
Энэ жилийн хурдан морьдын уралдааны хувьд өмнөх жилүүдээс өвөрмөц содон амжилт, түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа. Тухайлбал энэ жилийн хурдан азарганы уралдаанд магнайдаа тоосгүй хурдалсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн алдарт “Улс” халзан азарга түрүүлж сүүлийн гурван жил дараалан төрийнхөө баяр наадамд түрүүлсэн. Мөн их насны морьдын уралдаанд өнгөрсөн жилийн түрүү магнай Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь түрүүлсэн бол айргийн дөрөвт хурдалсан Манлай уяач С.Ганхуягийн бор морь сүүлийн дөрвөн жил дараалан улсын наадмаас айраг хүртсэн юм. Ийнхүү олон сайхан хурдан буянуудаас онцгойлон шалгарч төрийнхөө наадамд айраг түрүү хүртсэн морьдоо харан баясаж, хурдан хүлгийн хөлс хүртэж, тоосонд орох гэсэн наадамчин олны сэтгэл өөдрөг байлаа.
Харин хурдан морьдын уралдааныг цэнхэр дэлгэцээрээ үзсэн наадамчдын хувьд сэтгэлийн цэнгэлгүй, тухгүй үзсэн гэхэд болно. Учир нь шууд дамжуулж байсан зарим телевизийн сэтгүүлч, тайлбарлагч нарын үгийн ур, мэдлэг дутмаг байснаас тэр. Тайлбарлагч нар нь морьдоо танихгүй, зүс мэдэхгүй байх нь элбэг байсан бөгөөд тэр ч бүү хэл хурдан морьдын уралдаанд хэрэглэгддэг эртний уламжлалт үг хэллэгийг буруу зөрүү хэлэх нь их байсан. Түүнээс гадна Хүй долоон худагт байрлаж байсан сэтгүүлчид айргийн таван морьдын хөлсөлгөөний хашаанаас уяачидтайгаа үзэгч түмнээ уулзуулахдаа ганц нэгхэн асуулт л асууж байсан нь инээд хүргэхээсээ бухимдал төрүүлж байлаа. Сэтгэл хөөрөлдөө хэт автсан тэд уралдаж орж ирсэн морьдыг бүчиж, эзэн, уяачаас нь “Хаанахын угшилтай вэ?”, “Таныг хэн гэдэг вэ?” гэхээс өөр зүйл асуусангүй. Баяр наадмын хурдан морины уралдааныг сурвалжилж, наадамчин олондоо хүргэж байгаа юм бол морьдынхоо зүсийг мэддэг, уяачдаа таньдаг, морьдоо бага сага мэддэг байх хэрэгтэй. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн өдөр хоногийг тоолон байж нааддаг ард түмний сэтгэлийн цэнгэл эдлэн наадахыг нь хааж, хальт мултхан хэдэн үгээр шууд дамжуулж байгаа гэдгээ аргацаадаг энэ мэт чадваргүй байдлыг болиулах хэрэгтэй болсон юм шиг санагдана. Тухайн жилийн наадам болохоос ядаад сарын өмнөөс зарим нэгнийг нь нэгдсэн сургалтанд хамруулж, баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс ядаад адууны зүс цээжлүүлэх ажлыг хиймээр аж. Тэгэхгүй бол тав тухаа бодоод гэртээ цэнхэр дэлгэцээрээ морины уралдаан үзэж суутал тайлбарлагч нь “азарган насны уралдаан”, “гарааны зурхайгаас хоржийлоо” гэх мэт тэс хөндлөн юм ярьсаар л байх бололтой. “Бүгдийг бус чухлыг” гэдэг шиг зарим нэгийг нь л хэлсэн гэдгийг ойлгоно биз ээ.
Т.ДҮҮЖИН