“WILD TOURIST”-ээс татгалзъя

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

“WILD TOURIST”-ээс татгалзъя

Жуулчны улирал айсуй. Монголын хөх тэнгэр, онгон зэлүүд газар нутаг, сонгомол нүүдэлчдийн амьдарлыг сонирхохоор харийнхан наашилж байна. Харин манай аялал жуучлалынхан аль хэр бэлтгэж байгаа бол. Бэлтгэл хийхдээ  тэд хэнд найрсаг зан гаргаж, хэтэвчээ  зузаатгахаа тооцоолсон болов уу.

 Тансаг хэрэглээтэй “тасарчихсан” баячууд Монголд ирдэг гэж эндүүрэв зээ. Үнэндээ тийм нөхдүүд Монголд ирдэг ч юмуу даа, ингэхэд. Ирлээ гэхэд тун цөөхөн ирдэг байх. Бэл нимгэн “бэлчээр томтой” даржиндуухан нөхдүүд л манайхаар үдлээд өнгөр­дөг бололтой юм. Тэгэхээр монголчуудад хэний сонирхлыг өдөөж, хэнд үйлчлэх хэрэгтэй вэ гэд­гээ ч  бодолцох цаг нь болжээ. Алийн болгон харийн нөхдөд “хайр зарлаж”, харин дараа нь хоосон хоцрох билээ. Тэрхүү “тасарсан баячуудад” зориулсан тансаг үйлчилгээтэй л болох хэрэгтэй.

 Нэг үеэ бодоход Монгол дэлхийд танигдаж буй. Газрын хэвлий доорх ашигт малтмал нь монгол­чуудыг гадаадынханд таниулах нэгэн томоохон сур­тал­чилгаа болж байгаа. Энэхүү сурталчилгаа Монголд эдийн засгийн томоохон боломжийг ч авчирч буй. Зөв менежментээр тоглож чадвал ганц­хан уул уурхай  гэлтгүй аялал жуучлалын салбарт ч ахиухан унац гарна. Төв Азийн цээжинд орших Монгол орныг сонир­хохоор харийн “үүргэвчтэн”-гүүд Монголыг зорих нь ихэссэн. Мэдээж, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг.  Гэхдээ халаас хоосон эрх чөлөөтөнгүүдийг жуул­чинд тооцож, түүний­гээ аялал жуулчны салбар хөгжиж байна гэж дүгнэвэл бусдын инээдийг хүр­­гэхээс цаашгүй. Халаасаа тэмтэрсэн харамч нөх­дүүдээс илүү эдийн засгийн үр өгөөжтэй эрхмүүд  Монгол Улсад чухал. Тэднийг  даллах даллуураа бид бэлтгэх ёстой. Тэгж байж л Монгол хожино.

Аялал жуучлалын газраас гаргасан мэдээг харахад Монгол Улсад ирэх жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгджээ. Өнгөрсөн жил Монголд 450 мян­ган жуулчин ирсний дийлэнх нь Хятадын иргэд гэнэ.  Хэдийгээр Монголд жилдээ 450 гаруй мянган жуулчин зочилж буй  ч эдийн засгийн үр өгөөжтэй жуулч­ны тоо тун бага аж. Дээрх жуулчдын ердөө 70-100 мянга нь Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Тэд ихэнхдээ 3-7 хоногийн хугацаатай Монголд зочилдог гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад жилд 70-100 мянган жуулчин л  тодорхой хэмжээний орлого оруулдаг аж. Эдийн засгийн үр өгөөжтэй хэмээн үнэлэгдэж буй дээд зиндааныхнаас хэдий хэрийн ашиг Монгол Улсад орсон талаарх нарийн тооцоо судалгаа харамсалтай нь байдаггүй. Таамаг төдий тооцоогоор бол Монголд айлчилж буй жуулчдын ихэнх нь Хятад болон бусад орны ажилчид гэнэ. Харин 50 мянга орчим нь үүргэвчтэй “гуйлгачид” бололтой. Үүргэвчтэй аялагчдад аль ч улс орон аятайхан ханддаггүй. Улс орны эдийн засаг болоод аялал жуучлалын салбарт нь үр ашиггүй учраас.  Тиймээс тэднийг  “wild tourist” буюу  зэрлэг жуулчид хэмээн нэрийддэг гэнэ лээ. 

Монголчуудын хувьд харь үндэстэй, хазгай хэлтэй л бол өмнө нь бөхөлзөж, өвдөг сөгдөх нь холгүй байдаг. Гэтэл тэд нь хээрээр гэр, хэцээр дэр хийгсэд. Тэдгээр “хоноц”-уудтай ихээхэн нөхөрлөх юм бол Монгол Улс есөн шөнө хоосон хонохын үлгэр болох биз.

Хөлгүй баячуудын халаасыг сэгсрэхийн тулд Монголд юун түрүүнд дэд бүтэц хэрэгтэй. Тэднийг тухлуулах байр сав барих шаардлагатай. Тэдгээр  “босс”-ууд морь унаад эсвэл, Монголын даржигнуур замаар дугайтай давхих даржин “wild tourist” биш болохоор. Өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй байж гэмээнэ тэд Монголд морилно. Дээд зиндааныханд үзүүлэх харуулах зүйл үнэхээр байхгүй бол өөр хэрэг. Монгол Улс өнөөдрийнхөө сул талаа маргаашийн давуу чанар болгох чадвартай байх хэрэгтэй болов уу. Сонгомол нүүдэлчний “зэрлэг” амьдрал, онгон дагшин уул овоо, ус мөрөн, эртний түүхт газрууд, сүм дугана энэ бүхнийгээ брэнд болгож гэмээн бид тасархай баячуудын тансаг хэрэглээнээс “мөнгө” сааж чадна. Яагаад монголчууд Хонконгоос, Сингапур­аас суралцаж болохгүй гэж.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж