Орон сууцны үнэ хэт өсч байна

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ хэт өсч байна

Шаар хагарахаа дөхөхөөр томордог шиг шинэ, хуучин байрны үнэ дэндүү гэж тодотгож болохуйцаар өсч байна. Зах зээлд дөнгөж нэвтэрч эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоог энэ удаад Засгийн газар, Төв банк хүч хавсран эрэлт, нийлүүлэлтийг давхар дэмжиж байгаа ч одоогоор орон сууцны метр.квадратын үнийг хазаарлаж чадахгүй байна. Үүний сул зайгаар нийлүүлэгч талаас "авахгүй өөр яахав” гэсэн шиг орон сууцны үнийг хүссэнээрээ хөөсрүүлсээр.

Өдгөө нийслэлд орон сууцны ханш нэг метр квадратын үнэ хамгийн өндөр нь таван саятай байна. Харин хамгийн хямд үнэтэй, шинэ орон сууцны үнэ нэг м.кв нь 1,2 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ нь мэдээж хотын төвөөс зайдуу, гэр хороолол дунд орших орон сууцны үнэлэмж. Гэтэл худалдаа, үйлчилгээний газруудтай ойр, хотын төвд байрлалтай зэрэг үзүүлэлтээр байрны үнэ м.кв нь хоёр сая төгрөгт хүрч байна. Ерөнхийдөө энэ бол дундаж үнэ. Дүүргээр нь авч үзвэл, Сонгинохайрхан дүүрэгт 1,2-2 сая, Чингэлтэйд 1,4-3,1 сая төгрөг, Сүхбаатарт 1,7-4,2 сая төгрөг, Баянголд 1,5-2,5 сая төгрөг, Баянзүрхэд 1,25-3 сая төгрөгөөр нэрлэсэн байна. Орон сууцны үнийг 2010 оныхтой харьцуулахад 65,7 хувиар, харин 2012 оны жилийн эцсээс 3,7, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2,9 хувиар өсчээ.

Тэгвэл хуучин орон сууцны үнэ ханшийн талаарх мэдээлэл хүргэе.

 

Дүүрэг

Хороолол

1 өрөө

2 өрөө

3 өрөө

СБД

50-н мянгат

70,000,000

88,000,000

101,000,000

220-н мянгат

57,000,000

102,000,000

120,000,000

5-р хороолол

72,000,000

93,000,000

118,000,000

7-р хороолол

50,000,000

70,000,000

95,000,000

11-хороолол

61,000,000

86,000,000

119,000,000

ЧД

6-р хороолол

55,000,000

96,000,000

118,000,000

40-н мянгат

69,000,000

98,000,000

112,000,000

Багатойрог

63,000,000

82,000,000

117,000,000

ХУД

120-н мянгат

58,000,000

77,000,000

108,000,000

19-р хороолол

59,000,000

81,000,000

90,000,000

БЗД

12-р хороолол

57,000,000

74,000,000

110,000,000

16-р хороолол

49,000,000

74,000,000

81,000,000

13-р хороолол

60,000,000

93,000,000

108,000,000

15-р хороолол

54,000,000

74,000,000

100,000,000

СХД

ХМК

34,000,000

43,000,000

58,000,000

5-н шар

40,000,000

68,000,000

85,000,000

21-р хороолол

51,000,000

59,000,000

86,000,000

1-р хороолол

60,000,000

75,000,000

88,000,000

БГД

6-р бичилхороолол

58,000,000

73,000,000

92,000,000

Төмөрзам

64,000,000

80,000,000

105,000,000

10-р хороолол

59,000,000

80,000,000

106,000,000

4-р хороолол

60,000,000

84,000,000

120,000,000

3-р хороолол

60,000,000

84,000,000

120,000,000


Монгол Улсын Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн нь орон сууцны үнэд хүссэн, хүсээгүй нөлөөлж буй. Нэгэнт ийм аятайхан боломж олдсон тул орон сууц шинээр худалдаж авах, одоо амьдарч буй сууцныхаа талбайг томсгох, сайжруулах гэсэн иргэдийн эрэлтийг дагаж, хуучин байрны үнэ ийнхүү шинэ байрнаас ялгагдахааргүй болжээ.  Хэн, хэзээ амьдарч байсан нь үл мэдэгдэх хуучин сууцыг шинээс ялгаагүй үнээр авна гэдэг байж боломгүй.

Байрны үнийн өсөлтөөс гадна урьдчилгаа 30 хувь иргэдийн хувьд асуудал болж байна. Зээлээр авах орон сууцны үнийн 30 хувийг урьдчилгаа байдлаар төлсний дараа найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Гэтэл багаар бодоход 20-30 сая төгрөгийн урьдчилгаа төлөх чадвартай нь хэд билээ. Тиймээс иргэдийн хувьд арилжааны банктайгаа тохирч, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 30 хувийн урьдчилгааг орлон барьцаанд тавьснаар асуудлаа шийдэж болох юм. Энэ талаар Засгийн газраас баталсан ипотекийн зээлийн хөтөлбөрийн журмын 2.5-д “Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон зээл авч, энэ журмын дагуу олгох орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно” гэж заажээ.

Тиймээс зээлдэгч нь өөрийн болон эцэг, эх, төрсөн ах, дүүсийн байрыг барьцаалж, зээлийн урьдчилгаа төлбөртөө тооцуулж болох юм. Товчхондоо бол урьдчилгаа 30 хувь төлөхгүйгээр, өөрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний эзэмшилд байгаа орон сууцыг барьцаалж урьдчилгаа төлбөрийг орлох боломжтой. Зээлдэг зээлээ авсны дараа орон сууцны үнийн урьдчилгаа 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлж барагдуулсны дараа өмнө нь барьцаалсан байраа чөлөөлж болох аж.

Орон сууцны үнэ буурах уу?

Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд банкуудад нийт 183.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас 1925 иргэнд 97.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ. Тэгэхээр өнгөрсөн сарын сүүлчээр арилжааны банкаар гарч эхэлсэн шинэ зээлийг сонирхох нь их байгаа бөгөөд эхлэл хэсэгтээ орон сууцны эрэлт, нийлүүлэлт хөдөлгөөнд орж, орон сууцны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй гэж эдийн засагчид хэлж байсан. Тэр нь ч одоо биелж байна. Дээр хэлсэнчлэн одоогоор үнийг хазаарлаж чадахгүй байгаа ч цаашдаа нэг м/кв-ын үнийг тодорхой хэмжээгээр барих боломжтойг банкирууд хэлж байна.

Иргэдийн хувьд нэг м/кв-тад төлөх хамгийн боломжит үнэ бол нэг сая төгрөг. Ингэхийн тулд нийлүүлэлтийг дэмжиж олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийг Төв банкнаас өгсөн. Үүнийг ашиглан дэмжлэг үзүүлсэн барилгын компаниудтай хийсэн гэрээндээ нэг м/квынхаа үнийг нэг сая төгрөгөөс гаргахгүй байх тухай заалт оруулахад болохгүй гэх газаргүй.

Нийтээрээ хөдөлгөөнд орсон энэ үед үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудад байр авах, зарах зуучлуулах нь илт нэмэгдсэн бөгөөд одоогоор байр авах хандалт нь их байгаа ажээ. Хаанаас хэрхэн гайгүй үнэтэй байр авах уу гээд эрэлт эрчимтэй байна. Өдгөө барилгын салбарт бүтээн байгуулалт ид өрнөж буй тул намраас нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр энэ байдал харьцангуй тогтворжиж, байрны үнэ буурах боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж