NBA Playoff: Аянга дахин “ниргэв”

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

NBA Playoff: Аянга дахин “ниргэв”

Плей-оффын эхний шатны хоёр дахь тоглолтууд өнөөдөр дууслаа. Сагсан бөмбөгийн эх орны гурван хотын хөгжөөн дэмжигчид плей-оффын халуухан уур амьсгалыг мэдэрч, төрөлх хотынхоо багийг уухайлан дэмжсэн юм. Өнөөдрийн эхний тоглолт “Денвер Наггетс”, “Оклахома Сити Тандер” багийн тоглолт байлаа. “Оклахома” эхний тоглолтонд ялсан учраас хожлоо баталгаажуулах, харин “Денвер”-ийн залуус гэртээ харихдаа нэг хожил өвөртөлсөн байх даалгавартай талбайд гарсан. Тоглолтын эхнээс л талбайн эзэн “Оклахома Сити Тандер”-ын Дюрантаар тэргүүлүүлсэн залуус ээлж дараалсан довтолгоонуудаа амжилттай болгож, эхний үе дуусахад 31:15 гэсэн харьцаатай тэргүүлж байв. Үлдсэн гурван үед онооны давамгайлал олоод байсан талбайн эзэд эсрэг багтаа илүү оноо алдалгүй жигд оноо авсаар 106:89 харьцаатай хожил байгууллаа. Ингэснээр өрнөдийн дөрөвдүгээр байраар шалгарч, плей-оффт тоглож байгаа “Тандер” цувралыг 2-0-ээр тэргүүлж эхэлсэн байна.

NBA-ыг сүүлийн хоёр улирлын турш оноо авалтын дунджаараа тэргүүлж байгаа Кевин Дюрант 23 оноо, таван самбар, таван оновчтой дамжуулалт хийн багийн нөхдөө тэргүүлжээ. Харин түүнд Уэстбрук 21, Хардин 18, Ибака 12 оноогоор тус болж, багийн хожилдоо өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. Харин “Денвер”-ээс шилдэг нь Тай Лоусон байсан байна. Залуу холбогч 20 оноо авч, багийнхнаа тэргүүлжээ.

Өрнөд бүсийн плей-оффт тоглож байгаа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй хоёр багийн цуврал 2-0 боллоо. Цуврал дараагийн тоглолтоос Денвер хот руу шилжинэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж