Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 18/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналуудыг хэлэлцээд арилжааны банкуудад 1467,51 төгрөгийн хаалтын ханшаар 43,8 сая ам.доллар, 239,01 төгрөгийн хаалтын ханшаар 73 сая юань тус тус худалджээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР