
Хүүхэд байхдаа гудамж услаж яваа машинтай тааралдвал бөөн баяр хөөр болдог сон. Сүрэг болжмор шиг дагаж гүйлдээд л. Нарны цацраг солонгоруулан цацарч байгаа ус руу хараахан гүйгээд орчихож бас зүрхлэхгүй ээ. Заримдаа жолооч ах бяцхан тоглоом хийж жижиг шланкаар үс шүршихэд хөөрч баясч, инээлдэж, хашгиралдаж, худлаа дэр дэрхийн зугатааж гүйлдээд л бөөн баяр. Шинэхэн босч байсан өнөөгийн III, IV хорооллын голыг замыг зүлэгжүүлэх гэж ингэж усладаг байсан юм. Тэнд мөн ч олон удаа субботник хийж мод тарьж. Харамсалтай одоо ч гэсэн нүд баясгах мод бут байхгүй шиг л санагдах юм.
Алсад Богд уул дүнхийж, харин шороон манан суунаглана. Нийслэлийн хойд хэсэг нүцгэн уулстай айлсах бүр даваад талийж байгаа гэр хорооллын дээгүүр бүр түймрийн утаа мэт шороон манан нүүгэлтэнэ. Шороотой, түйрэнтэй Монголын намар. Санаагаар болдог сон бол хэдхэн ч дусал болтугай бороо дуслаасай, шороо анирлаасай гэж тэсгэл алдан хүснэ. Ойр мөддөө бороо орно ч гэж юу байх вэ дээ. Тэр тусмаа ХХI зуунд, Монголын нийслэлд бороо мөрөөдөж суух ч бас гэнэн, тэнэг ч юм шиг.
Хавар хаварт нийслэлийн улиаснуудын мөчрийг огтолдог ажилдаа ТҮК-/Тохижилт үйлчилгээний компани/-ийнхэн гарчээ. Моддыг залуужуулдаг энэ тэр гээд л мөчир тайрахын онцгой ач холбогдлыг баахан тайлбарладаг л юм. Гэвч нүд баясгах ногоон өнгө багатай нийслэлд маань мөчир ч огтлох тийм ч аятайхан санагддаггүй юм. Зэгэл саарал тоосонцор дунд сэглийх мөчрөө тайруулсан мод, ТҮК-ийн ажилчид газар хөглөрөх мөчрүүд дээгүүр шажигнатал гишгих нь уйтай.
Уйтгартай зэгэл өнгөөр сүүмэлзэх моддыг хараад жаахан чийглээд өгвөл бяцхан нахиа нь ургана даа л гэж бодогдоод байх юм. Хотынхон хэзээ мод, зүлгээ усалж эхлэх бол. Төсөрхөн хотын дарга “Субботник хийгээд” гэчихсэн амьсгаадаж явсан. Хогноосоо ч нэг юм салж л байх шиг байна. Одоо зүлгээ жаахан чийглээд өгвөл мөн гоё оо. Хотын дарга аа, та ч гэсэн хотын гудамжаар чийг ханхлан, модод найлзуураа дэлгэн гунхалзаж байхыг харахыг хүсч байгаа биз дээ. Хотын даргыг хүлээгээд байх ч юу байхав дээ, албан байгууллага бүр ойр орчныхоо зүлэг модыг услаад эхлэхэд ч болох л юм байна. Маргааш өглөө гудамжаар алхахад усны машин ус цацруулан шүршиж, хөрснөөс чийглэг үнэр үнэртэн, модод баярлан гунхалзаж, зүлэг ногоо урин хавартай уралдан ургах гэж өндийж байгаасай.