2011 оны дөрөвдүгээр сарын 22

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

2011 оны дөрөвдүгээр сарын 22

Тэмдэглэлт өдөр

Өнөөдөр жинхэнэ даяарчлалын баяр-Дэлхийн өдөр (Earth Day). Энэ баярыг анх 1970 онд АНУ-ын Висконсин мужийн сенатор Г.Нельсон (Gaylord Nelson) санаачилснаас хойш жил бүр тэмдэглэгдсээр иржээ. Энэ өдөр бид эх дэлхийнхээ төлөө санаа сэтгэлээ зориулах ёстой.  
Пилат өгүүлрүүн: Христ гэгдэх Есүсийг яах ёстой вэ? Бүгд түүнд хэлэх нь: Цовдлогтун. Матфейн Евангелийн, 27:22-оос. Агуу Баасан гэгдэх энэ өдрийн мөргөл уншлага нь барууны христийн сүсэг­тнүүдэд Аврагчийн үхэл, түү­нийг загалмайнаас тайлж шарилыг нь оршуулсантай холбоотой дурсамж болдог.

Энэ өдөр төржээ

Агуу улстөрч, хувьсгалч, Большевик нам ба Зөвлөлт улсыг үндэслэгч Ленин (1870.04.22-1924.01.21)
 

Владимир Ильич Ленин (Ульянов) 1870 оны дөрөвдүгээр сарын (10) 22-нд Симбирск (өнөөгийн Ульяновск) хотноо төржээ. Гэр бүлд нь Володягаас гадна таван хүүхэд байлаа. Түүний том ах Александр 1887 оны тавдугаар сард Оросын хаан III Александрыг хөнөөх гэсэн хуй­валдаанд оролцсон учир дүүжлүүлэн цаазлуулжээ. Симбирийн гим­назидийг дүүргэсэн Владимир Казанийн их сур­гуульд суралцаж байгаад оюутны хөдөл­гөөнд оролцсон учир сургуулиасаа хөөгдсөн байна. Улмаар Казаньд марксист дугуйланд оржээ. Удалгүй Петербургт ирээд 1893 оноос нийтлэл бичиж, социал демократ үзэл санаа болон политэкономийг судлал болсон байна. 1895 онд гадаадад очоод эргэн ирсний дараа “Ажилчин ангийг чөлөөлөхийн төлөө тэмцлийн холбоо” намыг үүсгэн бай­гуулжээ. Тэрээр баривчлагдан Енисейн губернид (муж) цөлөгдөж, тэнд Надежда Крупскаятай гэрлэсэн байна. Цөллөгт байхдаа гол бүтээлүүдээ туурвижээ. Цөллөгийн хугацаа дууссаны дараа 1900 онд Псков хотод суурьшин бусдын хамт “Искра” (“Оч”) сонин, “Зоря” (“Үүрийн туяа”) сэт­гүүлийг хэвлэн гаргаж эхэлжээ. Ленин Оросын ажилчны социал демократ намын II их хурлыг зохион байгуулагч нарын нэг байсан бөгөөд намын дүрмийг шинэчилж, социалист хувьсгалын тусламжтайгаар шинэ нийгэм байгуулах зорилт тавин төлөвлөгөө боловсруулжээ.
Ленин 1905-1907 оны хувьсгалаар Швей­царид амьдарч байлаа. Намын олон гишүүд нь баривчлагдсаны дараа удирдлага нь түүний гарт ирэв. Намын III их хурлын дараа тэрээр бослогод бэлтгэж эхэлсэн байна. Арванхоёрдугаар сарын бослого дарагдсан ч ажлаа үргэлжлүүлэн “Правда” (“Үнэн”) сониныг гаргаж, намын байгууллагаа бэхжүүлж байлаа.

1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа тэр Орост буцан ирж, “Дөрөвдүгээр са­рын сэдвүүд” нэртэй илтгэлээ гаргав. Ленин Засгийн газрын эсрэг бослого зо­хион байгуулж, дараа нь түүнийг баривч­лах шийдвэр гарсны дараа нууц байдалд ажил­лажээ. Зөвлөлүүдийн хурал дээр Ар­дын Комиссаруудын зөвлөл гэсэн Зас­гийн газрыг байгуулснаа зарлав. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа тэрээр Германтай энхийн гэрээ байгуулж, Улаан арми ба III  коммунист интернационалийг байгуулжээ. Тэрээр цэргийн коммунизмын бодлогоо эдийн засгийн шинэ бодлогоор солин ардын аж ахуйг бэхжүүлэн СССР гэсэн социалист улсыг байгуулжээ. Биеийн байдал нь муудсаар 1924 оны нэгдүгээр сарын 21-нд нас баржээ. Дэлхийн үгээгүй ядуусын удирдагчийн шарил Москвагийн Улаан талбай дахь бунханд байдаг.

Энэ өдөр таалал төгсчээ

Италийн бүжгэн жүжигчин Мария Тальони (1804.04.23-1884.04.22)
 
Энэ эмэгтэйн Пер-Лашезийн оршуулгын газар дахь булшны чулуун дээр “Газар түүнийг битгий хүчтэй дараарай, тэр чам дээр тийм л хөнгөхөн гишиглэж явсан шүү дээ” гэсэн үгийг сийлсэн байдаг.
Романтизмын эриний бүжгэн жүжгийн гол төлөөлөгч Мария Тальони 1804 оны дөрөвдүгээр сарын 23-нд бүжиг дэглэгч, балетмейстер Филипп Тальонийн гэр бүлд төржээ. Эцэг нь түүнийг бүжгэн жүжигчин болгох хүсэлтэй байсан гэдэг. Балетчны гэмээргүй бие галбир, төрхтэй охиноо Вена, Стокгольм, Парист сургаж, өөрөө ч хичээллүүлдэг байлаа. Тэрээр 1822 онд «Терпсихорагийн ордонд залуухан дагиныг хүлээн авсан нь» бүжгэн жүжгийг тавьж, Вена хотноо Мариягийн анхны тоглолтыг хийлгэжээ. Тэрээр өөрийн хэсгийг хөнгөн, даруухан даашинзтай бүжиглэн тэр үеийн хүнд хувцас, хиймэл үстэй бүжигчдээс ялгарч байлаа. Мария 1827 онд «Венецийн багт наадам» бүжгэн жүжгээрээ Парисыг байлдан дагуулжээ. 1832 оны гуравдугаар сард балетын романтизмыг эхлүүлсэн “Сильфида” жүжгийн анхны тоглолтод Марияг гоцолсон байна. Яг тэр үеэр л Мария Тальони бүжгэн жүжигт пачка гэх шаахай, пуанта гэх сэвсгэр банзлыг оруулж иржээ. Дараагийн 15 жилд нь тэрээр Европыг тойрон аялан тоглолт хийжээ. Домогт Мариус Петипа түүнд зориулан олон бүжиг бэлтгэж байв. Мария 1832 онд гүн де Ваузентай гэрлэсэн ч тайзаа орхисонгүй.   1847 онд бүжигчний амьдралаа дуусгаад, Италид амьдарч, хувиараа хичээл заах болов.

Мария Тальони 1884 оны дөрөвдүгээр сарын 22-нд Марсель хотноо таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж