
Монголын зүүний хүчний холбооноос санаачлан ОХУ, БНСУ, БНХАУ болон Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран Хөвсгөл далайн гүнийг цэвэрлэхээр өнөөдөр Улаанбаатараас хөдөллөө. “Цэнгэг далай, Цэнхэр дэлхий” уриан дор нэгдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 18-21-нд Хөвсгөл далайд ажиллаж, далайн гүнд байгаа живсэн онгоц, машин, бусад хог хаягдлыг цэвэрлэх гэнэ. Тэд Хөвсгөл далайн гүний хэмжээ ойролцоогоор 260 метр хэмээн тооцсоноос гадна 1960-аад оноос өнөөдрийг хүртэл олон тооны машин, усан онгоц далайд осолдсон, одоогоор 46 ширхэг усан онгоц, автомашины сэг далайн гүнд байгаа гэж тооцжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийн 60-70 хувь нь түлштэйгээ живсэн гэсэн судалгаа мөн хийсэн байна. Тиймээс БНСУ-ын дөрвөн шумбагч далайн гүнд шумбаж, эхний ээлжинд Сантын ам хэмээх газраас 10 тонн бүхий ачааны тээврийн хэрэгслийг гүнээс татаж гаргахаар төлөвлөжээ. Энэ ажилд 2-3 тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэ бол их ажлын дөнгөж эхлэл гэдгийг Монголын зүүний хүчний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаяр онцлов.
Хөвсгөл далай дэлхийн цэвэр усны дөрвөн хувь, Монголын цэвэр усны нөөцийн 65 хувийг дангаараа хангадаг аж. Хөвсгөл далай нь хоёр сая жилийн түүхтэй дэлхийн 17 нуурын нэг бөгөөд 966 гол мөрөн нийлж, цутгадаг бол ганцхан Эгийн гол л Хөвсгөл далайгаас эх авч, урсдаг ажээ.
Э.ТЭКҮ