
Жилд улсын төсөвт дунджаар 19 тэрбум төгрөгийн гаалийн татварын орлогыг бүрдүүлж, ажлын үзүүлэлтээрээ системийн хэмжээнд эхний байруудад тогтмол шалгардаг Дарханы гаалийнхан цаашид ажлын амжилтын хажуугаар "Архигүй хамт олон” болохоор ийнхүү бусдыгаа манлайлан ажиллаж эхэллээ.
Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Архигүй хамт олон” уриалгыг гарган архидалтын эсрэг сүлжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг нэгдэхийг уриалаж байна.
Монголын ард түмэн эрт үеэс архийг идээний дээж хэмээн хүндэтгэж ирсэн боловч хүн бүр, ялангуяа өсвөр залуусыг хэрэглэхийг цээрлэж, цэвэр ариун ёс суртахуунаар үлгэр дууриалал болж ирсэн уламжлалтай. Иймээс ч "Дөч хүрээд дөнгөж амс. Тавь хүрээд тамшааж амс. Жар хүрээд жаргаж уу” гэсэн сургаал үг байдаг билээ. Эзэн Богд Чингис хаан "Эзэн хаан архинд автвал төр бүрнээ алдмой. Сайд түшмэл архинд автвал засаг дүрэм саармой” гэж сургаж байсан уламжлал, ёс заншил бүрнээ алдагдаж байгаад эмзэглэхгүй байхын аргагүй билээ.
Согтуурал, архидалт газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих, ноцтой гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэл гаргах, эрүүл мэндээр хохирох, ёс зүйн доройтолд орох аюул нүүрлэж, цаашлаад мансууруулах төрөл бүрийн эм, бодис, уусмалыг хэрэглэх үйлдэл элбэгшиж, нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, аймшигтай асуудал болоод байна.
Аймгийн хэмжээнд жилд гарч буй нийт гэмт хэргийн 34,6, авто ослын 14,2, хүн амины хэргийн 75,0 хувь нь архинаас үүдэлтэй байна. Гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл нь болж нийгмийг доройтуулж, хөгжилд асар их саад тотгор, хор нөлөөг үзүүлж байна.
Та бид амь нас, эрүүл мэнд, удмын сан, ажил алба, аз жаргалтай амьдрал, гэр бүлийн гал голомт, нандин холбоо, үнэт зүйлсийг алдагдуулж, аав ээжийнхээ энэрэл хайранд умбах алаг үрсийнхээ баяр баясгаланг тахал болсон сайныг биш саарыг дагуулагч "Архи” хэмээх гашуун ундаагаар сольж сэтгэлийн айдас, гунигийн нулимсыг урсгах эрх байгаа гэж үү.
Согтууруулах ундаанаас хамааралтай хүний тоо өсөн нэмэгдэж улмаар улс орон, орон нутгийн хөгжил дэвшлээс хоцроох, амьдрал ахуйг доройтуулж, ёс суртахуунаар унагах зохисгүй үзэгдэл нь Үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд анхаарууштай, сэтгэл зовоосон хурц асуудал болж байгаад хэн ч чих дөжирч, нүд дасан суух ёсгүй билээ.
Бид бүхэн эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж архидалттай хүчээ нэгтгэн нэгдмэл бодлого чиглэлтэй тэмцэж, нийгэм, хамт олны ёс суртахуун, сэтгэл зүй, амьдралын хэв маягийг өөрчилж "Архигүй хамт олон” болох нь нийгмийн ухамсарт үйл хэрэгт томоохон хувь нэмэр болох юм.
Бүх байгууллага, хамт олон аливаа тэмдэглэлт ой, баяр ёслол, уулзалт, үдэшлэгийг архигүйгээр тэмдэглэх шийдвэр гаргаж, хэвшүүлэх, архины эсрэг "Архигүй хамт олон” уриа бүхий аян өрнүүлж, бидэнтэй нэгдэж, хамтран ажиллахыг бүх шатны байгууллагад хандан уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ
2013.05.09