Зиммермэнийг эсэргүүцэн жагссаар байна

Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Зиммермэнийг эсэргүүцэн жагссаар байна

Трэйвон Мартин гэгч 17 настай хүүг арьс өнгөөр ялгаварлан буудан хөнөөсөн хэмээн буруутгагдаад байсан 29 настай Жорж Зиммермэний хэргийг Флоридагийн шүүхээс цагаатгасаныг олон нийтэд мэдэгдсэн. Харин шүүхийн дээрх шийдвэрийг эрс эсэргүүцсэн иргэдийн жагсаал Америкт хаа сайгүй гарч байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Эдгээр жагсаалуудаас Нью-Йорк хотод зохион байгуулагдсан нь хамгийн олон хүнийг хамарсан гэнэ.

Зиммермэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Барак Обама иргэдээ тайван байхыг уриалж, хууль ёс, шударга шүүхдээ итгэх хэрэгтэйг онцлон тэмдэглээд байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ор тас яригдахаа байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээрх хэргээс болж дахин сэдрээд байгаа юм.

Нью-Йорк хотод болж байгаатай адилхан олныг хамарсан жагсаал цуглаанууд Америкийн Чикаго, Бостон, Атланта, Вашингтон, Сан-Франциско, Филадельфи хотуудад мөн үргэлжилж буйг эх сурвалжууд онцолсоор байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж