Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

Төгс зохицол

Уран зураг, дуу хөгж­мийг гарал уг­саа, яс үндэс, шашин шүтлэг харгалзахгүй ямар ч  хүнд  үггүйгээр хүрдэг урлаг хэмээдэг. Ингэж бичихийн учир нь саяхан  “Max Mall” худалдааны төвийн тавдугаар давхарт байрлах “976” арт галерейд “Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэ үзэсгэлэн нэрнээсээ л хүмүүсийн анхаарлыг татсан. Дүрслэх урлагийг юутай хослуулах гэж байгаа юм бол оо хэмээн хүлээлт үүсгэсэн тэрхүү үзэсгэлэнгийн нээлт энэ бүхний зангилаааг тайлсан юм.

Уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Б.Хишигсүрэн, Д.Отгон­сүрэн нарын хамтарсан уг үзэсгэлэнд  “Түмэн Эх” чуулгын хөгж­­­мийн ангийн цөөхүүл хөгжим­чид ирсэн байв. Тэнд тавигдсан бүтээл бүрийн өнгө аяс, сэдэвт тааруулж орчин үеийн болоод уламжлалт хэмнэлийг хослуулсан, маш сонирхолтой тоглолтыг сонир­хуу­лахаар зэхсэн нь энэ аж. Уг төс­лийг Үндэсний дуу, бүжгийн “Түмэн Эх” чуулгын морин хуурч Б.Нинжээ санаачилсан бөгөөд төслөөр дам­жуул­ан уран зураг болон хөг­­жимд уламжлал болон орчин үе хэр­х­эн хоршиж болдгийг харуулсан юм.

Нээлтийн салхийг уран бүтээлч Б.Баатарзоригийн “Body language” буюу “Биеийн хэлэмж” хэмээх бүтээлийн дэргэд цөөхүүл хөгжимчид цамын аялгууг эгшиглүүллээ. Эвэр бүрээ, цан хангинан бөмбөр нүдэж, хонх жингэнэн эртний отог омогт, дараахан үед нь хүрээ хийдэд ингэж л эгшиглэдэг бай­сан бол уу хэмээх сэтгэгдэл төрүү­лэв. Тэр аялгуутай хоршин уран зураг өөрөө их өвөрмөц. “Биеийн хэлэмж” хэмээх энэ зургийг  шар дэвсгэр дээр зурсан бодь мөрийг хөөсөн лам орчин цагийн брэндийн шор­­тоор гоён эргэн тойрондоо дэл­хийг байлдан дагуулсан барууны алдартнууд болон морь, хонь,  чоно, үхэр туулай, микки маусын толгой, цамын баг, цаашлаад нарийн харвал бүх л нэртэй брэндийн лого гээд зүсэн зүйлийн бүхнээр хүрээлүүлэн урлажээ. Тэрхүү зураг хэлийг нь ч мэдэхгүй харь орны эд зүйлс, гоёл чимгийг хэрэглээ болгосон өнөө­­гийн биднийг хэрэглээн дун­­даа­саа өөрийгөө олж харахыг сануулах мэт. Аливаа зүйл­сийн  мөн чанар нь хаана нуугдан байгааг, та өөрөө нийгмээ даган яаж өөрчлөгдөж буйгаа эргэн нэг хараарай гэх шиг санагдаж байлаа.

Үзэсгэлэнгийн нээлт дээр зочид танхим дундуур нэг бүтээлээс нөгөө бүтээл рүү бөөнөөрөө хошууран нүүнэ. Учир нь хөгжимчид тухайл­­сан бүтээл бүрийнхээ дэргэд тоглож байсан бөгөөд хоорондоо тасралтгүй үргэлжлэх энэ л үйл явдлаас хоцорхгүйг хичээсэн үзэгчид ийн зурагнаас зургийн хоо­ронд хамтдаа нүүдэллэн аялгуу бүр нь тухайн бүтээл­дээ хэрхэн зохи­­цож байгааг амьсгаа даран чагнан байлаа. 

Б.Хишиг­сүрэн­гийн зурсан мори­ны цуврал бүтээлийн дэргэд морин хуурын дөрвөл морины алхаа, гишгээ, явдал, ая байдлыг нь хөгжмөөр эгшиглүүлэхэд зураг дээрх хүлэг морьд амь орон бидний өөдөөс салхи татуулан эрчлэн хурдалж, аажмаар хурдаа сааруулсааар яг өмнө тань тулж ирэн үүрсэн янзгаан зогсов. Ямар гээчийн гоё мэдрэмж байв аа.

Мөн Д.Отгонтөгсийн “Хүлээлт” бүтээлд ятгын гоцлол бүсгүй хүний хүлээлт ямар энхрий ялдам, хүсэл тэмүүлэлтэй, цөхрөлтгүйг харуулсан юм. Яагаад ч юм түүний зургийг хараад өөрийн эрхгүй хүлээх хэцүү шүү хэмээн шүүрс алдмаар санагдав. Хайртынх илгээх захидлууд хүлээл­тэд хүлэгдсэн бүсгүйн сэтгэлийг тайтгаруулан нүүрэнд нь мишээл тодруулаа юу гэлтэй.

Харин уран бүтээлч Б.Номин­гийн “Дотоод ертөнц” бүтээлийг аман хуур, хулсан хуураар илэрхийлэв. Тэрээр амар амгалан төрхтэй монгол хатын дотоод ертөнцийг хөөсрөн бургилах голын ширүүхэн урсгалтай ижилсүүлжээ. Эсрэгцэлтэй уг бүтээлд хулсан хуур, аман хуур ээлж­лэн хүч нэмэн цангинав.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээ­лийн эзэд монгол ахуй, соёлын өвийг орчин үеийн хэрэглээтэй хослуулан өнгө будаг алаглуулан урласан юм. Бийрийн үзүүрээр амилсан эртний хэмнэл энэ цагтай хоршин үндэсний хөгжмийн аялгуутай төгс зохицон эгшиглэх мөчид өв, соёлоороо омогших сэтгэл төрсөн шүү. Дөрвөн уран бүтэлч залуу “Түмэн эх” чуулгын хөгжмийн ангийн 12 уран бүтээлчээс бүрдсэн цөөхүүл хөгжмийнхөн  анх удаа галерейн өвөрмөц орчинд шинэ мэдрэмжийг амтлуулсан юм. “Төгс хослол”-ыг таашаасан тэр мөч одоо ч сэтгэлд тодхон.  Та ч бас “Төгс зохицол”-ыг “976”-аас мэдрээрэй.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №021

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж