Малчдын бүлгийнхний гайхалтай амжилтууд

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Малчдын бүлгийнхний гайхалтай амжилтууд

Таван төгрөг ахиухан олж, ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн малчид хаа холын Увс, Хов­доос ч гэлтгүй малаа туу­гаад хотын хаяа барааддаг болж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэ­нэт, Чойбалсан, Хар хорин зэрэг хот суурин газруудыг тойроод  малчид  битүү суу­рьшчихаад байгаа. Гэтэл нэг хэцүү асуудал тулгарч байгаа нь нөгөө л бэлчээр. Даац нь хэтрээд, ургамал сэргэн ургах үед амраахгүй,талхласнаас болж доройтсоор л… Харин одоогоос дөрвөн жилийн өм­нөөс Хот орчмын бэлчээрийг нийтээр дундаа ашиглан до­ройтуулж байгааг өөрчлөн  малчдын бүлэгт гэрээлж өгсөн нь нэг алхам  урагш алхжээ. Нэг малчин өрхийг биш хэд хэдээрээ нэгдэж нийлсэн малчдын бүлэгтэй гэрээлж ажилласан нь нүдээ олсон шийдэл байв. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Нэг өрхийн гурван хүн бэлчээ­рээ хамгаалахын төлөө ажил­­лах нийлээд 30 уулаа зүтгэхэд газар,тэнгэр шиг ялгаатай. Адаглаад өгөөж, үр дүн нь ч хамаагүй илүү. Ингэж байгуулагдсан  малчдын бүлгийнхний бэлчээрт нь худаг гаргах, малын тэжээл нийлүүлэх, хашаа, хороо  барих материалаар хангахад дэмжлэг үзүүлж иржээ.

Бас малчдын толгойг нь “цэнэглэж”. Өөрөөр хэлбэл, загас барьж аманд нь хийх биш загас барих аргад ч су­ралцуулжээ. Хэдийгээр төсөл дууслаа ч, хүний тархинд үлдээсэн мэдлэгийг хэзээ ч , хэн ч булааж авч чадахгүй.

 Малчдын бүлгийнхэнд тэжээл нөөцөлж, хадгалах болон бизнесийн, маркетин­гийн сургалтыг чамгүй олон удаа явуулсан нь малчин өрхүүдийн амьжиргааг эрс өөд нь татав. Малчдын бүл­гүүд бэлчээрээ хуваарилж, сэлгэж ашигладаг болжээ. Бэлчээр эзэнтэй болсноор бэлчээрийн талбайгаа ч тэм­дэгжүүлж, хадлангийн тал­бай­гаа хүртэл хашсан байв. Бас болоогүй ээ, нэмэлт малын тэжээл тариалаад хураачихна. Энэ нь хөхөө өвлийн хүйтэн, хөр цастайд, хаврын хавсарга шуургатай хахирган өдөр аминд орно.

Малын тоо толгойг  шүтэх биш, үржил шим сайтай цөө­хөн малтай  байхын чухлыг ч ойлгох болжээ. Тэд “Хөлөн­буйр суманд барга хонь бай­на. Их догшин, цаг агаарын хүнд нөхцөлд ч ажирахгүй. Том торниун биетэй. Бас торгууд хонь байна. Дундад Ази хо­нийг монгол хоньтой эрлийз­жүүлж гаргасан хонь шүү дээ. Их сайхан том бандгар сүүл­тэй. Монголчууд чинь хонины том сүүл харахаараа баярла­даг биз дээ. Урт нарийн ноос­той. Ноос нь хивс хийхэд үнэхээр тохиромжтой гэсэн. Сүүний болон махны чиглэ­лийн үнээтэй болж байгаа. Малынхаа үүлдэр, угсааг анхаарч, өндөр үр шим  өгөх малыг өсгөхгүй бол хотын ойр орчимд мал маллана гэдэг хэцүүхэн болж байна. Энэ нь  мань мэтийнхээ амьжиргааг ч дээрдүүлэх юм билээ” хэмээн хуучилна. Тэд жимс, ногоо тарина, царгас ургуулна, ногоон тэжээл бэлтгэнэ гээд завгүй. Аргагүй л мөнгө олох, бүтээгдэхүүнээ үнэ хүргэх  гүйлгээ ухаанд сүрхий сурал­цаж байгаа юм билээ.

Сайхан сумын Буянт сүрэг малчны бүлэг: Малын чанарыг нэн тэргүүнд тавьдаг. Бүлгийн ахлагч Б.Төмөрбаатар Америкийн суффолка үүлдрийн хонь, Орхон үүлдрийн хонь, Америкийн Ангус үүлдрийн үхэр үржүүлэн малчин хүн хэрхэн сайхан амьдарч болдогийг үлгэрлэн харуулж байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бат-Арвижих бүлэг: Сүүлийн жилүүдэд эрчимжсэн аж ахуй эрхэлж жилийн дөрвөн улиралд “Сүү” ХК-д сүүгээ нийлүүлж байна.

Хушаат сумын Хамтрагчид бүлэг: Зохиомол хээлтүүлгийг 2 үнээндээ хийж, нэг лимузин  үүлдрийн тугалтай болсон. 6 сартай тугалын жин 210 кг хүрч, 2012 оны улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын МС бүлэг: Сүүний аж ахуй ямар байх вэ гэдгийг харуулж чадах цогц үйл ажиллагаа явуулдаг. Тэд малын тохилог байртай, хүлэмжинд малын тэжээл тарьж, дарш бэлтгэдэг төдийгүй өөрийн сүүний үйлдвэртэй. Сүүний үйлдвэр нь ариутгаж савласан сүү, тараг, цөцгий, аарц үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Хөшөөт бүлэг: Нэгэн зорилгоор нэгдэн ажиллаж чаддаг. Тэд чацаргана, үхрийн нүд тарьсан нь энэ жил үр жимсээ өгчээ. Тэд эрдэнэ шиш, хүнсний ногоо тарьж арвин ургац авлаа.

Төв аймгийн Алтанбулаг сумын Эх цагаан булаг бүлэг: Эзэнгүй, хоосон байсан бэлчээрийг гэрээгээр ашиглан малын битүү байр, амьдрах орон сууц, гүн өрмийн худаг барьж ногоон тэжээл тариалах талбайгаа хашаажуулан их бүтээн босголтын ажлыг 2 жил хүрэхгүй хугацаанд амжуулжээ.

Монголын Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөлд 387 малчдын бүлгийн 1315 өрх айл хамрагдаж, 340408 га талбайг гэрээгээр бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Эдгээр малчдын бүлгийн 55 нь эрчимжсэн, 332 нь хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх болжээ. Тэдний амжилт, ололтоос цөөхөн хэдийг нь жишээ болгон дурдахад нэг иймэрхүү. Тэд амжилтаараа гялалзаж, хоршиж нэгдэж ажиллахын “ид шидийг” мэдэрч, хот суурин газрын сүү, сүүн бүтээгдэхүүн, махны хэрэгцээ хангадаг томоохон фермерүүд болох эхлэлээ хэдийнэ тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж