
Азийн хөлбөмбөгийн хамгийн том фестиваль гэгддэг “Tiger Street Football” өнгөрсөн жил шар тивийн таван орноор “зочилж”, 1500 багийн 7500 тоглогч тэмцээнд өрсөлджээ. Харин энэ жилийн хувьд хүрээгээ улам ч тэлсэн бөгөөд Аргентин, Англи, Франц, Герман, Голланд, Испани, Швед, Бразилийн гудамжны хөлбөмбөгийн багууд наадмын төлөөлөл болон оролцож байна.
Италийн хөлбөмбөгийн шигшээ баг 2006 онд дэлхийн аваргын цом өргөхөд багаа ахлан тоглож байсан Каннаваро өнгөрсөн жилээс Арабын нэгдсэн Эмиратын “Аль Ахли” клубын дасгалжуулагчаар ажиллаж буй. 2006 онд Ballon d’Or хүртэж байсан энэ гайхалтай хөлбөмбөгч “Tiger Street Football” наадмын хүрээнд ирэх есдүгээр сарын эхээр Монголд ирэх ажээ. Дараа нь Сингапур, Малайз, Вьетнамаар аяллаа үргэлжлүүлэх гэнэ.