
Тоглолтын гуравдугаар үе дуусахад тооны харьцаа 65:66 болсон байв. Үүнээс тус тоглолт хэр өрсөлдөөнтэй болсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Тоглолтын эхнээс харилцан довтолгоонуудаа амжилттай болгож байсан бөгөөд “Мемфис”, “Сан-Антонио”-г эвгүй байдалд оруулж байлаа. Харин талбайн эздийн бүрэлдэхүүнд Ману Жинобили байснаар багтаа хожил авчирсан юм. Гэмтлийн улмаас эхний тоглолтыг өнжсөн Аргентин хамгаалагч зүүн тохойндоо хамгаалалттай гарч ирэн тоглолтын эхнээс л талбайд гарсан юм. Тэрбээр талбайд 33 минутыг өнгөрүүлэхдээ 17 оноо, долоон удаагийн самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалтыг багийнхандаа өгч, энэ жилийн плей-оффт багийнхаа байгуулсан эхний хожилд том тус хүргэсэн. Хэдийгээр түүний үзүүлсэн статистик төдийлөн их мэт биш боловч хашир туршлагатай Ману эгзэгтэй, хэрэгтэй мөчид багтаа хэрэгтэй оноо, дамжуулалтууд өгч байсан билээ. Тим Данкан 16 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийн жигд тоглолтоо гаргасан бол Паркер 12, Жефферсон 16, сэлгээнээс Жорж Хилл 16 оноо авч, жигд тоглолт үзүүлсэн байна.
Залуу “Гриззлис”-ийн гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноо аван жигд тоглолт үзүүлсэн ч тэдэнд багийн лидер болчих тоглогч энэ тоглолтод олдсонгүй. Нэг тоглогч нь л 20-иос дээш оноо авахад хожил зочдын талд очих өндөр магадлалтай байсан юм.
Долоон тоглолтод шийдэгдэж болох цувралын гурав дахь тоглолт Мемфис хотноо болно.