Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

Жудгаа хат

Жудаг, жудагтай, жудаггүй… гэх үгийг наадмын хэдэн өдөрт монголчууд их хэлнэ.

-Монгол бөхийн тэр сайхан жудаг хаана байна вэ… Сайхан жудагтай загналаа даа…  Үгүй мөн жудаггүй хүн ээ… гээд л янз янзаар ярина, ойлгоно, омойтно. Чухамхуу энэ үгээр юуг илэрхийлээд байгаа нь нэн сонин, магтаад уу, муулаад уу. Байх ёстой хэм хэмжээг хэлэх гээд байна уу. Найрааны хэдэд нь найр тавьсан нөхрийг жишээ нь нэг хэсэг нь жудагтай гэдэг бол нөгөө зарим нь жудаггүй гэх жишээтэй. Барилдаад уначихаад учраагаа дэлсчихээр нь жудаггүй. Уучлалт гуйхаар нь жудагтайгаар нь дуудчихаж байгаа юм. Хамгийн ойрын жишээ гэвэл аварга А.Сүхбатад өвдөг шороотмогцоо Г.Өсөхбаяр өшиглөсөн явдал. Дараа нь уучлалт гуйсан. Эхлээд жудаггүй яригдсан. Хожим нь жудагтайгаар хэлэгдсэн. 

Тэгвэл Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д жудаг гэдгийг төлөв байдал, зан чанар гэж тайлбарласан бол жудаггүй гэдэг нь хүний зан, санаа, томоо тогтуур, муу урвамтгай, шударга биш гэдгийг илэрхийлэх аж. Харин жудагтай гэдгийг нь ханилгаа сайтай, нөхрийн ханш сайтай гэж тайлбарлажээ.


Зодоон ба жудаг

Ардын засаг ч юу байлаа, авдаг хэд нь ч хэд байлаа гэдэг шиг дүрэм, журамгүй тэр цагт жудаг, нэг ёсны монгол хүний уужуу ухаан, холч бодлоор шийдэгддэг. Тэр нь үлгэр дуурайл болон дагаж, мөрдөх ёстой жишиг болдог байсан болов уу. Харин өнөө цагт үүнийг дүрэм, журам, хуулиар зохицуулах нь зайлшгүй.

Хэрвээ гудамжинд нэг нөхөр нөгөөгөө дэлсээд авбал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Үгүйдээ захиргааны арга хэмжээ авна. Харин монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд тийрэх, ухамсарын шанаа өгч, алгадах, мөргөсөн тохиолдолд жудаг л яригдана. Эрүү үүсгэх байтугай торгох ч үгүй. Ийм л хүчтэй нь хүчгүйгээ гэсэн ширэнгийн хууль үйлчилдэг. Уг нь бөх бол хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог барилдаан. Түүнээс бокс биш. Гардан тулаанаас бүр ч хол спорт.

Гэтэл нанжилдаангүй найр гэж юу байх вэ шиг дэлсээнгүй наадам түүх болох нь. Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Н.Адьяабатыг дөрвийн даваанд марантал нь шанаа өгснийг миний хоёр цэхэр байтугай наадамчин олон харсан. Энэ даваанд улсын начин Н.Батзаяад унасан улсын начин Ж.Оргил тахимаа өгөхдөө сөхөртөл нь тохойлдоод авсан. Барилдаж буй бөхийн цочроог арилгах гэж засуул нь хонгонд нь алгаддаг бол тахимаа өгөхдөө тохойлдож олон даваа авахыг ерөөдөг болсон юм даг уу. Улсын заан Б.Соронзонболд л гэхэд барилдаж чадахаа байгаад барцад сайн гаргадаг болчихсон юм билээ. Түүнийг хаяад лантуу шиг гарыг нь улаан нүүрэндээ буулгуулсан Г.Эрхэмбаяр тахимаа авахдаа мангасдуулсны хүчинд залуу аварга болсон доо.

Цаашаа цохио нь зодооноор өргөжих шахсан нэгэн барилдаан нь Улсын аварга С.Мөнхбат, улсын харцага цолыг шинээр хүртсэн Н.Түвшинбаяр нар. Залуу аваргад мөргүүлсэн олимпын аварга зүүн гарын хажуугийн савалтыг явуулж байгаа харагдсан. Зодолдох юм бол барилдах хэрэг байна уу. Бяр тэнхээ, хурдан шаламгай, уран мэхийг уралдуулж чадахгүй бол зодгоо тайлаад зодооноо хөөсөн нь дээр гэж зөвлөх нь илүүц биз.

Жудаг ба жүжиг…

Нэгэн цагт олныг шуугиулж явсан гарьд И.Доржсамбууг шөвгөрнө гэж нутгийнх нь олон битүүхэндээ горьдож суусан байх. Гэтэл мань хүн энэ жил харцага болсон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, аймгийн арслан Э.Оюунболдод тавын даваанд их л тавилттайгаар унаж харагдсан. Яг л хавьгүй илүү хүчтэй ч гол дүрд эцэстээ дийлэгдэх ёстой хонгконг киноны сценар шиг.

Иймэрхүү байдлаар тал зассан дараагийн гарьд бол Д.Рагчаа. олимпын хошой медальт Н.Түвшинбаярт шал худлаа уначихсан.

Энэ нь ихэд таалагдсан уу. Эсвэл ярилцаж тохирсон уу, бүү мэд. Даян аварга Г.Өсөхбаяр өөрийг нь дэмжиж байсан наадамчдаа гонсойлгож зургаагийн даваанд Н.Түвшинбаярыг авснаа тахимаа өгч балайрсан. Үүнийг нь тайлбарлагчид “Аргагүй л монгол бөхийн аварга хүний сайхан жудаг” гэж орчуулав. Уг нь Өсөхөө аварга олимпын аваргыг дэмжиж байсан юм бол амлахгүй байхад л маш том жудаг гаргасан болох байлаа. Хэн ч аварга жудаггүй загналаа гэхгүй. Харин ч том боломж олголоо л гэх байлаа. Ер нь тавын даваанд тунасан улсын начин/гарьд болсон/ Б.Гончигдамба улсын начин Б.Пүрэвсүрэн, улсын начин Э.Энхбат, Ц.Одбаяр нарын барилдаанаас бусад нь худал, хуйвалдаан байлаа. Үүнийг гэрчлэх мэт зургаагийн даваанд Э.Энхбат-Ц.Одбаяр, Б.Гончигдамба-Б.Пүрэвсайхан  нар тунасан биз ээ. Бусад нь жүжиг байсан гэхэд төдийлөн ташаарахгүй болов уу.

Төгсгөлийн оронд…

Монгол бөхийг хөгжөөгүй гэж туйлшрахгүй. Харин ч жилдээ ганцхан зодоглодог байсан бол заалны барилдаан олширч, тэр тоолонгоор бөхчүүд ур чадвар, уран мэх сайжирч байгаа. Харамсалтай нь бөөн бульхай, худал, хуурмагаар төрийнхөө их наадамд барилдах болсонд нь ой гутаж байна. Жудаг ярьсаар байгаад завхруулж гүйцжээ. Тиймээс бас л баахан цолны найраа хийх боломжийг олгох хууль санаачлахын оронд ёс зүй, хариуцлага тооцсон, амжилтыг нь бодитоор үнэлэх тал дээр анхаарвал дээр байх. Улстөрчид ч өөгшүүлсэн аятай нутаг, нуга гэж найрааны начдаар фон хийх гэсэн жалга довны үзлээ орхи цаашаа. Тэд бол муу муухай, луйвраар сонгуульд ялаад сурчихсан улс. Магадгүй зарим нь найрааных нь мөнгийг ч гаргадаг биз. Их л ивээн тэтгэсэн хүмүүс дуулдах юм билээ. 

Үй олон наадамчдыг найраагаар, худлаар доромжилдог явдлыг зогсоосон жудгийн хэрэг байхгүй. Хуулиа, дүрмээ мөрдөхгүй бол эрхийг нь хасдаг, торгодог байя. Тэр цагт иргэдийн хүндлэл эрхгүй ирнэ. Мөнхбат, Баянмөнх, араас нь Бат-Эрдэнэ, Сүхбат гэсэн нэрийг бултаараа бэлэгдэн хүүдээ өгч байлаа. Одоо ийм нэр хамгийн түгээмэл нэрний жагсаалтанд дээгүүрт багтдаг. Тэд найраа, хуйвалдаан гээчийг мэдэхгүй, цэвэр ур чадвар, хурд хүчээр барилддаг байсан болохоор тэгэж хайр, хүндэтгэлийг олсон нь дамжиггүй.

Харин одоо олны хайр, хүндэтгэл рүү ус цацчихаад хүндлүүлэх гээд байгаа нөхдүүд бол горьд. Найраа, наймаагаа хавтгайруулчихаад юун сайхан монгол бөх, бөхийн жудгаа яриад байгаа юм бэ. Жудгаа хат. Ичих хэрэгтэй. Жудаг гэсэн жонхуурсан яриаг чөтгөр аваг.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж