NBA Playoff: Коби хамгаалах гэж тоглолоо

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

NBA Playoff: Коби хамгаалах гэж тоглолоо

Коби Брайнт довтолгоондоо төдийлөн анхаараагүй, тиймээс ч тоглолтын туршид ердөө 11 оноо авсан. Энэ бол плей-оффын эхний шатны “Лейкерс-Хорнетс” багийн цуврал хоёр дахь тоглолтын дүр зураг. Кобид оноо авахаас илүү эхний тоглолтод ганцаараа шахуу аваргуудыг хожиж дөнгөсөн Крис Полыг хамгаалж, хөдөлгөхгүй байх нь л чухал байлаа. Харин түүний оронд Байнум оноогоор багаа тэргүүлж, Одом удаалсан байна. Залуу төвийн тоглогч 17 оноо, 11 самбараар багаа тэргүүлсэн. Тоглолтын өмнө “Лейкерс”-ийн түүхэн дэх анхны “Шилдэг зургаа дахь тоглогч” болсон Одом хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө шагналаа гардан авсан. Тэрбээр 16 оноо, 7 самбараас бөмбөг авалт хийн өмнөх тоглолтод гаргасан муу тоглолтынхоо алдааг цайруулжээ. Улмаар баг нь 87:78 харьцаатайгаар хожин цувралын харьцааг тэнцүүлж чадсан байна. Тэдэнд Рон Артест 15 оноогоор тус хүргэсэн бол Кобигийн зогсоох үүрэгтэй Пол шилдэг холбогч гэдгээ харуулан есөн оновчтой дамжуулалтыг багийнхандаа өгөөд зогсохгүй 20 оноог аваад амжсан. Гэхдээ Кобигийн тоглолтын турш Полтой зууралдаж, сул чөлөөтэй гүйлгээгүй нь статистик дүнгээс харагдаж байлаа. Учир нь Крис Пол эхний тоглолтод 33 оноо, 14 оновчтой дамжуулалт хийж, плей-оффын эхний шатны хамгийн том гэнэтийн бэлгийг барьсан.

Харин хуучин багийнхаа эсрэг тоглож байгаа Тревор Ариза 22 оноо, долоон удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн. “Стэплс Центр”-ийн уур амьсгал, “Лейкерс”-ийн хатуу ширүүн хамгаалалтын эсрэг Нью-Орлеаны багт онооны лидер Дэвид Уэст нь үгүйлэгдэж байгаа нь харагдаж байсан юм.

Уэстийг орлон плей-оффт тоглож байгаа Карл Ландри 12 оноо, гарааны төв Эмека Окафор долоон оноо авсан төдийгүй хувийн алдааны асуудалд эрт орсон байна. Эхний тоглолтод шагайндаа гэмтэл авсан ч сэлгээнээс “цагаан” төвийн тоглогч Аарон Грэй талбайд 23 минутыг өнгөрүүлсэн юм. Эхний тоглолтод багаараа гуравхан удаа бөмбөг алдалт хийн NBA-ын плей-оффын дээд амжилтыг тогтоосон “Хорнетс”-ийн бөмбөг алдалт өнөөдөр 16 болж өссөн нь талбайн эздийн хамгаалалт үр дүнгээ өгснийг илтгэж байгаа хэрэг.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж