Дугаарын хязгаарлалтыг түр цуцлаач

Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтыг түр цуцлаач

Хэдхэн цагийн дотор Сүхбаатарын талбайг Чингисийнх болгох чадвартай НИТХ, Засаг дарга минь уу. Нэр ус солих их ажлынхаа хажуугаар иргэдэд тус болчих, нэн шаардлагатай ганц шийдвэр гаргачих боломж байдаг болов уу. Найр наадам, зуны дэлгэр цагт хотын ихэнх машин хөдөө орон нутгууд руу гарч, хотын хөдөлгөөн багасдаг энэ хэсэг хугацаанд өнөөх автомашиныхаа дугаарын хязгаарлалтыг түр цуцлах боломж байхгүй гэж үү.
Өмнө нь энэ талаар бичиж, хэлж, иргэд цахим сүлжээгээр санал болгож байсан ч шийдвэр гаргагчид ямар ч хариу үйлдэл гаргасангүй. Угаас урин дулаан цагт хөдөө орон нутгуудаар УБ, УН дугаартай автомашинууд хөлхөлддөг. Энэ хэрээр хотын замын ачаалал ч багасдаг нь үнэн. Хэрэв ачаалал буурсан бол хязгаарлалтаа бууруулж яагаад болохгүй гэж. Ядаж наймдугаар сарын 15 хүртэл “дугаарын хязгаарлалтын журам”-аа түр цуцалчихад буруу шийдвэр гээд эсэргүүцэх хүн гарахгүй.

Харин зуслангаас ажилдаа ирж очих автобусандаа хүрэх гэж хэдэн буудал явдаг олон хүн талархана. Өнөөдөр олон олон хүнд ажлын таван өдрийн аль нэг нь бэрхшээлийн өдөр болоод буй нь үнэн. Ачааллаа дийлэхээ больсон үед дугаарын хязгаарлалт тодорхой үр дүнгээ өгсөн гэдэг нь судалгаанаас ч харагддаг. Гэхдээ баталсан журамдаа багахан өөрчлөлт хийчихэд эсэргүүцэхээс илүү талархах нь олон байх биз. Үгүй бол хотын төвийн хязгаарлалтын бүсээ багасгаж, төв рүү ойртох боломж олгох, холоос машинтайгаа ирж аюулгүй зогсоолд тавьчихаад “түгжрэлийн бүс” рүү нь нийтийн унаагаар үйлчлүүлэх боломж олгох гээд хувилбарууд олон бий. Үгүй ядахдаа, долоо хоногт нэг удаа биш, 14 хоногт нэг удаа хязгаарлах гээд боломжууд ч байна.

Дугаарын хязгаарлалт нь жирэмсэн, бага насны хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй олон айлд долоо хоногт нэг удаа асуудал болдог нь үнэн.

Одоо үйлчилж буй журмаар машин бүр долоо хоногийн нэг өдөрт, өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй. Гэтэл онлайн ертөнцөд сүүлийн үед нэгэн асуулга нэлээд дэмжлэг цуглуулах болсон нь дугаарын хязгаарлалтын цагийг өөрчлөх тухай. Харин энэхүү зохицуулалтын цагийг 08 цагаас оройн 21 цаг болгох санаачилга цахим орон зайд хүчээ авч эхэлжээ. Өнгөрөгч сар шинийн баярын өмнө Замын цагдаагийн газраас амралтын өдрүүдэд тэгш сондгой, тоотойгоор нь дугаарын хязгаарлалт хийсэн. Гол нь энэ хязгаарлалт нь тухайн өдрийн 10-20 цагийн хооронд мөрдөгдсөн. Тухайн өдрүүдэд хэдийгээр дугаарын хязгаарлалттай ч цагийн хувьд ийнхүү уян хатан болгосон нь жолоочдод бараг дарамт болоогүйг хэлцгээж байв. Сүүлд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдааны үеэр тэгш сондгойгоор нь хязгаарлахдаа цагийг мөн л оройн 21.00 цаг хүртэл гэж тогтоосон нь урд гаргасан журмын 22.00 цаг гэдэг арай л “хатуурхсан” гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
 
Ядаж өглөөний найман цаг болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болчихвол хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, ажил дээрээ эртхэн очих гээд олон хүнд тустай л байхсан.

Жирэмсэн, бага насны хүүхэдтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгч хайрладаг ёс хүртэл бий. Ядаж тэднийг бодоод журмаа эргэн хараач. Айл болгонд хоёр машин авчих чадал байхгүй л байна шүү.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж