
Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус улсын шоронгуудад хуягууд нь хоригдлуудтай ёс бус харьцдаг, тамлан зовоодог талаар ОХУ-ын хэвлэлүүд онцолж эхэлсэн. Тодруулбал, олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын нэг “Amnesty International” Казахстаны шоронгийн үйл ажиллагааг шүүмжилсэн. Улмаар хууль хяналтынхныг энэ тал дээр зохих ёстой арга хэмжээг авч, хоригдлуудын эрхийг хамгаалахыг уриалсан аж.
“Риа Новости” агентлагийн мэдээлж буйгаар тус улсад хүний эрхийг голчлон байцаалтын үеэр зөрчдөг гэдгийг тодотгожээ. Хүний эрхийг хамгаалах дээрх байгууллагын цахим хуудаснаа “Бүх зүйл яг л хуучин хэвээрээ. Кузахстан улс дахь шат дараалсан тамлалт болон бусад хүчэрхийлэх хэлбэрүүд” гэсэн гарчигтай томоохон асуудал хөндсөн нийтлэл ийнхүү шуугиан тариад байна.
Дээрх нийтлэл гарсан даруй тус улсыг НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүн болгох асуудлыг 10 жилээр хойшлуулах талаар ярьж эхэлсэн аж. Энэ байдал ч тус улсын нэр хүндийг унагаж эхэлсэн гэдгийг ажиглагчид онцолсон. Дээрх нийтлэл бодит жишээнээс сэдэвлэсэн гэдгийг зохиогч нь талуудад анхааруулсан байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Жанаозен хотод болсон олон нийтийн үймээний үеэр томоохон баривчилгаа болжээ. Мэдээж нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэсэн, ард олны сэтгэл зүйд сөрөгөөр нөлөөлсөн гэх мэт олон үндэслэлээр жагсагчид хүчнийхэнд баривчлагдсан байна. Тэдгээрээс 15 нь шоронгийн болон хүчнийхэний гарт байцаалтын үед амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ байдлыг хохирогчийн өмгөөлөгч олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnesty International”-д мэдэгдэж ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.
Энэ бүхнийг зүгээр хараад сууж байгаа тус улсын Засгийн газар, эрх баригчдыг дээрх байгууллага буруутгаж, шүүмж-лэх болов. Хууль хяналтын байдал нь ийм байхад НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөл хэрхэн гишүүнээр элсүү-лэх билээ. Хамгийн хачирхалтай нь Жанаозенд болсон үймээний үеэр иргэд рүү гал нээхийг зөвшөөрсөн дээд албан тушаалтнууд ямар ч ялгүй үлдсэн нь өнөөдрийн ийм байдлыг үүсгэсэн гэхэд хилсдэхгүй.
Ер нь тус улсын шоронгийн байдал хуучин ЗХУ-ын үеийн шороноос ялгараад байх зүйлгүй. Он удаан жил хоригдож байгаа олон хоригдолтой, ялтнуудыг ялыг нь эдлүүлэх орчин тааруу, харгалзагчид нь ч хууль бус олон үйл ажиллагаа явуулдаг гэлтэй мэр сэр гомдол ирдэг талаар “BBC” агентлагийн судлаачид мэдээлсэн удаа бий. Гол асуудал харгалзагчид байгаа юм биш. Тус улсын хууль хяналтын байгууллага, хуулийн тогтолцоог өөрчлөх цаг ирсэн гэдгийг бусад орны хүний эрхийг байгууллага, хуулийн салбарынхан үздэг.
Шоронгийн дарга нарын талаар ч бас бус гомдлууд байдаг тухай зарим эх сурвалж мэдээлдэг. Хамгийн сүүлд гэхэд тус улын Караган мужийн нэгэн оршин суугч шоронд ял эдэлж байсан найздаа хар тамхи дамжуулах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. Найздаа хар тамхи илгээх арга нь тун хачирхалтай. Хар тамхиа усанд уусган улмаар дотуур өмдөнд шингээн хатаагаад илгээх гэж байжээ. Үүнийг шоронгийн нохой илрүүлсэн аж. Энэ бол зүгээр энгийн арга гэдгийг харгалзагчид онцолж байсан аж. Мөн шүдний оо, самны бариул гээд л олон арга замаар хар тамхи шоронд одоо ч гэсэн нэвтэрдэг талаар зарим эх сурвалж хууль хяналтынханд хэлсэн боловч эргээд өөрсдөө асуудалд “унадаг” гэдгийг сайн ойлгожээ.
Шоронгийн дарга нар ч хууль хяналтынхныг төдийлөн буруутгаад байдаггүй, чимээгүйхэн өнгөрүүдэг аж. Хоёр жилд нэг удаа шоронгийн засварын ажил хийвэл хийнэ. Ерөнхийдөө хоригдлуудаар хар бор ажилд дайчилдаг. Гэхдээ энэ байдал дэлхийн цөөхөн шоронд ажиглагддаг. Ялаа эдэлж байгаа хойно хүний эрх гэсэн ойлголт тэдэнд хамаагүй гэж үздэг ч шоронгийн дарга нар байдаг гэдгийг олон улсын хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага үздэг байна.
Ямартай ч зөвхөн шорон гэлтгүй зарим нэг хууль хяналтын байгууллага, хүчний байгууллагад хүний эрхийг үе, үе зөрчдөг гэдгийг эх сурвалжууд баталжээ.
Эх сурвалж: www.ipost.mn