“Хонгор нутаг” хөдөлгөөн юуны учир байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

“Хонгор нутаг” хөдөлгөөн юуны учир байгуулагдав

Дундговь аймгийн Говь-Угтаал суманд хэсэг иргэд “Хонгор нутаг” нэртэй хөдөлгөөн байгуулжээ. Тус сумын Хонгор багийн нутаг дахь Хараат, Төмөртийн  гэсэн хоёр ордод Хятадын хөрөнгө оруулалттай хоёр компани  ажилладаг. Тэр хоёр компани хүдэр баяжуулах үйлдвэрийн технологийн  усны хэд хэдэн цооног өрөмдсөн, эрт дээрээс тахиж шүтэж ирсэн уул хангайг нь тэсэлж дэлбэлж байгаа нь нутгийн иргэдийг ийнхүү тэмцэлд нэгтгэсэн байна гэж үзээд аймгийн холбогдох байгууллагууд газар дээр нь очиж газрын хэвлийн тухай, ашигт малтмалын тухай хуулийг дээрх компаниуд зөрчөөгүй тул энэхүү тэмцлээ зогсоохыг зөвлөжээ.

Тус хөдөлгөөний нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн гишүүн “Иргэдийн тэмцлийн утга учир зөвхөн үүнд бишээ, Хамгийн гол нь сумын удирдлага  Хятадын компанийхантай сүлбэлдэж, нутаг орноо гэсэн иргэдийн үгийг сонсохгүй байгаад дургүйцсэн. Бод доо.  Сумын ИТХ-ын даргын нөхөр Д.Амгалан эдний нэг компанийн монгол талын захирал.  Эднийхээс унаа унана, бензин шатахуунаа авна, сумнаас хэнийг энд ажилуулахаа мэднэ, эндээс цалин авна. Бас болоогүй, сумандаа хамгийн том компанийн захирал. Засаг дарга болохоор  бас эдний талд ажилладаг. Үүнд л бид дургүйцэж боссон.  Түрүүчийн Засаг дарга гэхэд засгийн унаа нь актлагдахаар албандаа Хятадын компанийн машиныг хөлөглөж байсан гэхээр тэдний өвөрт  сумын удирдлага давхиад орчихсон байгаа биз дээ” хэмээн ихэд бухимдалтай хэлж байв.

Эндээс нутгийн иргэд үнэхээр хятадын компаныханд дургүйцэж үү, сум орныхоо удирдлагын шударга биш үйл ажиллагааг шүүмжлэн боссон уу, аль эсвэл сумын хэдэн том бизнесмений эрх ашгийн зөрчил, өрсөлдөөн үү, зүгээр л улс төрийн байр сууриа хадгалах гэсэн сумын удирдлагын үйл ажиллагаанаас үүдэлтэй юү гэдгийг аймгаас очсон хүмүүс зааглаж ойлгож чадсангүй юү гэсэн бодол төрж байна. 

“Хонгор нутаг”  хөдөлгөөнийхний тавиад байгаа шаардлагын цаана юү байна вэ гэдгийг нарийвчлан судалж үзүүштэй биш үү.

                            С.ПҮРЭВСҮРЭН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж