Элсэлтийн шалгалтын бүртгэлийг хаана

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын бүртгэлийг хаана

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын их дээд сургуульд элсэх шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын  7-ноос өнөөдрийг хүртэл буюу хоёр сарын хугацаанд үргэлжилсэн. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон өнгөрсөн жилийн төгсөгчид бүртгэлд хамрагдаж байгаа. Урьдчилсан дүнгээр 40 мянга орчим  сурагч бүртгэлд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2010-2011 онд 35 мянга гаруй сурагч ерөнхий боловсролийн сургууль төгсч байгаа. Харин таван мянга орчим нь өнгөрсөн оны төгсөгчид.

Өглөөний 11.00 цагт Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж буй танхимд бүртгэлдээ хамрагдах гэсэн 10 гаруй сурагчид дугаарлана. Одоогоор 37 мянга 900 сурагч бүртгүүлсэн байгаа аж.  Дунджаар нэг цагийн дотор 160 гаруй сурагчид онлайн болон өөрсдийн биеэр ирж бүртгүүлж байна. Сүүлийн жилүүдэд онлайнаар бүртгэдэг болсон болохоор энэ жилийн төгсөгчид нэгдсэн журмаар сургуулиараа юм уу ангиараа бүртгэлдээ хамрагдаж байгаа. Харин өнгөрсөн оны төгсөгчид цаг тулсан хэдий ч бүртгэлдээ хамрагдахаар очерлож зогсоо нь энэ. Тэдний нэг болох 2010 оны төгсөгч Б “Өнгөрсөн жил хувийн шалтгаанаар шалгалт өгч чадаагүй. Энэ жил шалгалтад орох гээд одоо бүртгүүлж байна. Хөдөө байж байгаад ирсэн болохоор цагийг нь тулгаж ирлээ. Гэхдээ удаан дугаарлахгүй бололтой” гэж байлаа. Бүртгэл хийж буй мэргэжилтнүүд “Сурагчид дугаарлахаар ачаалал байхгүй ч хүүхэд бүрийн материалыг буруу, зөрүүтэй шивэхгүйн тулд анхааралтай ажиллах хэрэгтэй. Тиймээс ярилцлага өгөх боломжгүй байна” Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд хэлж байсан.  Тус төвийн  ахлах мэргэжилтэн Б.Сүхболд “Сүүлийн өдрүүдэд цаг тулсантай холбоотойгоор бүртгүүлж буй хүүхдүүд өдөрт мянга орчмоор нэмэгдэж байна. Өчигдөр 11.00 цагт 35 мянга 575 сурагч бүртгүүлсэн байсан бол өнөөдрийн байдлаар нэг мянган сурагчаар нэмэгдсэн. Цаашид ч энэ тоо хэдэн мянгаар нэмэгдэнэ. Хэрвээ сурагчид хоцорвол дахин бүртгэх боломжгүй” гэлээ. Дараалал, ачаалал үүсгэхгүйн тулд тус байгууллагын найман мэргэжилтэн сурагчдыг бүртгэж байлаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдийн төгсөгчдийн бүртгэлийг нэгдсэн журмаар бүртгүүлсэн. Ихэвчлэн өнгөрсөн оны төгсөгчид бүртгүүлж байгаа гэнэ. Шалгалтын бүртгэлийг автоматаар тохируулдаг бөгөөд хоёрдугаар сарын 7-ноос өнөөдрийг хүртэл тусгайлан тохируулсан программ байдаг учраас бүртгэл шууд зогсох ажээ. Тиймээс нэмэлт бүртгэл явагдах боломжгүй гэнэ.

Шалгалтын үргэлжилэх хугацаанд энэ жил өөрчлөлт оруулсан бөгөөд математик, физик, химийн хичээлийн шалгалтын гүйцэтгэх хугацаа 100 минут болсон. Мөн бусад хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут үргэлжилэнэ.  Мөн энэ жил тестийг өмнө нь бэлтгэн гаргасан 100 мянган тестээс санамсаргүй байдлаар сонгоно. 100 мянган тестийн ном сурагчдад хүрсэн бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд  хоёр  сар үлдсэн. Энэ хугацаанд сурагчид бэлтгэх хангалттай хугацаа байгаа учраас элсэлтийн шалгалтад бүдрэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарсан байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 17-нд эхний шалгалт буюу Газарзүй, Хими, Англи хэлний шалгалт 10.00-17.20 цагт. Дараагийн өдөр Монгол Улсын түүх, Математик, Биологи 08.30-15.50 цаг хүртэл. Физик, Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг 19-ний 08.30-18.20 цаг хүртэл тус тус хуваарийн дагуу шалгалт авна. Харин сурагчид шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт болон иргэний үнэмлэх буюу түүнтэй дүйцэхүйц  бичиг баримттай ирэх шаардлагатай гэнэ. Шалгалтад орохын өмнө суудлын хувиарлалт бүхий шар хуудас авдаг. Энэ жил сургуулиа төгсч буй сурагчид элсэлтийн шалгалт өгөх байр,анги, суудлын хуваарийг баталгаажуулсан шар хуудсаа Боловсрол соёлын газраар дамжуулж авна. Өмнөх оны нийслэлд шалгалт өгөх элсэгч зургадугаар сарын 2-ноос “Соёмбо” дээд сургуулиас, хөдөө орон нутгийн сурагчид харъяа аймгийн Боловсролын газраас авах юм байна. Бүртгэлийг хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж, сургуулийн захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авах юм байна. Бусад асуудлыг сурагчдын өргөдлийн дагуу шийдвэрлэх боломжтой гэнэ. Элсэлтийн шалгалтын тест задарсан гэсэн асуудал өнгөрсөн жилүүдэд гарч байсан. Харин Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн “Тест задрах боломжгүй. Хүмүүс буруу ойлголтоос салах хэрэгтэй. Тестийн тусгай хамгаалалтын дагуу, кодлож, лацдаж, гэрээний дагуу хэвлэдэг. Тиймээс тест задрах боломжгүй” гэж байлаа.  Элсэлтийн шалгалтанд хэний уясан морь хэр зэрэг хурдлахыг цаг хугацаа харуулах биз ээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж