Жононгийн эхнэрийн үнэ цэнэ ямар вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.23-нд нийтлэгдсэн

Жононгийн эхнэрийн үнэ цэнэ ямар вэ?

Британийн шинжээчдийн тооцоолсноор, жонон Уильям, Кейт Миддлтон  нарын анхны хүүхэд төрөх үеэр Их Британийн эдийн засагт нэмэлт 250 сая фунтын ашиг ирэх гэнэ.  Бэлэг дурсгал, хүүхдийн бараа, DVD, нос, архи дарсны наймаа нэмэгдэх гэнэ. Зөвхөн согтууруулах ундааны худалдаа гэхэд л 62 саяын ашиг авчрах тооцоотой байна.  Мөн жуулчид энэ үеэр их ирэх учраас  орлого авчрах  юм. Өмнө нь хосуудын хурим, II Елизавета хатан хааны хаан ширээнд суусны  60 жилийн ойгоор Британийн эдийн засагт ийм маягийн нэмэлт орлого орж ирсэн байлаа.

Британичууд Кейт Миддлтоныг шүтэн хайрладаг. Кембрижийн гер­цогийн хатан гэх албан ёсны цолноос гадна түүнд “Хамгийн стильтэй алдартан”, “Моодны хатан хаан”, “Британийн наран шарлагын газрын хамгийн гоё галбиртан” гэх мэтийн албан бус нэрийг өгөөд байгаа. Ер нь сүүлийн үед Кейтийг “Ард түмний гүнж” гэх болсон байна лээ!

Тухайн цагтаа Диана гүнжийг л тэгж нэрлэдэг байв. Дианаг нас барахад сургуулийн сурагч байсан Кейт түүнтэй огт тааралдаж байсангүй. Дианаг өнгөрсний дараа хаад дээдсээ хүндэлдэг британи­чуу­дын хувьд “Ард түмний гүнж” цол эзгүй үлдсэн билээ. Харин  сүүлийн үед Кейтыг Дианатай зэрэгцүүлэн авч үзэх нь их байгаа. Тэгэхлээр Кейт гүнж өөрийн нутаг нэгтнүүдийн дунд хүнд­тэй байрыг хэдийнэ эзэлсэн гэж болно.

Язгууртан гаралгүй ч гэсэн Кейт эхлээд хааны гэр бүлд амар­хан нэгдэж чадав. Хаан ширээ залгамж­лагч Уильямтай хуримлаад жил гаруйхан болж байгаа ч Миддлтон Чарльз жононгийн эхнэр Камиллатай найзалж  амжлаа. Тэр хоёр найз бүсгүйчүүд шиг л бутикаар орцгоож, дэгжин кафенд кофе ууж суугаа харагдана.  Хадам аав нь хүүгийнхээ хамт Кейтийг гэртээ урих дуртай. Жононгийн буяны үйлст нь шинэ гүнж дуртайяа тусална. Хатан хаан түүнийг дангаар нь урьж хамт цай ууна. Норфолкийн Сандрингем гэх ангийн отогт болдог хааны гэр бүлийн ан авд  Кейт оролцож,  сайн мэргэн бууч гэдгээ харуулан гургалдай агначихна. Харин Диана ийм анд дургүй бөгөөд “цуст спорт” гэж нэрлэдэг байсан нь эрхэм дээдэст төдийлөн таалагдаагүй юм. Дианагийн тээр шаагаад байдаг албан ёсны арга хэмжээнүүдийг Кейт ад үзэхгүй. Шинэхэн герцогийн ахайтан протоколын журмыг чанд мөрдөн хэрэгтэй газар нь  мэхийн ёслоод л явж байдаг.

Шинэ орчинд хурдан дасаж, хааны гэр бүлийн уур амьсгалд хэдийнэ орсныг нь ордны ёс зүйн сайн багштай байсных гэхээр. “Миний нөхөр Уильям миний шилдэг багш болсон” гэхэд Миддлтон хү­лээн зөвшөөрсөн юм. Кейтийг зөв­хөн ордонд л ингэж хүлээн авдаг юм биш. Англсид дэх гэртээ эсвэл нөх­рийн­хөө алба хаадаг Хаантны цэргийн баазад буюу хадам эцгийнх нь заавраар  2011 оноос нөхрийн хамт сууж байгаа Кенгсингтоны орд­ны цогцолборын дэвсгэр дэх Ноттингем гэх даруухан коттежид амь­дарч байхдаа Кейт ердийн нэг англи гэрийн эзэгтэйн адил дэг­лэм­тэй. Кейтийн энэ ардчилал нь бри­тани­­чуудад таалагддаг. Тэр өөрөө дэлгүүр, хоршоогоор орж, авсан зүйлээ энгийн цаасан ууттай зөөж яваа харагдана. Ард нь хоёр бие хам­гаалагч мэдэгдэхгүй гэсэн байдал­тай­гаар дагаж явдаг нь үнэн л дээ. Тэр  гэрийн тогооч авахаас шууд тат­галз­сан. Гэрт нь нэг үйлчлэгч ирээд долоо хоногт хоёр удаа цэвэр­лэгээ хийнэ. Өөр илүү дутуу зүйл огт үгүй.

Англсид тэд жижиг коттеж хөлслөн амьдарна. Нөхрийгөө албан­даа явахаас нь өмнө өглөөний хоолыг нь Кейт өөрөө хийж өгдөг. Саяхан нөхрийнхөө 30 насны ойгоор тэр эртлэн босч загас амтлан шараад тэр дэгжин хоолоо оронд нь зөөн өгч сюрприз барьжээ. Кейт 178 см-ийн өндөртөө 54 кг гэсэн үлгэрлэг жинтэй байсан нь  бага зэргээр нэмэгдсэн учир хоол ундны өөр дэглэм барих болжээ. Нөхөр нь ч эхнэрээ дагаад биеэ тордоод эхэлсэн сурагтай.  Гэхдээ Кейт өөрөө амттай хоол хийх дуртай. Тусгай аргаар шарсан тахиа хуруу долоом амттай гэнэ. Канадад айлчлах үеэрээ цаг гаргаад хоёр гурван франц хоол хийхийг заалгаад авсан байв. Лазанью хийхдээ гарамгай. Саяхан нөхрөөрөө гэрийн нөхцөлд зайдас  шахах  төхөөрөмж авахуулаад нөхрийгөө дуртай хоолоор нь дайлах болсон гэнэ. Герцогийн ахайтан  гүзээлзгэний чана­мал, чавганы компотыг өөрийн гараар бэлтгэн савлаад зул сараар титэмт хамаатнууддаа бэлэглэж тэд­нийг баярлуулсан байлаа.

Миддлтон герцогийн цолтой жирийн нэг гэрийн эзэгтэй байсан бол британичуудын анхаарлыг ингэж татах нь юу л бол. Тэр нэгэн цагт хатан хаан болох ирээдүйтэй хүн гэдэг нь л бүхнээс сонин байгаа хэрэг. Гэрийн эзэгтэйн ажлыг амжуулаад, өөрийн хайртай кокер спаниэль нохойгоо зугаалуулж явахдаа ч спорт зааланд очихдоо ч Миддлтон ясны   гүнж шиг харагдаж чаддаг. Гэрийн спортын төхөөрөмж нь 15 фунтээс илүү үнэгүй ч түүний өмссөн биеийн тамирийн хувцас нь олны  дунд шууд л моодны хамгийн дэгжин загварт тооцогдоод эхэлдэг.

Өөрийн ямар ч гоёлоо хит бол­гож чаддаг түүний авъяасыг Британид «Кейт-эффект» гэж нэрлэх болжээ. Уимблдоны тэмцээнд гоёсон гоёлынх нь  хэдэн зуун хувилбар он-лайнаар 30 минутын дотор зарагдсан байв. Сүй тавихдаа өмссөн хямдхан цэнхэр даашинз­ны нь нөөц нэг өдрийн дотор зарагд­жээ. Хуримын үеэр дээгүүр задгай даа­шинз дээр нөмөрсөн цагаан болеро нь сүйт эмэгтэйчүүдийн моодны шинэ трэнд болж чадав. Кейт хүрэн харан­даагаар хөмсгөө тодруулдгийг  эмэгтэйчүүд анзаарсны дараа тийм харандааны арилжаа зургаа дахин нэмэгдсэн гэдэг. Үсчин, гоо сайхны салонд “Кейт шиг” үсээ янзлуулж, “Миддлтон шиг маникюр” хийлгэх гэсэн бүсгүйчүүдийн дараалал тас­раа­гүй… Герцогийн хатагтай  шин­­жээч­дийн нэрлэдгээр зүгээр нэг «трендсеттер» болоогүй харин Брита­нийн эдийн засгийн зүтгүүр болсон гэхэд  алдахгүй. Үүнд хэтрүү­лэг байхгүй, «Кейт-эффект»-ийн моод­ны аж үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөг их ч үгүй, бага ч үгүй “Нэг тэр­бум фунт стерлингээр” үнэлж байгаа!

Ийм арвич хямагч бүсгүй хам­гийн нэртэй компаниудын трэндээр гоёод байдаггүй. Хямд хувцасандаа маш дэгжин харагддаг нь олны үлгэр болно. Үүнийх нь төлөө хямд хувцас үйлдвэрлэгч нар түүнд онцгой талархан баярладаг. Хатан хааны  хаан ширээнд суусан ойгоор Кейт шиг 150 фунтын үнэтэй даашинзаар гоёсон хүн харагдаагүй. Темза гол дээр хийгдсэн усан онгоцны парад дээр тэр хатан хааны хамт улаан даашинзтай явж байв. Сүүлд нь мэдснээр үнэ хямдруулсан худал­даа­наас түүнийг авсан байжээ…  Титэмт  хамаатнуудынхаа хамт Хувилгаан Петрийн сүмийн мөргөлд ирэхдээ сувдтай “очир алмазан” ээмэгтэй байсан нь дөнгөж 48 фунтын үнэтэй ердийн нэг бижутери байсан болж таарав.  Гүнж аривлан хэмнэх бас нэг аргыг хатан хаанаас авсан байгаа. Хатан хаан  өөрийн ихэнх гоёлоо “наад зах нь”  хоёр дахин өмсөөд олонд харагддаг. Уильяамтай сүй тавихад өмсөж байсан дуртай даашинзаараа Кейт дараа нь хоёр ч удаа гоёод олон нийтийн арга хэмжээнд ирсэн байлаа.

Хичнээн аривлан хямгадаад ч Кейтын гоёлууд  ихээхэн зарлага шаардах нь мэдээж. Жонон Уильямын  цэргийн албан хаагчийн цалин­гийн орлого жилдээ 50 мянга орчим фунт болохоор эхнэрээ гоёод байхад нь хүрэлцээгүй. Энэ жил Уильям 30 насныхаа ойгоороо леди Дианагийн гэрээслэлийн дагуу 10 сая фунт авсан ч гэр бүлийн  зөвлөлгөөн дээр Кейтын тооцоог арай өндөр ашигтай хадам аав нь хийж байхаар болжээ. Чарльз гар таталгүйгээр бэрийнхээ гоёлд мөнгө өгнө. Зөвхөн сүүлийн хагас жилд 35 мянган фунтыг бэрийнхээ гоёлд хадам нь зарцуулсан гэдэг. Хадам нь тэдний одоо орж буй арай том хэмжээний байрны засварт бараг сая фунтыг  өгснийг нэмээд хэлье.  Хааны гэр бүлийнхэн үзэсгэлэнтэй, дэгжин, эелдэг зантай бэртэй болсон­доо, ордонд тайван амгалан таатай уур амьсгал Кейтыг дагаад ирсэн учраас  хааны гэр бүлийнхэн бэрдээ зарлагадахдаа гар татахгүй байгаа.

Ш.МЯГМАРСАМБУУ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №021

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж