Загварын салбарт шинэ өнгө төрх нэмэх шилдэг дизайнер шалгаруулдаг “ModArt” реалити шоу хоёр сарын турш үргэлжилсэн юм. Шоуны хүрээнд уламжлал ёсоор “Vision 2013” загварын шоу болдог бөгөөд наадмын гол зорилго нь эрэгтэй, эмэгтэй “Топ модель” шалгаруулах ба эх орноо төлөөлөн дэлхийн загврын чиг хандлагыг тодорхойлдог “New-York Fashion Week”-т оролцох шилдэг дизайнер, шилдэг таван загвар өмсөгчийг зарласан юм.
Шоуны эцсийн шалгаруулалтад шалгарсан дизайнер Д.Отгонжаргал, н.Алимаа, н.Сэлэнгэ нар сүүлийн даалгавраа “Тал нутгийн монгол охид” сэдвийн дор бэлтгэж, урласан коллекцио дэлгэсэн юм. Тэдний өөр өөрсдийн өвөрмөц ертөнцийг энэ л үдэш тайзнаас тольдлоо.
Дизайнер Д.Отгонжаргал хамгийн түрүүнд коллекцио танилцуулсан. Тэрээр 2003 онд “Урлах эрдэм” дээд сургуулийг төгсч, 2003-2011 онд төгссөн сургуульдаа багш, дизайнераар ажиллаж байсан бөгөөд өөрийн бие даасан таван жижиг, найман том коллекци гаргаж байжээ. Д.Отгонжаргал энэ удаад дээрх сэдвийн дагуу “Haute Couture Fashion Collection” нэртэй 14 хувцас бүхий коллекцио толилуулсан. Түүний загварууд XIX зуунд эдэлж, хэрэглэж байсан монгол эмэгтэйн хувцас дүр төрхийг орчин үеийн шийдэлтэй оруулж өгснөөрөө онцлог байсан юм. Мөн монгол эмэгтэйн хатан мөр, аксессуар гоёл, үндэсний хээ хуарыг загварын гол шийдэл болгон ашиглаж, өөрийн стиль, ур чадварыг илтгэн уран гоёмсгоор 100 хувь гар ажиллагаатайгаар урласнаараа онцлог байлаа.
Түүний араас дизайнер н.Сэлэнгээгийн коллекцийг толилуулсан юм. Тэрээр есөн хувцсаас бүрдсэн коллекцио дэлгэсэн бөгөөд эрхэмсэг донжтой, тарад загваруудыг илүүтэй тусгасан байв. Мөн бүх загварууддаа европ деталь элементүүдийг түлхүү оруулж, товч, шилбийг нь шагайгаар урласан байсан шүү.
Харин сүүлийн коллекцийг дизайнер н.Алимаа дэлгэлээ. Түүний загварууд монгол дээлний уламжлалт хэв шинжийг орчин үеийн хувцсанд шингээн гоёмсог даашинзууд.
Энэхүү загварууд нь дотроо уламжлалт хээ угалз болон шагайн наамал, гоёлын шүр сувдаар чимэглэсэн байсан ба өнгөний хувьд байгалийн ногоон, шар, цэнхэр, ягаан өнгийг сонгожээ. Мөн толгойн чимэглэлд тоорцог, унжлага, шанх зэргийг оруулсан байснаас гадна цагаан наамлаар хээ угалз урласнаараа онцлог байсан юм.
“ModArt” реалити шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд МҮДХ-ны ерөнхийлөгч хатагтай З.Одонгэрэл, шүүгч, фото зурагчин Зээв Розен, МҮДХ-ны гүйцэтгэх захирал, дизайнер н.Оюунцэцэг, дизайнер Н.Соёлмаа нар ажилласан.
Наадмын шүүгчид тайзнаа удаан хүлээсэн “Топ дизайнер”-ыг зарлан “New-York Fashion Week”-д оролцох эрхийг гардуулав. Тэр шагналын эзэн бол “ModArt” реалити шоунаас шигшигдэн үлдсэн дизайнер Д.Отгонжаргал байлаа. Тэрээр “Топ дизайнер” өргөмжлөл, “New-York Fashion Week”-д оролцох эрхийн бичгийг гардан авсан юм.
“ModArt” реалити шоуны ялагч дизайнер Д.Отгонжаргалтай уулзсан юм.
-“Шилдэг дизайнер” болсонд баяр хүргэе. Чухам юу таныг энэ реалити шоунд хөтлөн оруулав?
-Тэмцээн маань амжилттай болж, өндөрлөлөө. “New-York Fashion Week”-т оролцох эрх л намайг ийш нь эрхгүй татлаа. Тэмцээн хоёр сарын турш үргэлжилж, маш олон даалгавар биелүүлсэн. Хамгийн хэцүү нь өнөөдрийн “Тал нутгийн монгол охид” нэртэй шоу байлаа. Гол шалгуур нь үндэсний элементүүдийг оруулсан өдөр тутмын брэнд загвар бий болгох ёстой юм. Тиймээс өдөр тутмын гар ажиллагаа оруулсан загвараа дэлгэлээ.
-Тэмцээний даалгаврууд ямар байв?
-Ерөнхийдөө бүх даалгавар хэцүү байсан. Авангард болон дотуур хувцасны даалгаврын хугацаа их давчуу байсан. Дотуур хувцсыг нэг өдөр урласан бол авангард хувцас дээр тав хоногийн хугацаа өгсөн. Сүүлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа нэг сар байсан учраас ерөнхийдөө гайгүй.
-Загваруудынхаа материалыг хэрхэн сонгов. Хаанаас худалдаж авсан бэ?
-Тухайн бүтээлээсээ шалтгаалаад дизайнерууд материалын янз бүрийн судалгаа хийгээд гаргадаг л даа. Миний сүүлийн даалгаврын загварууд дээр үндэсний гэсэн элементийг оруулахын тулд торгыг сонгож, өдөр тутмын гэдгийг илэрхийлэхийн тулд савхи, илэг ашигласан. Мэдээж загварын коллекцийнхоо гол үндсийг монгол үндэсний хувцасаасаа санаа авсан болохоор хамгийн хэцүү загварууд үдшийн гоёлын даашинзууд байлаа. Эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлдэг гол зүйлийг шингээсэн, Х хэлбэртэй тансаг, чамин байлгахын тулд өнөөдрийнхөө загваруудыг гаргасан. Материалуудаа байгаа бололцоогоо ашиглан Монголд зарагдаж байгаа хамгийн гайгүй, чанартай гэснийг нь сонгон авч хийсэн.
-“New-York Fashion Week” хэзээ болох вэ. “Тал нутгийн монгол охид” коллекциороо оролцох уу?
-Ирэх есдүгээр сард гэж төлөвлөгдөж байгаа. Энэ загваруудаа үргэлжлүүлээд хийх үү, шинэ загвартай оролцох уу гэдгийг шүүгч дизайнеруудтай ярилцаж байгаад шийднэ.
Загварын ертөнцөд өнгө нэмж, цус сэлбэсэн “Vision 2013” наадам ийнхүү гурав дахь жилдээ болж, шилдгүүдээ шалгарууллаа.