Бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа

Засгийн газраас долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” мэдээлэл, хамтын ажиллагааны хурал өнөөдөр Төрийн ордноо боллоо. Засгийн газрын сайд нар орон нутагт томилолт, амралттай байгаа тул энэ удаагийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалан явуулсан бөгөөд яамд, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож, бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал байгаа тухай, өнөөдрийн байдлаар салбарт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа талаар мэдээллээ.

Зам тээврийн салбарт өнгөрөгч долоо хоногийн байдлаар 691 хүн, 296 машин техник ажиллаж нийтдээ 65 км-тэй дүйцэхүйц замын ажлыг бүрэн хийж дуусгасан гэнэ. Мөн энэ үеэр аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын гүйцэтгэлийг танилцуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн төвийг холбох замын ажил 15 хувь, Дорноговь, Өмнөговь аймгийн төвийг холбох ажил 23 хувь, Дорноговь аймгийн төв болон  Замын үүдийг нийслэлтэй холбох ажил 69 хувь, Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 97 хувьтай байгаа аж.

Түүнчлэн Налайх, Цонжинболдог руу явах зам засварын ажлыг дуусгаснаар энэ чиглэлийн замын хүндрэл бүрэн арилсан гэв.

Барилга, хот байгуулалтын яамнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа гэдгийг хэлэв. Засгийн газрын 11-11 төвд ирж буй ихэнхи гомдол нь 80 м.кв-аас дээш хэмжээтэй байрны хувьд уг зээлд хамрагдах боломжгүй тухай санал давамгайлж байгаа, үүнд журмын дагуу боломжгүй гэдгийг нь хэлж байгаа гэв.

Хөтөлбөрийн дагуу 2013 онд нийт 56 ажил гүйцэтгэхээс 12 ажлын тендерийг шалгаруулж, гэрээ хийсэн, 16 ажлын гэрээ байгуулах шатанд, хоёр ажилд техникийн зураг төслийг боловсруулж буй, 26 ажилд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж буй гэнэ.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны хувьд ургац хураалт, газар тариалангийн байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ онд 278 мянган га-д улаан буудай тариалжээ. Хур бороо элбэгтэй байгаагаас уринш хийгдсэн газарт хогийн ургамал ургаж байгаа аж. 300 мянган га-д уринш хийхээр төлөвлөсөн ба Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан уриншийн болон хогийн ургамал усгахад зориулсан зээл олгож байгаа гэнэ.

Мөн орон нутгийн дэмжлэгтэйгээр зоорь барих ажлыг дэмжих, 8500 тоннын орчин үеийн зоорь барих боломжоор хангахаар төлөвлөсөн аж.

Баян-Өлгий аймгийн Сагсайд шүлхий өвчин гарсан тул арга хэмжээ авч, аймгийн бүх малыг вакцинжуулж, голомтот малыг устгасан гэнэ. Ерөнхий дүнгээр 14,6 сая тоо толгой төл хүлээн авсан нь олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт аж.

Шадар сайд ерөнхий мэдээллээс илүүтэй бүтээн байгуулалттай холбоотой Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсвийн явц яагаад удаашралтай байгаа тухай лавлаж байсан ба “Чингис бондоос 170 сая ам.долларыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар баталсан. Гэтэл төслийн нэгж байгуулснаас өөр ахицгүй байгаагаа болих хэрэгтэй” гэж шүүмжилж байв.

Нийслэлийн хувьд энэ онд хийх бүтээн байгуулалтаас 33 уулзварыг онцлов. Эдгээр уулзваруудаас зургаа нь дууссан, 10 дээр нь ажиллаж байгаа бөгөөд үлдсэнийг нь есдүгээр сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дуулгалаа.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж