Хуучирсан мэдээ: 2013.07.15-нд нийтлэгдсэн

Зохиолч , яруу найрагч Боржигон-Тугчовогт Пүрэвийн Бөхбат

(1963-2013)

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Пүрэвийн Бөхбат 2013 оны долдугаар сарын 8-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.

П.Бөхбат 1963 онд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1971-1981 онуудад Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургууль, 1981-1984 онуудад ЗХУ-ын Краснодар хотын нисэхийн сургууль, 1985-1989 онд УБДС-ийн монгол хэл утга зохиолын ангид тус суралцаж төгссөн.

 Ажил хөдөлмөрийн гараагаа Хэнтий аймгаас эхэлж, 1989-1990 онд Хэрлэн сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 1992-1994 онд Монголын Радиод сурвалжлагч, 1994-2012 онд чөлөөт уран бүтээлч, 2012 оноос МҮОНР-ийн Дорноговь, Говьсүмбэр аймаг хариуцсан сурвалжлагчаар ажиллаж байлаа.

П.Бөхбат ардчилал, шударга ёсны төлөө тэмцэгч байв. 1989 онд УБДС-ийн тэргүүний үзэлтэй оюутан нөхдийн хамт энэхүү тэмцлээ эхлүүлсэн юм. Улмаар 1990 онд МоАХ- ны салбарыг Хэнтий аймагт байгуулалцаж ардчиллын салхийг орон нутагт түүчээлэн хүргэж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэн ардчиллын галыг асаахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр МоАХ-ны Анхдугаар Их хуралд Хэнтий аймгаа төлөөлөн оролцож байлаа.

П.Бөхбат Монголын утга зохиолын их ай савд өөрийн тод мөрийг үлдээж чадсан нэрт шүлэгч, авъяаслаг сэтгүүлч байсан юм. Тэрээр яруу найраг, өгүүллэг, туужийн “Санахын огторгуй”, “Зуны амраг”, “Таван зүг”, “Үйлийн үрийн цоорхой”, “Борооны тарни ” зэрэг ном туурвижээ. Дүрслэл, сэтгэлгээ, утгын гүн нарийвчлал, эгшиглэнт хөг аялгуугаар гойд ялгарах яруу найргийн бүтээлүүдээрээ 2010 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн.

Түүний гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Эрх чөлөөний ”одон, “Ардчилсан хувьсгалын 20 жил”-ийн ойн медаль, “МЗЭ-ийн шагнал”, салбарын бусад ойн медалиар шагнажээ. Бидний журмын нөхөр, үзэг нэгт садан П.Бөхбатын гэгээн дүр, авъяас билиг, гэгээлэг сайхан сэтгэл, шударга үнэнч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан байх болтугай.

Монголын Зохиолчдын Эвлэл
“ЦОГ” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонин
Үзэг нэгт нөхдөөс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж