Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын Малын халдварт зоонозын мэргэжилтэн Я.Номхонтой ярилцлаа.
-Энэ жил малын халдварт өвчин их гарч байна гэж дуулдлаа. Аль аймагт их гарч байна вэ?
-Мал эмнэлэг, үржлийн газраас малын 24-25 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүгээр жилдээ давхардсан тоогоор 48-50 сая малыг хамруулдаг юм. Энэ жилийн хувьд галзуу өвчнөөр гэхэд улсын хэмжээнд 18 аймгийн 100 гаруй суманд мал өвчилсөн тохиолдол гарлаа. Ялангуяа Хэнтий аймагт энэ жил галзуу өвчин их гарсан. Дотрын халдварт хордлого өвчнөөр гэхэд Архангай аймагт 5000 орчим мал өвчилсөн. Сүхбаатар аймагт булчин цайх өвчин гарлаа. Богино хугацаанд энэ өвчнийг оношилж, тархалтыг зогсоож эмчилсэн. Булган, Төв аймаг, Архангай аймгуудад хонинд дотрын халдварт хордлогын өвчин гарсан. Баян-Өлгий, Архангай аймагт үхрийн цусан халдварт өвчин мэр сэр гарсан. Он гараад үхрийн хорт салст халуурал гоц халдварт өвчин гарсан. Энэ гоц халдварт өвчин жилдээ ганц, хоёр л гардаг бол одоо манайд оношлогдон гараад байна. Одоогоор уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу хот, айл өрхөд хорио цээр тогтоох, үхрийг устгах хүртэл арга хэмжээ авч байна. Ер нь малын халдварт өвчин их гарч байгаа.
-Ховор тохиолддог гэх үхрийн хорт салст халуурал гоц халдварт өвчин хэрхэн халдварладаг юм бэ?
-Энэ нь үхрээс үхэрт халддаггүй. Үхрээс хонь, ямаа зэрэг өөр малд халдаад, тэндээсээ буцаад үхэрт халддаг. Энэ жил Төв аймгийн хоёр сум, Орхон, Дархан-Уул аймаг, Говь-Алтай, Дорнод гээд нийт зургаан тохиолдол бүртгэгдээд байна. Өвдсөн үхэр үхэхээс өөр замгүй. Дэлхий нийтийн хэмжээнд энэ өвчний эсрэг тариа, бэлдмэл байдаггүй.
-Галзуу өвчин их гарч байгаа гэж байна. Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх арга хэмжээ авч байна вэ?
-Галзуу бол мал, амьтны аль болох толгой, хошуун хэсэгт шарх гарахаар түүнээс дамждаг өвчин. Тэгэхээр мал өөрөө байгалиас галзуу өвчин авахгүй. Галзуу өвчнөөс сэргийлэх хоёр төрлийн вакцин байдаг. Гэхдээ галзуугийн эсрэг вакцинжуулалтыг малдаа хийсэн ч зэрлэг ан амьтанд их гарч, малд халдварладаг өвчин шүү дээ. Тиймээс малд тараагаад байгаа зэрлэг амьтдын галзуугийн вирусыг устгахад маш хэцүү. Ганц өгөөш вакцин хийх арга байдаг ч Монголын хувьд задгай өргөн уудам нутаг учраас хэцүү л дээ. Галзуурсан мал хэсэг хуцгацааны дараа үхдэг. Он гараад 14 аймгийн 50 гаруй сумандгалзуу өвчний 110 тохиолдол гарсан байна. Мал зэрлэг амьтанд хазуулаад галзуу туслаа гэхэд тэр хазуулсан хэсэгтээ цус их гаргавал вирус нь урсаад явчихдаг. Зүгээр зураад л үлдсэн байвал вирус нь тэндээ шингээд л халдвар авдаг. Тиймээс зэрлэг амьтанд мал хазууллаа гэхэд 45 хоног ажиглаж байгаад галзуурахгүй бол хорио цээр сахиулаад тусгаарлаж, эмчилнэ. Гэхдээ ер нь ихэнх тохиолдолд галзуу туссан л бол устгахаас өөр арга байхгүй л дээ.
-Ер нь малын халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх тарилгыг хэзээгээр хийдэг вэ?
-Жишээ нь шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин хавар, намар хоёр удаа хийдэг. Бруцеллоз өвчний эсрэг вакциныг намар хийдэг. Бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг гаралтаас нь шалтгаалаад 4-7 дугаар сарын хооронд хийдэг юм. Ингэхээр өвөл ер нь хийдэггүй. Вакцин хөлдөнө, малын тарга хүчтэй ч холбоотой.
-Халдварт өвчин нэгээс нөгөөд дамжина. Тэгэхээр анхны эх үүсвэр нь юу байдаг юм бол?
-Халдварт өвчин үүсгэгч нян, бактери байгалийн голомтод байсаар ирсэн. Жишээ нь, араатан амтан, чоно, үнэгний шүлсний булчирхай нь галзуугийн вирусыг байнга тээж байдаг. Тэгээд л малын бие сулрах, дархлаа нь муудахаар гадны вируст өртөмтгий болдог. Ингээд л халдварт өвчинд нэрвэгддэг.
-Вакцинжуулалт хийгээд л байдаг. Өвчнийг яагаад бүрэн дарж чадахгүй байна вэ?
-Одоо ерөнхийдөө вакцинжуулалтыг энд урьд нь өвчин гарч байсан гэдгээр нь захиалж вакцинжуулалт хийдэг. Бүх малыг хамруулж чадахгүйд асуудлын гол нь оршиж байгаа юм. Жишээ нь, дотрын халдварт хордлогоор гэхэд одоо улсын хэмжээнд бүх малын 40-өөд хувийг вакцинд нь хамруулж чадсан байна. Ингээд улсын төсөв хангалтгүй учраас орхигдоод байгаа юм. Ер нь вакцин малд үр дүнгээ өгдөг. Гэвч хүртээмж муу.Тиймээс мал сүргийг бүрэн вакцинжуулах хэрэгтэй.
-Халдварт өвчин тусаад бүрэн эдгэрсэн малын мах, сүүг хүнсэнд хэрэглэх тохиолдол бий юу?
-Малын биеэс вирусыг устгасан, эрүүл болгосон бол тухайн өвчний шинж чанар, онцлогоос нь шалтгаалаад хэрэглэж болдог. Жишээ нь, бруцеллозтой малын махыг тодорхой хугацаанд тодорхой хяналтын дор ариун цэврийн шаардлага хангасан бол хэрэглэдэг. Шүлхий өвчин гэхэд мөн л тодорхой хяналтын дор ариутгаад хэрэглээд л ирсэн. Харин вирус тээж байгаа малын махыг мэдээж хэрэглүүлэхгүй.