрийгөө тайтгаруулж сууна. Эсрэгээр ч байж болох юм” гэж Фидель тэмдэглэжээ.
Улс төрийн замналаа дуусгаж байгааг Фидель зарласан юм. “Өнөөдөр би намын ямар ч тушаалаас татгалзана гэдгийг Рауль мэдэж байгаа. Тэр л намайг энэ хугацаанд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Дээд ерөнхий командлагч гэж дуудаж ирсэн юм. Харин би өвчлөхдөө эдгээр эрх мэдлийг дамжуулсныг та бүхэн мэдэж байгаа. Би өөрийн дүгнэж цэгнэж, бичих чадвараа сэргээсэн ч эрх мэдлийг гүйцэтгэх чадал тэнхээ байгаагүй. Би ч өөрөө оролдоогүй” гэж бичсэн байна. “Надад хангалттай нэр хүнд бий. Би хэзээ ч ийм урт насална гэж бодож байсангүй. Дайснууд ч үүнийг хийлгэхгүйгээр бүх боломжоо ашиглаж байлаа. Би тэдэнтэй “хамтран ажилласан нь” багагүй” хэмээн өгүүлэлдээ дурджээ.
Намыг “залуужуулах” тухайд
Өнгөрсөн бямба гаригт нээгдсэн Кубын эрх баригч коммунист намын их хурал дээр Рауль Кастро мэдэгдэл хийж, нам, төрийн удирдлагад байх хүмүүсийн бүрэн эрхийн хугацааг тав, таван жилээр хоёр удаа байлгах хязгаарлалтыг зарласан байна. “Илтгэлийн төсөлд тусгасан асуудлуудаас засаглалтай холбоотой асуудал надад ихээхэн сонирхол төрүүллээ… Энэ санаа надад таалагдлаа” хэмээн дүүгийн саналыг дэмжиж Фидель Кастро өгүүлэлдээ бичжээ.
Кастро өөрийн дүүдээ хандан нас, биеийн эрүүл мэндийн байдлаар ТХ-ны гишүүн байж чадахгүй хүмүүсийн жагсаалт гаргахыг уриалсан байна. “Эргэлзэлгүйгээр эдгээр нөхдийг тэр хүндтэй ажлаас нь чөлөөлөхийг би түүнд зөвлөсөн” гэж Фидель бичжээ.
Өмнө нь Кубын хувьсгалын 84 настай лидер тус орны улс төрийн элитийн шинэчлэлийг хийж, шинэ үеийг удирдлагад оруулах шаардлагатай гэж байлаа. Сүүлийн 14 жилийн дотор хийгдэж байгаа эрх баригч намын их хурал дээр Фиделийн 80 настай дүү нь улс төрийн боловсон хүчнийг залуужуулах тухай зарлав. Мөн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кубын иргэдэд үл хөдлөх хөрөнгийг наймаалцахыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Тэр нь коммунист дэглэмийг сулруулах алхам болж байна.
Ээлжгүй Фидель Кастро
Дарангуйлагч Фульхенсио Батистын дэглэмийг нураасны дараа 1959-2011 оны хооронд Фидель Кубыг удирдаж байв. Тэрбээр 1959–1976 онд Засгийн газрын тэргүүнээр, 1976 – 2008 онд арлын орны Төрийн зөвлөлийг толгойлж байлаа. Кастро 2006 онд бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал хийлгэсний дараа өөрийн төрсөн дүү Раульд эрх мэдлээ аажмаар шилжүүлж эхэлсэн байна. Фидель 2008 онд Төрийн зөвлөл ба Дээд ерөнхий командлагчийн тушаалаас татгалзжээ. Тэрбээр 1965 – 2011 онуудад Кубын Коммунист намын Төв хорооны дарга байлаа.