Ерөнхий сайдын чин хүсэл

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын чин хүсэл

Найман зуун жилийн түүхтэй ч нүүдэлчин ахуйгаасаа салж чадаагүй монголчууд бид байгалийн баялаг, газар доорхи үнэт зүйлсээрээ дэлхийд одоо л танигдаж байх шиг. Ардчилсан хувьсгал хийсэн тэр цагаас хойш хөрш хоёр орны найрамдалт харилцаагаар дэлхийн хөгжлөө хэмжиж явснаас түүнээс цаашаа тийм ч хол харалгүй явсан гэхэд хилсдэхгүй.

Харин одоо бид байгалийн асар их баялагтай, Их Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ дэлхийд танигдаж, гуравдагч орнуудын анхаарал Монголын зүгт хандсан. Үүнд ардчилсан төр засгийн нөлөө бишгүй их байсныг ч мартах учиргүй. Тэр дундаа ардчилсан Ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр тодорхой хүрээнд байгаа.

Бид одоо жинхэнэ утгаараа ардчилсан улс орон болох шаваа тавилаа. Хотоо ардчилагчдаар удирдууллаа. Хуулиа ардчиллынханд даатгав. Төрөө ардчилсан сайдуудад даатгаж, Монгол Улсын цаашдын хувь заяаг ардчиллын гарт даатгаж орхилоо. Тэд бидний итгэлийг хүлээж ажиллах ёстой юм.

Ардчилсан намд нэг удаа монголчууд итгэсэн. Харин тэд итгэлийг нь алдсан. Нэг удаагийн алдаа уучилж чаддаг ч дахин алдсан хүнийг уучилж , өршөөдөггүй тийм л омголон хүмүүс бид.

Э.Бат-Үүл ба тэдний нөхдийн туйлын хүсэл бол ард иргэдээ амгалан тайван орчинд айх аюулгүй амьдруулах.

Харин З.Энхболдын ангийнхан тэр бололцоог хангахад түлхэц болох, нийгмийн эрх ашигт нийцсэн хууль батлах, боловсруулахын тулд ажиллах хэрэгтэй юм.

Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгчийн ард түмнийхээ төлөө хийх ажил нь эв нэгдлийг хангаж, бурууд хатуу, зөвд зөөлөн явах учиртай юм. Харин Гүйцэтгэх засаглалын тэргүүн тун өөр зүйлийн төлөө санаа зовж, үүний төлөө үлдсэн гурван жилийн ажлаа зориулах гэнэ.

Тэр нь ард түмнийхээ гээгдсэн итгэлийг олж авах. Итгэлийг нь олж авахын тулд яах ёстой, монголчууд төр засагтаа итгэдэг тэр сайхан цагийг авч ирэхийн тулд ханцуй шамлан ажиллах аж.

Нээрээ ч тийм шүү. МАН-ынхан төр засгийн эрхэнд гарч, АН-тай хамтарсан засаг байгуулахдаа ч тэд ард түмний итгэлээр хангалттай тоглосон. Одоо тэд төр засагт итгэх итгэлээ алдчихаад байгаа.

Сонгууль болгоны өмнө Эх орны хишиг, зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гэх мэт шоу хийж, түүнийгээ ч хэрэгжүүлсэн юмгүй бие, биесээ буруутгаад өнгөрдөг болохоор яаж ч итгэх вэ дээ. Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийг ч ард түмэн тэгж хардаг гэх. Нүүрсний үнийг хямдруулахад шоу гэж харж, итгэхгүй байхад нь Н.Алтанхуяг сайд тун ч урам нь хугарсан гэдэг.

Дараа нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн шийдвэр гаргахад Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу гэж үнэлсэн бүр гайхшаа барж, эцсийн дүндээ ажлаа эхлэхээсээ өмнө ард түмнийхээ итгэлийг олж авахад анхаарлаа чиглүүлэх нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэг. Тиймээс сэтгэл гаргаж хийсэн олон ажлыг нь сонгууль угтсан, эс бөгөөс хөөрүү нөхдүүдийн шоу гэж харахаасаа өмнө төр засагтаа итгээд үз хэмээн чин сэтгэлээсээ ард түмэндээ хандан хүссэн байна.

Бид итгэж байгаа. Харин тэр итгэлийг харин дахин алдах учиргүй. Алхам бүрийг нь анаж, алдаа гаргах вий хэмээн хүлээж байгаа сөрөг хүчинд ч боломж олгох учиргүй. Тэдний аманд орох ч хэрэггүй.Тэглээ гээд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэ гэсэн үг биш.

Хамгийн чухал нь Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шууд ардчилал, иргэний оролцоог сонгодог утгаараа хэрэгжүүлж, шийдвэрийг ард түмэнтэйгээ хамт гаргадаг болсон цагт л тэр хүсээд байгаа итгэл гэгч нь өөрөө хүрээд ирнэ. Тиймээс намаараа талцаж хэрэлдэлгүй, харилцан уялдаа холбоотой хэн хэнийхээ ажлыг дэмжиж ажиллаж байж ард түмнийхээ итгэлийг олох учиртай билээ.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж