“Өндөр ээж” Монголын ардчиллыг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

“Өндөр ээж” Монголын ардчиллыг үнэлэв

АНУ-ын анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга асан, одоо бол Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөв­лөлийн дарга хатагтай Мадлен Олбрайтыг ардчиллын “Өндөр ээж” гэдэг.  “Өндөр ээж” Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Улаанбаатарт ирж хоёр хонож гурав өнжөөд өнөөдөр буцна. Одоогоос 13 жилийн өмнө, 1998 оны гуравдугаар сард тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байхдаа Монголд айлчилж байсан юм. Ганц хоноод харихдаа Монголын залуухан ардчиллын “амь халуун”-ыг хэмжиж, “эрүүл өсч байна” гэсэн дүгнэлт өгсөн. Завсраар нь Төв аймгийн малчин айлд үдлэж, айраг амсаад мордсон. Хатагтай Мадлен Олбрайт айргийн амтыг мартаагүй байна лээ. Гадаад харилцааны яаманд лекц уншихдаа 13 жилийн өмнөхийг эргэн дурсахад таатай байгаагаа хэлж байв.

Хатагтай Мадлен Олбрайтын Монголд хийсэн хоёр дахь айлчлал өөрийн онцлогтой. Эхний айлчлалаар АНУ-ын Засаг захиргааг төлөөлөн УИХ-д үг хэлж байсан тэрбээр сая ирэхдээ Үндэсний ардчиллын хүрээлэнгийн өмнөөс ГХЯ-нд лекц уншлаа. Түүний Монголд дахин ирсэн зорилго гэвэл ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол Улс даргалахаар болжээ. Энэ байгууллагыг хатагтай Мадлен Олбрайт  анх санаачлан байгуулсан юм. Дэлхийд ардчиллыг түгээх том байгууллагын хурлыг Монгол Улс даргалах болсон нь чухал үйл явдал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч, Ерөнхий сайд С.Батболд ч онцлон тэмдэглэжээ.  Хатагтайн тэргүүлдэг Үндэсний ардчиллын хүрээлэн нь Монголд олон намын систем төлөвших, ардчиллыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тиймдээ ч хатагтай олон нам үүсэх салхийг хагалсан Ардчилсан намд тусгайлан зочилсон юм.

Хатагтай Мадлены энгэрийн зүүлтийн ёгт утга

Аль эрт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байх үеэсээ л хатагтай М.Олбрайт хатуу чанд улстөрч, дипломатч гэдгээ харуулсан хүн. Аливаа уулзалт, хэлэлцээрт заавал энгэрийн зүүлттэй ордог. Нүүр тулсан эрхмүүд хамгийн түрүүнд хатагтайн зүүн мөрөн тушаа хараа тогтоодог заншилтай байв. Ихэвчлэн хар, хар хөх өнгийн хослолоор гоёдог, зүүн энгэрийнхээ дээхнэ хатгасан зүүлтний дүрсээр уулзсан хүндээ хэр талтай, бараг ямар хариу хэлэхээ урьдчилаад мэдэгдчихдэг байж л дээ. “Тэр орны тийм удирдагчтай уулзахдаа аалз зүүжээ. Түүнтэй хэлэлцээр хийхдээ цэцэг хатгажээ. Хатагтайн энгэрт бүргэдийн дүрс байв” гээд л тухайн үеийн хэвлэлүүдээр шуугидаг байв. Тэр заншлыг нь мэддэг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар хатагтай М.Олбрайтыг лекц уншихаар ирэхэд ямар зүүлттэй ирснийг нь  хамгийн түрүүнд асуугаатхав. “Өндөр ээж” ч “Морь зүүж ирсэн” хэмээв. Нээрээ л хар даашинзныхаа зүүн энгэрт жижигхэн шаргал морины дүрстэй зүүлт хатгажээ. Анх Монголд айлчлахад нь бэлэглэсэн эд гэнэ. Монголын ардчилал цагаан морин жилд үүссэн. Морьтон Монгол гэдгээр нь дэлхий танина. Басхүү Сүхийн талбайд сүүлийн өдрүүдэд “гурван үе”-ийн морьтон цуглаад буй. Ордны өмнөх Чингис хааны морьтой жанждын хөшөө, Д.Сүхбаатар жанжны хөшөө, тэгээд төв талбайд “суурьшаад” буй “Гал үндэстэн” хөдөлгөөний өнөө цагийн морьтнууд. Энэ бүхэн хатагтайн энгэрт морины дүрсээр буугаад буй нь энэ бололтой.

Монголын ардчиллыг алдаршууллаа

ГХЯ-нд хатагтай М.Олбрайт “Монголын ардчилыг алдаршуулах нь: Азид гүйцэтгэх онцгой үүрэг”  сэдвээр лекц уншлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд,  ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жоннатан Эддлетон нар лекцийн өмнө оршил үг айлтгацгаав. Ерөнхий сайд С.Батболд хатагтайн намтраас онцгойлон танилцуулсан. Чех улсын Прага хотод дипломатчийн гэр бүлд төрсөн Мария Яна Корбелова охин 11 настайдаа АНУ-д очиж, хожмоо том улстөрч болсныг хэлэв. Ингээд хатагтай Мадлен Олбрайтын лекц эхэллээ. Монголын төрийн томчууд, Монголд суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, иргэний хөдөлгөөнийхөн түүний үгийг сонслоо. “Монгол Улс АНУ-аас газар зүйн хувьд алс ч үнэт зүйлсийн хувьд ойрын түнш юм. Би Монголын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолор бахархдаг. Монгол Улс Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах болсонд баяр хүргэе. Зарим орон чөлөөт эдийн засагтай ч улс төрийн хувьд хавчигдмал байдаг. Монгол тийм биш. Эрх чөлөөг дээдлэгч орон.  Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлсэн орон төдийгүй гол намууд хамтарч Засгийн газраа байгуулсан нь сонирхолтой туршлага. Афганистан, Иракт энхийг сахиулах үйл ажиллагаанд  Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг үнэлэхэд таатай байна. Ардчилал бол сүүлийн 100 жилд хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн чухал үйл явдал юм. Иргэдийн эрх чөлөөг эсэргүүцэх тусам тэнд иргэний зөрчил, дайн үүсдэг. Ардчиллын давуу чанар нь цаг хугацаа өнгөрөх тусам алдаан дээрээ сурч, ардчиллын институцыг бэхжүүлдэг. Ардчиллыг улам өргөжүүлэхийн тулд Үндсэн хуулиа шинэчлэх, ажлын арга барил, хандлагаа өөрчлөх асуудал тулгарна. АНУ-д  ардчилал хөгжөөд  200 гаруй жил болсон ч одоо болтол хөгжсөөр байна. Улс төрийн хөгжил  нь эдийн засгийн хөгжилтэйгөө хамтдаа явж байгаа Монгол Улс бол ардчилын загвар.  Байгалийн баялгийг ард түмэн хүртэх  явдал маш чухал Монголчууд дэлхийн олон нийтэд үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаа явуулж байгаад баяр хүргэе” гэж хатагтай лекцдээ дурдлаа. Ардчилалдаа тууштай байгаа монголчуудын үлгэр жишээ Азид онцгой үүрэгтэйг ч тэмдэглэв. Хээл хахууль, хүнд суртлыг арилгах чиглэлийг бодлогынхоо нэгийг болгодгоо мөн илэрхийлэв.  Ойрхи дорнод, Африк, Хойд Солонгосын байдлыг хэрхэн үнэлж буй талаарх асуултад тэрбээр байдлыг тэвчээртэй ажиглаж буйгаа хэллээ. Монгол Улс бүс нутагтаа цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байхад их нөлөөтэй улс болохыг онцлов. Үүгээр хатагтайн лекц өндөрлөлөө.

Яамны гадаах жагсаал

Хатагтай М.Олбрайтыг ГХЯ-нд лекц уншихаар ирэхэд хэсэг залуус лоозон барьж, жагсч “угтав”. “Монголд ямар ч ардчилал байхгүй. Таныг хуурч байна. Монголын төр авилгад идэгдсэн”, бүр “Хөгшин хатагтай юу хийж явна” гэж англи, монголоор хашгирах нь хэр эрх чөлөөтэй болсны бас нэг илрэл. Ер нь л “Та манай дарга нарт тархиа сүрхий угаалгалаа шүү. Манай ардчилал авлига, хээл хахуульд өртсөн” гэж хэлээд байв.  “Авлига ардчиллыг булшилдаг”, “Ардчилалгүй Монгол”, “Та Чингис хааны нутгийг битгий бизнестээ ашигла”, “Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахгүй” гэх зэрэг англи, монгол хэл дээрх зүсэн зүйлийн лоозон барьжээ. Хориод жилийн өмнө гадаадын зочдыг туг далбаа, цэцэг навчаар даллаж угтдаг байснаас хэзээ байтлаа үзэл бодлоо илэрхийлж жагсч цугладаг байлаа. Монголын ардчиллын бас нэг том “үзүүлэлт” энэ мөн л дөө.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж