Оюутнууд эргүүлд гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Оюутнууд эргүүлд гарна

Нийслэлийн цагдаагийн газраас “Шударга хүмүүнлэг” уриан дор “Амар тайван, аюулгүй орчин” сэдэвт нэг сарын аяны хүрээнд зохион байгуулах  бүх нийтийн эргүүл арга хэмжээ өнөөдөр эхэлж байгаа юм. Уг арга хэмжээнд  цагдаагийн ажилтнуутай хамтран оюутнууд эргүүл хийх аж. Энэ талаар МОХ-ны Ерөнхий  нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс тодрууллаа.

-Бүх нийтийн эргүүлийн арга хэмжээнд хэдэн оюутан оролцох вэ?

– Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Амар тайван, аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд өнөөдөр  нийт 1000 гаруй хүн эргүүлийн тусгай ялгах тэмдэгтэй нэгдсэн маршрутаар эргүүл хийх юм билээ.  Уг арга хэмжээнд  Их дээд сургуулийн 600  гаруй оюутан  гэмт хэрэг зөрчил  их  бүртгэгддэг дүүрэгт эргүүлд гарахаар төлөвлөсөн.

– Нэг сарын аяныг дуустал оюутнууд эргүүлд гарах уу,  Эргүүл хийж буй оюутнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

–  Эргүүл хийж буй оюутнууд  шаардлага гарвал хэрэг зөрчлийг таслан зогсооход цагдаагийн албан хаагчдад туслах үүрэгтэй  ажиллана.  Тэгэхээр эргүүлд гарч буй оюутан бүр цагдаагийн албан хаагчдтай хамтарч эргүүл хийнэ.  Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажилд ийн  олон нийтийг сайн дурын үндсэн дээр оролцуулж байгаа нь  маш шинэлэг үр дүнтэй ажил  гэж ойлгож байна. Тухайлбал,  баасан гариг  бүр оюутнуудын архидалт эрс нэмэгддэг. Тэр хэрээрээ гэмт хэрэгт холбогдох, эсхүл хохирогч болох тохиолдол цөөнгүй.  Тиймээс  оюутан залуус архидалтаас холуур, нийгмийн хэв журам сахиулах ажилд  идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай.  Зөвхөн энэ өдрөөр ч тогтохгүй оюутнууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцоорой гэж МОХ-ноос уриалж байна.  Сайн  дурын үндсэн дээр зохион байгуулагдаж байгаа аян учраас Их дээд сургуулийн оюутнууд нэг сарын турш эргүүлд гарах боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж