Хотын захирагч өвлийн бэлтгэлтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Хотын захирагч өвлийн бэлтгэлтэй танилцлаа

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иар зочилж, ирэх өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг, тодруулбал, төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг ажээ. Өдгөө 81 жилийн настай энэ компани сүүлийн жилүүдэд баруунаас төвийг чиглэсэн их нүүдлийн улмаас ачааллаа дийлэхээ байсан талаар тус компанийн удирдлага, мэргэжилтнүүд Хотын даргад уламжилж байлаа. Харин энэ жил нийслэлийн цахилгаан дамжуулах станцуудад их болон урсгал засвар хийж, ирэх аравдугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг хангахын тулд цахилгаан муу дамжуулж буй шугам, трансформаторуудыг солих, дэд станцууд нэмж барих ажлыг эхлүүлэх юм байна.  

Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь энэ зун Улаанбаатар хотын  дулааны  сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх,  2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон өөрийн хөрөнгөөр 5,8 тэрбум төгрөгийн засварын ажил хийх гэнэ. Эдгээр ажил төлөвлөсөн хугацааны дагуу өрнөж байгаа ажээ.

Мөн энэ үеэр цахилгаан болон дулаан түгээх үйл ажиллагааны аюулгүй байдалд иргэд, аж ахуйн нэгжүүд хүндрэл учруулж буйг компанийн удирдлагууд хэлж байлаа. Тухайлбал, цахилгаан, дулааны шугам дээр барилга байгууламж ихээр барьж буй тул шугам сүлжээ тасарч, гэмтлээ гэхэд хурдан засварлах боломж тааруу, машин техник ойрхон хүрч очих боломжгүй болдог зэргээр хүндрэл гардаг байна. Мөн зөвшөөрөлгүй газар баригдсан барилга, байшинд цахилгаан, дулаан түгээдэггүйгээс үүдсэн асуудал, маргаан ихээр гардийг ч ярьсан юм.

Б.БИЛЭГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж