Хуучирсан мэдээ: 2013.07.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойн баяжмал экспортод гарч эхлэв. 2013 оны долдугаар сарын 9-ны билэгт сайн өдөр тус бүр нь 36 тонн баяжмал ачсан 16 машиныг Оюутолгойн ууурхайгаас  Гашуунсухайтын боомт руу илгээлээ. Ийнхүү ачилт албан ёсоор эхэлснээр дэлхийн гурав дахь том зэсийн уурхай Монголд нээгдсэнийг дэлхийн өнцөг булан бүрт мэдээлж байна.  Хамгийн анхны 576 тонн баяжмал дэлхийн зах зээлийг зорьсон нь  цаашид гаргах сая сая тонн баяжмалын эхний дусал төдий хэсэг. Цаашдаа манай улсын эдийн засагт эргэлт авчраад  зогсохгүй  эгэл иргэдийн амьдралд ч өөрчлөлт, шинэчлэлийг дагуулах нь дамжиггүй. Оюутолгойн орд газрын баялаг олон мянган жилийн турш газрын хэвлийд нуугдан байсан. Эцэг өвгөд хэзээ нээхийг нь мэдэхгүй ч халуун амь, бүлээн цусаа урсган хадгалж ирсэн их өвийг энэ цаг үед, өдгөө бидний амьдран буй орчилд нээн ашиглаж эхэлсэн нь та бидний хувьд амны хишиг гэлтэй.  Энэ их баялгийг өдгөөд нээхгүй байж болох байсан. Бүүр өмнө, эсвэл хожим үүцээ нээсэн бол та бидний хүртэх хувь хишиг ямархан байсныг таашгүй. Оюутолгойн баялаг хилийн чанадыг зорих торгон мөчтэй зэрэгцэн Монголын хүн ам 2.9 саяд хүрлээ. Оюутолгойн уурхайн олборлолт нэмэгдэхийн хэрээр монголчуудын бүл өнөр өтгөн болохын бэлгэдэл байхыг үгүйсгэхгүй.

Оюутолгойн баяжмалыг дээжлэн илгээсэн тэр өдөр Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Оюутолгойн хувьд энэ бол урт, удаан аялал байлаа. Анхны нээлт хийсэн мөчөөс бараг 12 жил өнгөрлөө. Энэ нь удаан санагдах боловч бидний төсөөлж буй 50 гаруй жилийн ашиглалтын хугацааны багахан л хэсэг юм. Энд цугларсан та бид энэ хугацаанд гарах сорилт, тулгарах бэрхшээлүүдийг хамт даван туулахын төлөө эрч хүчтэй ажиллах хэрэгтэй юм. Бид өөрсдийнхөө төлөө биш, бидний хойч үе, үр хүүхдийнхөө төлөө энэ хөрөнгө оруулалтаа хийж байгаа нь ойлгомжтой” хэмээн өгүүлсэн нь ч байгалийн баялгийг зөвхөн нэг үеийнхэн хүртээд үлдэх бус ирээдүй хойч үеийнхэнтэйгээ хуваалцах учиртайг сануулах мэт. Ямартай ч Монголын баялаг дэлхийн зах зээлд гарлаа. Одоо харин биднээс үл шалтгалаах алт, зэсийн үнэ ханшид сэтгэл чилээж суухын оронд биднээс, тухайлбал эрх баригчдаас шалтгаалах зарим нэг зүйлсийн талаар эргэцүүлэх нь зөв болов уу. Саяхан нэгэн өдөр тутмын сонин дээр өвөрлөгч хошууны нэгэн эгэл малчин “Ар монголчууд угаас амархан уйдаж, амласнаасаа буцдаг, хэзээний л хувирамтгай зантай хүмүүс” хэмээн өгүүлснийг уншаад ихэд эвгүйцсэнээ нуух юун. Элэг нэгтэн хэлсэндээ л эмзэг тусаад байгаа болохоос уг нь үнэн үг ажээ. Үүнийг гадаадын улс орнуудтай хийсэн томоохон хэмжээний гэрээ, хэлэлцээрээс харж болно. Үүний хамгийн ойрын бөгөөд хамгийн сонгодог жишээ бол Чалкогийн гэрээ юм. Анх үзэглэхдээ л бүх булхайгаа мэдсээр байж үзэглэсэн эл гэрээнээс хожсон нь үгүй. Сар тутам авсан 21 мянган төгрөгийн өртөг хаана ч шингэсэнгүй. Харин ч уг гэрээнээс болж хятадуудад баахан шантаажлуулав. Цаашдаа ч манай нүүрсийг тэд урин дуудаж бус гэдийж, хямсайж авах янзтай. Ийм байтал бид дотооддоо зардлаа бууруулах тухай бодох ч үгүй өнөөг хүрэв. Хилээс арав гаруйхан км-ийн зайнаас нүүрсээ тээхийн тулд Австралиас Хятадыг зорих хэмжээний зардал гаргасаар сууна. Яг ийм харалган шийдэл Оюутолгойд бүү буугаасай гэсэндээ нүүрсний салбар руу хальтрав.

Оюутолгойн баялаг хэдэн жилийн настай вэ. Баяжмалаа экспортолсон тэр өдөр дахиад 50 гаруй жил ашиглана гэсэн амлалт Оюутолгойнхны амнаас гарсан. Дэлхийд дээгүүрт тооцогдох уурхайн хувьд урт биш хугацаа. Гэхдээ бараг л нэгэн жарны турш баталгаатай ажиллаж чадвал чамлахааргүй өгөөжийг монголчуудад өгөх нь гарцаагүй. Харин Бороогоулдын  15 жилийн гэрээ хийгээд таван жилд нь өдөр шөнөгүй зөөсөөр дуусгасан түүх давтагдвал  бид өнгө зассан хиймэл уулстай  л үлдэнэ.

Эрдэнэт бол уурхай түшсэн  суурин газрын нэг. Гэвч  өнөөдөр манай улсын урдаа барьдаг хот болсон. Яг үүнтэй адил сайхан хот Ханбогдод сүндэрлэнэ гэж хүмүүс хүлээж байв. Нийслэл болоод аймгийн төвтэйгээ бүхий л төрлийн замаар холбогдсон, дэд бүтцийг нь шийдсэн  орчин үеийн шинэ хоттой болно гэсэн мөрөөдөл маань мөрөөдөл чигээрээ үлдэх нь бололтой. Хаанаас хэн гаргасан нь үл мэдэгдэх “Уурхай дагасан суурин урт насгүй” гэсэн онолыг Оюутолгойнхон хэлэх юм билээ. Үүний жишээнд Налайхыг бас хавчуулна лээ. Гэтэл Ханбогдоос холгүйхэн орших Цогтцэцийд нийслэлд байхгүй таван одтой зочид буудал сүндэрлэв. Сумын төвд гоёдсон сүлжээ ресторан нээгдэв. Тэр бүхнийг үндэсний үйлдвэрлэгчид босгосон. Цэцийнхэн тог цахилгаан тасалддаг цаг үеийн үлгэр мэт санаж байхад Ханбогдчууд хязгаарлагдмал хугацаанд гэрэл цахилгаан ашигласан хэвээр байна.Гэтэл хоёр уурхайн хүчин чадал, нөөц баялгийг хооронд нь харьцуулшгүй. Гэвч галт тэрэг дөнгөж л хөдөлж байна. Цааш хурдлан давхихдаа юу эсийг бүтээж, юу эсийг Монгол Улсад, монголчууд бидэнд үлдээхийг бид таашгүй. Та бидний амны хишиг мэдэх буй за.


М.СУРА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж